Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ

2015 оны 11 сарын 3

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна.  Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг тодорхой болгох, цалин урамшуулал, нийгмийн хамгаалалыг зохицуулсан нэгдсэн журмын төслийг боловсруулжээ. Энэхүү журам нь  төр засгийн бодлого шийдвэрийг айл өрх, иргэн бүрт шуурхай хүргэж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэл, дүүрэг, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хэсгийн ахлагчийн гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлон тэдний ажлын үр дүнг дээшлүүлэх зорилготой гэж үзэж байна. Мөн хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үндсэн чиг үүргийг журмаар тодорхой болгожээ. Түүнчлэн хэсгийн ахлагчаар ажиллах иргэнд тавигдах шаардлага, хэсгийн ахлагчийг сонгон шалгаруулах, нэг хэсгийн ахлагчийн хариуцан ажиллах өрхийн тоо, үйл ажиллагааны ерөнхий зарчим зэргийг нарийвчлан тусгаснаас гадна хэсгийн ахлагч нарын ажлыг дүгнэх аргачлал, урамшууллыг тодорхой зааж өгсөн байна. НИТХ-аас энэхүү журмыг баталснаар хэсгийн ахлагч нар хорооны гэрээт ажилтан байж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх цалинтай болов. Журам энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна