Энэтхэг Балбын хил дээр үймээн дэгджээ

2015 оны 11 сарын 3

 

Энэтхэг Балбын хил дээр олон хоног үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалыг албадан тараах үеэр хүний амь үрэгдэж, үймээн дэгджээ. Балбын цагдаа олон зуун жагсагчдын эсрэг гал нээснээр Энэтхэгийн нэг эрэгтэй амь үрэгдсэн аж. Эх сурвалжийн мэдээлснээр толгойдоо шархатсан эрэгтэй эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Үймээний үеэр долоон хүн, есөн цагдаа гэмтэж бэртсэн байна.

 

Энэтхэгээс Балба руу бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөг хилийн нэвтрүүлэх хоёр гарцыг хаасан жагсаалын улмаас Катмандуд шатахууны хомсдол үүсэхэд хүрсэн билээ. Балбын засгийн газар Хятадаас 1.3 сая литр шатахуун авахаар болж хомсдолыг шийдвэрлээд буй. Балбын засгийн газрын өмнөд нутаг дахь шинэ бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцсэн хүмүүс өнгөрсөн наймдугаар сараас хойш жагсаал зохион байгуулж эхэлжээ.

 

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Энэтхэгийн талаас Балбын нутаг дэвсгэрт хүмүүс орж ирэн чулуу шидэх зэргээр үймээн самуун үүргэсэн гэнэ. Хилийн зурвасын цаана буюу Энэтхэгийн талд хоёр сарын турш  бараагаа Балба руу оруулж чадаагүй олон мянган тээврийн хэрэгслийн урт цуваа үүссэн байгаа аж. Хоёр орны хил дээр үүссэн зөрчилд Энэтхэгийн засгийн газар санаа зовниж буйгаа мэдээлжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна