Улс орноо бодоод улиглахаа больё

2015 оны 11 сарын 3

-Улаан туг залуучууд хоёр ихэр юм

Уралдаан ялалт хоёрын нөхөр юм гэх философиор хүмүүжин, түүний мөн чанарыг мах цусандаа шингэтэл ойлгосон нөхдүүд өнөө цагийн урстөрчдийн өнгө. Өнгөрсөн баларсан дууг өнөөдөр дуулахаа больсон ч уг үзэл санааг нь орчин үеийнхээ суурь зарчим руу орчуулан хөврүүлж Эрх мэдэл хэнд байна түүнийг мөнгө дагадаг гэдгийг тэд баримталдаг. Энд АН байна уу, МАН нь ч юм уу эсвэл МАХН, МҮАН уу, улаан, цэнхэр, ногоонтнуудын алинд ч ялгаагүй. Мөнгөтэй нь дуугаа захиалдаг болсон цагт өнөөдрийн үйл явдлын мөн чанар Монголд ашигтай гэхээсээ улстөрчдийн явцуу ашигт хөтлөгдөж байна. Өрнөн буй үйл явдал ч тийм сонирхолтой биш болоод иргэд залхаж байна. Улс орны эрх ашгийн төлөө гэж хэлээд хувийн бизнесээ өргөтгөдгөө болих цаг нь иржээ.

Өөр өөрсдийн байр суурь, эрх мэдэл, ашиг сонирхлыг хамгаалах л үйл явц өнөөдөр өрнөж байна. Өнөөгийн улс орны чухал асуудлууд бүгд үнэн хэрэгтэй зарим улстөрчдийн эрх ашгийн огтолцол дээр тулгуурлан болох бөгөөд буруу зөвөө хэн түрүүлж унаснаараа шийддэг  дундад зууны халз тулааны хуулиар шийдэж байна. Үүнийг би биш УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр нотолсон. “Баялгийг хэн барьж, эрх мэдэлд удаан суух асуудал дээр л тэмцэл болж байна” гэж тэр шуудхан хэллээ.

Үнэхээр түүний хэлсэн шиг хуваарилалтын асуудал гол сэдэв болоод байна. Үгийн эзэн ч үүнд хамаатай. Бүр гол дүрийдийн хэмжээнд ройльтой нэгэн.

Асуудлын гол нь УИХ-ын 40 гишүүн өргөн барьсан тогтоолын төсөл ч биш. Б.Батзаяагийн буруутай, буруугүйн тухай асуудал бүр ч биш. Харин Х.Баттулгын хэлээд буй “Төмөр замын бодлого батлагдаж эхэлснээс хойш төмөр замын нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулсаар өдийг хүрсэн. Үүнээс үүдэлтэй” гэдэгт бий.

Нарийн, бүдүүний замаар Монголын баялгийг зөөх гээд байгаа бүлэглэл нь өөрийнх нь ашиг сонирхолтой зөрчилдөөд буй бүлэглэл. Тэр бүхний цаана маш их хэмжээний мөнгө, авлигын асуудал байгаа. Яагаад чуулгандаа ч өдрийн од шиг харагддаг хүн гэнэт төсөл барив.

Ердөө нэгхэн албан тушаалтныг барьсны төлөө Засгийн газрын оршихуйн асуудал сөхөгдөж, намаас нам төрөн гарах хэмжээнд яригдах болов гэдэг хөшигний ард ямар том асуудал нуугдаж буйг гэрчилнэ.

Тиймээс л ганц албан тушаалтны хэрэг Засгийн хувь заяаг шийдэхдээ хүрч байна. Б.Батзаяагийн хэрэг бол Б.Батзаяагийн ч хэрэг биш. Түүнийг барина гэдэг өөр хүмүүсийн асуудлыг гаргахын дохио. Харин гаргуулахгүй байхын тулд илүү том хөзөр хэрэгтэй. Тэр нь Тавантолгойн төсөл, Засгийг барьцаалах. Аль алинд нь түц байхгүй ч бүгдээрээ өөр өөрсдийн хөзөртэй суугаа. Нэг мөр матаад аз, эзээ үзэх үү аль эсвэл тохиролцоод хэн хэн нь хохирол багатай үлдэх үү тухай л яриа бий.

Гэхдээ тэд дэндүү нийгмийн сэтгэл зүй, үнэлэмж, үнэт зүйлс, эдийн засгийн стратегийн мега төсөл гээд улс орны маш том эрх ашгаар өөрсдийн явцуу эрх ашгийг наймалдахаар явж байна.

Үнэхээр л ижил тэгш хууль Ардчилсан засгийн үед үйлчилж, эрх баригчид Монголын төлөө мөн л юм бол хөнжилдөө хөлөө жийлцэхээ болиод улс эх орныхоо төлөө зогсоочих хэрэгтэй.

Алтан загасны эмгэн шиг алтанд дурлаж байж дахиад гудамжиндаа гарах тавилан ирэх вий.

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна