БНХАУ-аас зээл авч зам барина

2015 оны 11 сарын 3

Даваа гариг бүрт Засгийн газар хуралддаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Засгийн газар хуралдаж,  уг хурлаар яригдсан хоёр томоохон асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хурлаар зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх авто замын тухай шийдвэр гарсан байна. Анх 2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Монгол Улсад айлчлах үеэр хөнгөлөлттэй зээлийг 500 сая ам.долларын хэмжээнд үзүүлж болох тухай ярьсан аж. Ингээд хоёр улсын засгийн газар удаа дараагийн техникийн ажлын уулзалт хийж, холбогдох яамдын түвшинд ярилцсаны дүнд 2011 оны 7 сард зээлийн ерөнхий хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталсан байна.

Зээлээр санхүүжүүлэх жагсаалтыг энэ онд гаргасан. Зам тээврийн салбараас гэхэд гурван ажлын жагсаалт орсон байна.

Завхан аймгийн Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам, Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны дагуу баригдах хурдны авто замыг барих ажлууд багтжээ. Батлагдсан төсөвт багтааж санхүүжүүлэх ажлыг Сангийн сайд Б.Болорт даалгасан бол гүйцэтгэгч компаниудыг сонгож гэрээ байгуулж ажиллахыг Зам тээврийн сайд М.Зоригтод үүрэг болгосон байна.

БНХАУ-ын талаас санал болгосноор уг зээлийн хөрөнгөөр хийх ажлыг Хятадын компаниудаар хийлгэе гэсэн санал тавьжээ. Энэ саналын дагуу Зам тээврийн яам Хятадын талаас санал болгосон компаниудаас сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулах үүрэг хүлээж байна.

Зээлийн тухай товчхон дуулгахад 20 жилийн хугацаатай, жилийн хоёр хувийн хүүтэй байх юм. Эхний долоон жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх учираас эдийн засгийн ач холбогдолтой зээл гэж засгийн газар үзэж байгаа аж.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна