Хараал хүрсэн Тавантолгой

2015 оны 11 сарын 3

Бүлгийнхээ хурал дээр хуурай агсам тавьсан Х.Баттулга гарч ирэнгүүтээ Л.Эрдэнэчимэгийн хамтаар хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын нэр бүхий 40 гишүүний гарын үсэгтэй Тавантолгойн тогтоолын төслийг танилцуулав. 

Ч.Сайханбилэгт тэднээс өгсөн “гэрийн даалгавар”-ыг сонирхвол нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадна дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмших, шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани мөн эзэмших, “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдийн хувьцааг саналын эрхтэй байлгах, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн бодлого баримталж, оруулж ирэх зэрэг хүндхэн бодлого тулгажээ.

Дийлэнх олонх буюу 40 гишүүний дэмжлэгтэй тогтоолын төсөл бол парламентын босгыг “ногоон гэрэл”-ээр давдаг юм байгаа биз дээ. Гэвч улс төрд өрнөж байгаа үйл явдал, улстөрчдийн ил цагаандаа гарсан эрх мэдлийн ширүүн зодооныг харахад Тавантолгой төсөл одоо хөдлөхөөсөө нэгэнтээ өнгөрчээ. Тэгээд ч  Ч.Сайханбилэгт УИХ-ын нэр бүхий 40 гишүүнээс өгсөн гэрийн даалгаврыг харахад хариултыг нь олоход тун хүндхэн бодлого байна.

Монголын Улсын хоёр сая иргэний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй болгохыг Ч.Сайханбилэгээс шаардсан нь М.Энхсайханаас “хоёр сая хүний гарын үсгийг цуглуулаад ир” гэж нэхсэнтэй л адилхан хошин бодлого.

Хамгийн наад жишээ гэхэд л шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмшсэн тохиодолд нийтдээ нэг тэрбум 200 сая долларын санхүүжилт шаардлагатай байгаа уг төсөл дээр 700 сая долларыг Монголын төр гаргах ёстой болно. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг гаргаж чадах бэнчин Монгол Улсад бий бил үү. Ямар сайндаа л төсвийн алдагдлаа нөхөхийн тулд төрийн албаа цомхотгож, 1.6 тэрбумыг хэмнэх гэж Б.Болор аль муугаараа дуудуулаад сууж байна даг. Тэгэхээр Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нараар дамжуулсан 40 гишүүний мөрөөдөл бүтэхгүй гэсэн үг. 

Гуравдах даалгаврын хувьд Монголын Улсын хоёр сая иргэний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг саналын эрхтэй болгохыг Ч.Сайханбилэгээс шаардсан нь М.Энхсайханаас “хоёр сая хүний гарын үсгийг цуглуулаад ир” гэж нэхсэнтэй л адилхан хошин бодлого. Тэгээд ч Гацуурт, Халх гол, Тавантолгой, Үндсэн хууль гээд бүх сэдвээр хоёр талцах дуртай монголчуудаас саналыг авна гэвэл жинхэнэ жонхуу болно.  Парламентын76 нь хоорондоо учир зүй, эв эе, хэл амаа ололцож чадахгүй байхад хоёр сая иргэн ярилцаж, зохицоод шийднэ гэдэг гонжийнжоо.  Хоорондоо дажин ч үүсгэж магадгүй ямаан омогтой, амбийц ихтэй хүмүүс шүү дээ. 

Нөгөө талдаа Ч.Сайханбилэг хөрөнгө оруулагчидтай ийм хэлэлцээр хийдэг юм аа гэхэд тэд өмнөөс нь  “чи битгий хуц аа” л гэх байлгүй. Л.Эрдэнэчимэгийн долоон сарын турш бодож олсон энэ төслөөр бол Тавантолгой хол явахгүй ээ.

“Энэ төсөл эрх мэдлийн том зодоон болж хувирсан” гэж үнэнээ Х.Баттулга өчигдөр хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь цэрэг танк, хятад, хужаагаар айлгаж явсан түүний үнэн  төрх ердөө энэ л байсан юм. “Эх оронч”-ын нэрээр эрх мэдлийн төлөө Тавантолгой төслийг бараг таван жил гацаасан гол дүр бол Х.Баттулга өөрөө.  

Тэгээд ч парламентын 40 гишүүн битгий хэл 76-уулаа гарын үсэг зурлаа ч Тавантолгой явахааргүй болсон. Ийм хүнд шаардлагатай бүрэн эрх нь бараг дуусгавар болж байгаа З.Энхболдын парламенттай, хэзээ мөдгүй нуран унахад бэлэн байгаа хэврэгхэн Засгийн газартай хэн тоож, гэрээ байгуулах юм бэ? Хамгийн эрсдэлтэй орны тоонд орсон, эрх баригчид нь ханцуй дотроо хутга бариад “алалцаж” байгаа Монголын төрд ямар банк нь итгэж мөнгө зээлүүлэх вэ дээ. Энгийнээр бодоод үзэхэд энэ төсөл яагаад ч бүтэхээргүй болсон. “Буян амалж, бурхан тахиад ч” шүү дээ.

Учир нь Хятад улсын эдийн засгийн уналтаас болоод Тавантолгой төсөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэгэнтээ татахаа больчихлоо. Долоохон сарын өмнө Тавантолгойг сонирхож явсан хөрөнгө оруулагчид “та нар боломжтой цагаа алдсан” гээд монголчуудыг тавлаад сууж байна шүү дээ. Харамсалтай нь, боломжоо ашиглаж чадаагүй монголчууд нүүрс нь үнс болчихсон Тавантолгой дээрээ “зодолдоод” тамын тогоондоо амьдраад байж дээ, ингээд.

                                                                                      Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна