Д.Гантулга: Төсвийг Мөнгөний бодлоготой уялдуулбал шинэ алхам болно

2015 оны 11 сарын 3

Монголын актуарчдын нийгэмлэгийн дарга Д.Гантулгатай салбарын асуудал болоод эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв мөнгөний бодлогын асуудлаар ярилцлаа.


-Таныг сонгож ярилцлага хийх шалтгаан олон байлаа. Нэгдүгээрт, та актуарчдын нийгэмлэгийг даргалдаг. Актуарч гэж хэн болох, ямар үйл ажиллагааны чиг үүрэгтэй талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч. Миний бодлоор бол эрсдэлийг үнэлдэг мэргэжилтэн юм болов уу гэж бодоод байна? 

-Монголын Актуарчдын Нийгэмлэг нь 2008 онд байгуулагдсан. Олон Улсын Актуарчдын Холбооны дэмжигч гишүүн байгууллага. Актуарч хүн юу хийдэг талаар та зөв бодож байна, товчхондоо эрсдэлийн санхүүгийн үнэлгээ хийдэг нарийн мэргэжилтнүүд. Энгийнээр тайлбарлавал, тогтолцооны эрсдэлийг олж тогтоон, эдгээр эрсдэлийн улмаас ирээдүйд санхүүгийн ямар үр дүн гарахыг урьдчилан тооцоолж, эрсдэлийг сааруулах зөв арга замыг санал болгодог мэргэжил. Ирээдүйд болох үйл явдал ярьж байгаа тул санхүү, статистикийн загвар ашиглах шаардлагатай болдог. Мөн тухайн салбарын тухай өргөн далайцтай мэдлэгтэй, бизнес нь хэрхэн ажилладаг талаар нарийн мэдрэмжтэй байж л загвар ажиллуулж, загварын үр дүнг зөв тайлбарлаж, ашиглах боломжтой болдог. Актуарч мэргэжилтнүүд ихэвчлэн нийгмийн даатгал, арилжааны даатгал, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын салбарт ажилладаг. Сүүлийн үед байгууллагын эрсдэлийн удирдлагын чиглэлээр ихээр ажиллах болсон. Манайд бол даатгалын салбарт л энэ мэргэжлийн хэрэглээ яригддаг.

-Даатгалын эрсдэлийн судалгааг хийлгэдэг компаниуд олон байдаг уу. Манайд даатгалын үйл ажиллагаа явуулдаг олон компани байгаа. Гэвч нэг цаснаар ч гэдэг юм уу маш их хэмжээний хохирол амсдаг гэж ярьдаг?

-Даатгал бол өвөрмөц онцлогтой санхүүгийн бизнес. Надад мөнгө төлчих тэгвэл би буцаагаад таньд тохиолдож болох эрсдэлийг чинь даая гэж амлан санхүүгийн гэрээ байгуулах ажиллагаа шүү дээ. Даатгагч нь даатгуулагчийн мөнгийг авсан л бол амласандаа хүрэх ёстой, үгүй бол энэ тогтолцоо утгаа алдана. Иймд энэ бизнесийг аль ч улсад мэргэжлийн байгууллагын зохицуулалт, хяналтын доор эрхэлдэг. Манай улсын хувьд зохих журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороо энэ үүргийг хариуцан ажилладаг. Хорооны журам ёсоор даатгалын компаниуд актуарын хяналт шалгалтыг жил бүр хийлгүүлэх ёстой. Нэгэнт журам байгаа хойно даатгалын компаниуд актуар хяналт шалгалтыг хийлгэж байгаа. Харин ажлын чанар төдийлөн сайн биш гэдгийг бүгдээрээ мэддэг. Учир нь энэ мэргэжил манай улсад хөгжлийн эхний шатандаа байна, мэргэжилтнүүд хомс. Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан актуарчдын мэргэжлийн ур чадвар сул байна.Манай нийгэмлэг 2008 онд ТББ статустай байгуулагдсанаас хойш хүч боломжийнхоо хэмжээнд актуар мэргэжилтэн бэлтгэх ажилд голчлон анхаарч ажиллаж байна. Санхүүгийн салбарын эрсдэлийн үнэлгээ хийдэг энэ чухал мэргэжлийг эхлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд төрийн оролцоо, дэмжлэг маш чухал. Даатгалын компаниуд харьцангуй жижиг хохирлуудыг төлөөд болоод байдаг, ганц нэг том хохирол гарахад дампуурчих гээд байвал энэ тогтолцоо ажиллахгүй байна гэсэн үг. Энэ тооцооллыг хийдэг мэргэжилтэнгүйгээр салбарын хөгжлийг ярих маш өрөөсгөл. 

-Актуарч мэргэжил олон улсад, мөн манай улсад хэр эрэлттэй мэргэжил вэ. Баклаврын төвшинд эзэмшүүлдэг сургууль гэж байх уу. Эсвэл...?

-Актуарч мэргэжил олон улсад маш эрэлттэй, өндөр цалин хангамжтайд тооцогддог. Хамгийн сайн эсвэл эрэлт өндөртэй ажлуудын жагсаалт гаргадаг даа. Тийм жагсаалтад ихэнхдээ эхний тавд ордог ажил мэргэжил. Монголд харин эрэлт багатай, даатгалын компаниуд л СЗХ-ны шахалтаар нэг, нэг актуарч ажиллуулж байх шиг байна. Зүйрлэж хэлбэл, нягтлан бодогчгүйгээр байгууллагынхаа санхүүгийн тайланг гаргаад яваад байна гэж ч хэлж болно. Актуар мэргэжлийг бакалаврын төвшинд эзэмшүүлж байгаа сургууль одоогийн байдлаар алга. Гэхдээ математик, санхүү, эдийн засгийн чиглэлээр төгсөгчид энэ мэргэжлээр олон улсын шалгалт өгөөд, актуарч болох бүрэн боломжтой. Манай Нийгэмлэгээс Их Британи улсын актуарчдын институтийн шалгалтыг Монголд албан ёсны эрхтэйгээр, тодорхой хуваарийн дагуу тогтмол зохион байгуулдаг.

-Тантай ярилцлага хийх хоёрдугаар шалтгаан бол Та Төв банкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлд ажилладаг. Төв банкнаас 2016 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын УИХ-д өргөн барьсан. Гэсэн ч Мөнгөний бодлого ханшийг хэрхэн удирдах талаар тусгаагүй, нэг ёсондоо “хар гар” удирдах нь гэх шүүмжлэлийг улстөрчид хэлж буй. Мөнгөний бодлогыг хэр зөв төлөвлөж оруулж ирсэн гэж харж байна?

-Монголбанк инфляци, ханш хоёрыг хамтад нь удирдаад, хүссэн тоо хэмжээнд бариад явж чаддаг бол сайн хэрэг. Харамсалтай нь тийм боломж байхгүй. Хөрөнгийн урсгал чөлөөтэй байх үед инфляци, ханш хоёрыг хоёуланг нь зэрэг удирдах гэж оролдох нь онолын хувьд ч боломжгүй. Тиймдээ ч "Боломжгүй Гурвал" нэртэй. Дээр нь сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал ихтэй, төсвийн орлого, зардлын гүйцэтгэл нь төлөвлөснөөс ихээр зөрж байна. Ханш харьцангуй чөлөөтэй байснаар макро төвшний тэнцлийг хангах эерэг талтай. "Хар гар" гэхээс илүүтэй "далд гар" буюу зах зээлийн зарчмаар ханшийг тогтоохоос илүү хувилбарыг олж харахгүй байна.

-Мөнгөний бодлоготой 2016 оны төсвийн төслийг уяж чадсан уу. Өмнө нь дандаа л уялаа гэдэг боловч төрийн ачааг хувийн хэвшилд үүрүүлж, бодлогын хүүгээр хувийн хэвшлээ дарамталж ирлээ? 

-Жил бүрийн төсөв батлах үеэр бид төсвийн бодлого болон мөнгөний бодлогын уялдааны тухай ярьдаг. Төсөв нь 1) алдагдал өндөртэй, 2) орлого, зардлын тооцоолол нь бодит бус, 3) нэгдмэл бус буюу төсөвтэй адилтгах зардлыг төсвөөс тусад нь авч үзэж байхад мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулаад дэвшилтэт үр дүнд хүрнэ гэж хүлээхэд бэрх. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтэрч болохгүй гэсэн заалттай ч төсөвтэй адилтгах зардлыг хамтад нь авч тооцвол сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт ДНБ-ий 6-8 хувьтай гарч байна. Мөнгөний бодлогын хүү өндөр байгаа явдал нь "уялдуулж" байгаагийн нэг илрэл шүү дээ. Монголбанк инфляцийг барихын тулд бодлогын хүүг бууруулж чадахгүй байгаа нь үнэн. Бодлогын хүү өндөр байхаар банкны зээл өндөр, хувийн хэвшилд дарамт учруулж байгаа нь ч үнэн. Гэхдээ энд хувийн хэвшил гэдгийг дотор нь задалж харах хэрэгтэй. Төртэй бизнес хийдэг, улсын тендер авдаг бизнесүүдэд, ялангуяа төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдаж чадаж байгаа бизнесүүдэд зээлийн хүү тийм чухал биш. Харин ёстой нөгөө бор зүрхээрээ, төрөөс хамааралгүй бизнес хийдэг хэсэг нь зээлэндээ дарлуулаад, бизнесээ хумиад явж байна. Энэ шинэ зүйл биш л дээ. 1990 оноос хойш давтагдаж байгаа үзэгдэл.

-Төсвийн алдагдал нэмэг­дэхийн хэрээр Засгийн газрын өр нэмэгдэж, хувийн хэвшил улам шахагдаж байна. Иймд улсын нэгдсэн төсвийг зохистой буюу бодитой, алдагдалгүй, нэгдмэл болгох тал дээр ямар арга хэмжээнүүд авах нь зөв бэ. 2017 оноос эхлээд манайх бондын өрөө төлж эхэлнэ? 

-Төсвийг бодитой, алдагдалгүй, нэгдмэл болгож чадвал энэ нь маш том амжилт. Яагаад гэвэл ингэснээр Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөх үндсэн нөхцөлүүдийн нэг нь биелэх учиртай. Эдийн засгийн идэвхжил суларсан үед үүнийг шууд хэрэгжүүлэх мэдээж хэцүү. Шат дараалсан арга хэмжээ авч таарах байх. Уг нь өнгөрсөн оны хаврын чуулганы хаалт дээр УИХ-аас төсвийг нэгдмэл болгох үүргийг тухайн үеийн Засгийн газарт өгч байсан. Харамсалтай нь юу ч хэрэгжээгүй. 

-Засгийн газрын дотоод бондын ачааллыг хэрхэн бууруулах вэ? 

-Хамгийн эхний ээлжинд нэмж зээл тавихгүй байх хэрэгтэй. Энэ чинь алдагдалгүй төсөвтэй болно гэсэн үг л дээ. Мэдээж орлогоо нэмэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл эдийн засгаа өөд нь татна гэсэн үг. 

-Түүхий эдийн үнийн мөчлөгөөс хамаарсан зохисгүй төсөв батлахаа болих хэрэгтэй. Үүний тулд төрийн сангийн бодлогод бүтцийн суурь шинэчлэл хийх шаардлага үүсээд байгаа гэх юм. Таны байр суурь, шийдэл?

-Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн огцом өсөлт, дараа нь огцом уналтын циклийн ард бид гараад байна. Тухайлбал, 2001 оноос 2011 оны сүүл хүртэл манай улсын нийт экспортын үнийн индекс ес дахин өссөн байна. Харин энэ үеэс хойш 2015 оны есдүгээр сарын байдлаар нийт экспортын үнийн индекс 2.1 дахин, зэсийн үнийн индекс 1.5 дахин, нүүрсний үнийн индекс 3.4 дахин тус тус унасан байна. Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийг дагаад манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээр орж ирсэн. 2011, 2012 онуудад жилд дөрвөн тэрбум ам.доллар давж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 оны хоёрдугаар улирлын байдлаар 150 сая ам.доллар болж буурсан байх жишээтэй. Нэгэнт нөхцөл байдал ингэж ихээр, ойрын үед эргэж буцалтгүйгээр өөрчлөгдсөн тул бодлогод суурь шинэчлэл хийх ёстой гэж үзэж байгаа. Энэ үүднээс Монголбанкнаас ярьж байгаа "шинэ тэнцвэр" санаачилгыг хувьдаа дэмжиж байгаа юм. 

-“Шинэ тэнцвэр” гэсэн бодлогын хөтөлбөрөөс үр дүн гарч чадах болов уу?

-Монголбанкнаас ярьж эхэлсэн "Шинэ" тэнцвэр нь Монгол Улсын макро эдийн засгийн орчинг тогтвортой болгох санаачилга, уриалга гэж ойлгон хувьдаа дэмжиж байгаа. Ийм ажлыг Монголбанк дангаараа хийх боломжгүй, чадах ч үгүй. Харин эдийн засгийн өнөөгийн байдал бидэнд, ялангуяа улстөрчдөд бодох хугацаа, боломж олгож байгаа тул энэ санаачилгыг дэмжээд, хэлэлцээд зөвшилцөлд хүрээсэй л гэж хүсч байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш амжилттай хөгжсөн улсууд, тухайлбал Өмнөд Солонгос, Сингапур, Израйл, Арабын орнууд, Скандиновын орнуудыг аваад үзэхээр эдгээр улсууд  бүгд өөрсдийнхөө онцлогт тохирсон өөр өөр хөгжлийн үзэл баримтлал, загвартай байдаг боловч нийтлэг шинж чанарууд бас ажиглагддаг. Үүнд хөгжлийн эхэн үед хөрөнгийн хуримтлалын өсөлт өндөр байх, тодорхой салбаруудыг төрийн бодлого, төлөвлөлтийн дагуу хамгаалж эдгээр салбаруудад техник технологийн дэвшил, инновацийг шингээж чадсан байх, үндэсний санхүүгийн тогтолцоог хөгжүүлж чадсан байх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадсан байх зэрэг нийтлэг шинж чанаруудыг дурдаж болно. Макро эдийн засгийн тогтвортой байдал гэдэгт юуг ойлгож болох бэ гэвэл нам, тогтвортой инфляци, дотооддоо төсвийн алдагдалгүй, гадааддаа төлбөрийн тэнцлийн алдагдалгүй, ажилгүйдлийн төвшин бага, өрсөлдөх чадвартай, тогтвортой ханш зэргийг ойлгож болно. Ийм тогтвортой орчин дахь эдийн засгийн өсөлт нь бодит хөгжил, дэвшил болохоос биш манай улс шиг инфляци нь хоёр оронтой тоогоор хэмжигдсэн, төсвийн алдагдал нь хуулинд заасан хэмжээнээсээ давчихсан, тэрийгээ нуугаад өөрөөр нэрлээд, бүртгэчихсэн, ханшийн савлагаагаа алдаад туучихсан орчинд 17 хувийн өсөлт байгаад ч нэмэргүй гэдгийг л бид үзлээ, бусад улсын туршлага ч харуулж байна. Нэмээд тодруулахад, макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдсанаар улс орон хөгжөөд бүх юм сайхан болно гэж ойлгож болохгүй. Үүн дээр нэмээд хийх ажил зөндөө байгаа, бидэнд мэдлэг, стратеги, төлөвлөлт хэрэгтэй. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэх цаг нь ирсэн байна. Харин энэ боломжийг өнөөгийн улс төрчид, шийдвэр гаргагчид ашиглаж чадах болов уу даа яах бол, эргэлзэж л байна.

-Инфляци өнөөдөр нэг оронтоо тоонд орчихсон. Гэсэн ч бодлогын хүү өндөр хэвээр байна. Эдийн засгийг зөв голдрилд оруулахын тулд хүч хэрэглэсэн, эсвэл хэт хатуу бодлогоор яваад байж боломгүй юм. Энэ талаар таны бодол? 

-Нэгдсэн, алдагдалгүй төсөв баталж, хэрэгжүүлж чадвал одоогийн 13 хувьд байгаа бодлогын хүүг онолын хувьд инфляцийн төвшин хүртэл бууруулах орон зай үүсч байна. Яагаад гэвэл, эдийн засаг нь өөрийгөө шинээр үүссэн нөхцөл байдалд тааруулан тэнцвэржүүлж байна. Тухайлбал, гадаад худалдаа 2006 оноос хойш анх удаа тэнцвэржиж, 2014 онд 538 сая ам.долларын, 2015 оны наймдугаар сарын байдлаар 705 сая ам.доллар ашигтай гарч байна. Урсгал тэнцлийн алдагдал 2011-2013 онд дунджаар ДНБ-ий 26 хувь байсан бол энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ДНБ-ий зургаан хувь, төлбөрийн нийт тэнцлийн алдагдал 2013 онд 1.9 тэрбум ам.доллар байсан бол 2014 онд 0.5 тэрбум ам.доллар болж, харин энэ оны 7 дугаар сард 82 сая ам.доллар болж эерэг болсон байх жишээтэй. Одоо л хариуцлагатай төсвийг хэрэгжүүлж чадвал суурь нь сайн бүрдсэн гэж бодож байна.

-Төв банкны хэрэгжүүлж байсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газар үргэлжлүүлэхгүй бололтой. Энэ тохиолдолд шатахууны үнэ өсөх нь тодорхой байна. Яагаад гэвэл шатахууны онцгой албан татварыг нэмэх шийдвэр гаргачихлаа?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь тухайн нөхцөл байдалд тааруулсан, богино хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүд. Цаашид ийм хөтөлбөрийг хэрэгжүүлээд, үнийг хүчээр бариад явах ямарч боломжгүй. Харин ч шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч байхад Монголд үнэ нь буурахгүй байна гэсэн шүүмжлэлтэй хүмүүс их байгаа.Төр төсвийн орлогоо нэмэхийн тулд тийм шийдвэр гаргаа байлгүй, сайн мэдэхгүй байна.

-2015 оны төсвийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Жилийн өмнө та хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2015 онд хөөсөрсөн төсөв баталж байна гэж шүүмжилж байсан. Үнэхээр тийм байсан уу. Өнгөрсөн хугацаанд гурван удаа тодотгол оруулсан 2015 оны төсвөөс урсгал зардлуудыг тэвчиж орлого, зарлагаа тэнцүүлэх гэж оролдож байна шүү дээ. Гэхдээ тэр нь байгаа онож байгаа нь юу л бол?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу өнгөрөгч аравдугаар сарын 30-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар 2015 оны төсвийн тодотгол хоёрыг баталлаа. Үүгээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийг зургаан их наядаар баталлаа. 2015 оны төсвийг анх 2014 оны 11-р сард батлахад тэнцвэржүүлсэн нийт орлогыг 7.1 их наядаар баталж байсан. Зөрүүтэй байгаа биз, он дуусахад эцсийн гүйцэтгэл яаж гарах нь бас сонирхолтой.

-2016 онд тэгвэл Монгол Улс алдаагаа засах гэж оролдож байна гэх мессеж явж байна. Төсвийг байх ёстой хэмжээнд нь хүртэл танаж, хөрсөн дээр буулгаж оруулж ирэх тухай яриа гарч эхэллээ. Та төсвийг үндсэнд нь судлав уу. Засгийн газар буцааж татсан шалтгаанаа Мөнгөний бодлоготой уялдуулах гэж тайлбарлаж байна? 

-Төсвийг бүтнээр судлах боломж надад байхгүй л дээ. Засгийн газар төсвийг мөнгөний бодлоготой уялдуулж байгаа бол монголын улс төрд байгаагүй гэхэд болох шинэ алхам, соёл болох байх гэж итгэж байна.

-Төсвийн рефорумыг ямар байдлаар хийвэл зүгээр бол. Яам агентлаг нэгтгэх, албан хаагчдын цалин хасах шинэчлэл биш байлгүй дээ?

-Яг тийм. Хэвлэлд гарсан ганц жишээ дурдъя. Усны сав газар гэж байгууллага 2012 онд байгуулагдсан. Энэ байгууллага жилд төсвөөс 1.8 тэрбум төгрөг авч, буцаагаад усны нөөц ашигласны төлбөрт жилд 35 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж байна. Энэ байгууллагыг татан буулгаж нэгтгэхээр орж ирсэн. Үүний цаана хэний ашиг сонирхол яваад байна гэдэг хардлага өөрийн эрхгүй төрж байгаа юм.

-Яагаад төсвийг алдагдалгүй болго гээд байгаа юм бэ гэж асуух хүн олон гарна? Төсөв тэлж байж эдийн засаг чинь сайжрах бус уу гэдэг зүйлийг хэлдэг юм?

-Олсноосоо ихийг үрээд байхаар яаж сайжрахав дээ. Тухайн жилдээ боллоо гэхэд дараа нь тэр зөрүүг хэн нэгэн төлж л таарна. Зээл аваад өрөө хойч үедээ шилжүүлж болно. Эсвэл Төв банктайгаа нийлж янз бүрийн санхүүгийн механизм ашиглаад инфляцид шингээнэ. Харин төсвөө алдагдалгүй батлаад, хэрэгжүүлээд, Монголбанк нь бодлогын хүүг бууруулж эдийн засгийн бодит секторыг жинхэнэ утгаар нь дэмжээд явбал урт хугацаандаа хамгийн үр дүнтэй арга хэмжээ болно гэж боддог.

Б.ӨНӨРТОГТОХ

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна