Засгийн газрын хуралдаан боллоо

2015 оны 11 сарын 3

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Зарим автозамын төсөлд гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг даалгалаа

БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон, хуваарилагдсан зээлийн хөрөнгөд багтаан гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод зөвшөөрлөө.

Дээрх хоёр авто замын төсөл болон “Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны авто зам”-ын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанитай гэрээ байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод, зөвлөх үйлчилгээ болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор баталсан хөрөнгөд багтаан санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао Монголд 2010 онд хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газарт 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох боломжтой болохоо мэдэгдсэн. Үүний дагуу техникийн түвшинд хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээг явуулсны  дүнд гурван салбарт нийт 13 төсөл хэрэгжүүлэхээр хоёр орны Засгийн газар тохиролцож, Зээлийн Ерөнхий хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон баталсан.

Зээлийн нөхцөлийн хувьд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд буцааж төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөглөгдөнө.

Засгийн газрын “Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн тухай” 2015 оны 309 дүгээр тогтоолын хавсралтаар 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан.

Тус жагсаалтад зам, тээврийн салбараас дээрх төслүүд багтсан бөгөөд БНХАУ-ын Засгийн газрын санал болгосноор эдгээр төслүүдийг Хятадын компаниудаар гүйцэтгүүлэхээр тохирч, тэдний санал болгосон компаниудаас сонгон гэрээг шууд байгуулан хэрэгжүүлэх юм.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 23-24-нд ОХУ-ын Чит хотод болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Хуралдаанаар тус комиссын 18 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, ОХУ-ын Засгийн газраас 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай яриаг хэлэлцээг энэ онд багтаан эхлүүлэх, “Улаанбаатар” төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Хэлэлцээр-ийн хүрээнд ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах ажлыг эрчимжүүлэх, ОХУ-ын хил залгаа бүс нутгуудаас 2016 оны эхний хагас жилд багтаан 3 дугаар ангиллын 106,6 мянган тн хүнсний улаанбуудай, 20 хүртэл мянган тн элит болон сортын үрийн улаанбуудай нийлүүлэх ажлыг зохион байгуулах, ирэх онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан урлагийн хамтарсан гала концерт, урлагийн тоглолт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


Товч мэдээ

·  Сумын хүн ам, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах хүрээг харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22 байхаар тогтоолоо.

·  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны есдүгээр сарын 24-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

·  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг төсөл санаачлагчид хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

·  УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачлан боловсруулсан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гаргахаар тогтлоо.

·  УИХ-ын гишүүн Д.Батцогтын санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг дэмжиж, төсөл санаачлагчид зарим саналыг уламжлахаар тогтлоо.

·  Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хооронд байгуулах “Яармагийн хуучин гүүрийг засварлаж, шинэ гүүр барих төсөл”, “Гурилын үр тариа хадгалах элеватор барих” төсөл болон “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслүүдийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын шугамаар гаргахаар тогтлоо.

·  Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015  онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож, зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Солонгосын талд уламжилж, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа.

·  Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин тус хэлэлцээр гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

·  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөлийг Хүнс, хөдөө ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахална.

·  Монгол Улсад 2016 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт дотоодын ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг баталлаа.

·  “Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажил”-ыг барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээний дагуу Сэлэнгэ мөрөн дээр баригдах шон суурь, тулгуур, ригелийн хэсгийн цутгалтын ажил гүйцэтгэх “Си Жи Жи Си Монголиа” ХХК-ийн 159 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2015 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө.

·  2015 оны төсвийн тодотголын хамт 2015 оны 10 дугаар сарын 30-нд батлагдсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн ажил үүргээ гүйцэтгэж буй нэр бүхий дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна