Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байсныг амжиж аварчээ

2015 оны 11 сарын 3

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон  сэрэмжлүүлж байна.  Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны 5 давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа, цонхоороо унах гэж байсныг аврагчид шуурхай ажиллаж гэрийнх нь хаалгыг онгойлгон амжиж аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор согтуу хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 22:59 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Г нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг орж цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч аюулгүй болгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна