Тэрбумын зээлийн асуудлыг хойшлуулав

2015 оны 11 сарын 3

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Гэхдээ дэмжих эсэх асуудлаар шийдвэрээ гаргаж чадсангүй, хойшлууллаа.

Зээлийн хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс 20 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын зээлийг Хятадаас авна. Жилийн хүү нь 2 хувь, эхний 7 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж.

Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан материалыг дөнгөж сая гар дээрээ авснаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ дахь МАН-ын бүлгээр өчигдөр энэ асуудлыг ярьсан ч материал нь байгаагүй. Харин сая материалтай нь танилцахаар нухацтай харах, ядаж гишүүд уншиж танилцах. Нээлттэй ярих, хааж ярих зүйлүүд нэлээд байна. Нийлүүлэх тоног төхөөрөмжийн 65 хувь нь зээлдүүлэгч байна гэх зэрэг тоо явж байгааг ярих ёстой. Хугацаа нь давчуу гээд шахаад байж болохгүй” гэв. Энэ саналыг нь байнгын хороо хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлгийг хугацаа алдалгүй хуралдаж, асуудлыг хэлэлцэх боломжийг Эдийн засгийн байнгын хороонд өгөхийг гишүүд мөн онцолсон.

Засгийн газар дээрх зээлийг Эгийн гол станцыг барьж байгуулахад ашиглахад зорилготой байгаа юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна