Нийгмийн даатгалынханг шалгаж эхэллээ

2015 оны 11 сарын 3

Нийгмийн даатгалын салбарынхан нас барсан иргэдийн нэрийг барьж, улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлэн, шалгаж эхэлжээ. ЦЕГ-аас өгсөн албан тайлбараар нийслэл, аймаг, сумдын нийгмийн даатгалын байгууллагууд нэр бүхий арилжааны банкуудтай хуйвалдан нас барсан ахмад настангуудын нэр дээр тэтгэврийн зээл авдаг байсан аж. Хэргийг мөрдөн байцаалтын шатандаа яваа  учир арилжааны  банкуудын нэр, яг хичнээн нийгмийн даатгалын албан хаагчид энэ хэргийг үйлдэж, хичнээн төгрөгийн хохирлыг төрд учруулсан бэ гэдгийг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүйг ЦЕГ-аас тайларлав. Зарим эх сурвалж энэ хэрэг нийгмийн даатгалын салбарынхан дунд сүлжээ болон өргөжсөн, хохирлын хэмжээ бол үлэмж их гэдгийг тодотгосон юм.

Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч буйг цагдаагийн байгуулага онцолж байв. Нөгөө талдаа нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдсон нь олон жилийн өмнөөс эхэлсэн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж харах эх сурвалж ч байна. Харин салбарын сайд нь дээрх мэдээллийг үгүйсгэж, баримтгүй хийсвэр тоо ярьж,  нийгмийн даатгалын салбарын нэр хүндийг унагах шаардлагагүй. 21 аймаг, есөн дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтэсүүдэд дотоод шалгалтыг явуулахад 129 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Гэхдээ дээрх мөнгөн дүнг зөрчил гаргасан албан хаагч, дарга нар барагдуулсан гэсэн тайлбарыг С.Эрдэнэ сайд хийв.

Өмнө нь халамжийн мөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, болон н.Эрдэнэбулган  нарыг холбогдуулж, цагдаагийнхан шалгаж байсан. Тэгвэл өнөөдөр энэ хэрэг хүрээгээ тэлж, нийгмийн даатгалын салбарыг дэгээджээ. Өргөн бүрэлдэхүүнийг хамарсан уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байна. Дээрх зүйл заалтад "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан. Мөн энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна