Утаа багассан, гэхдээ...

2015 оны 11 сарын 3

Жил бүрийн яг энэ үед “агаарын бохирдол өндөр, стандартаас давсан, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэх өнөө хэдэн үгс чихнээ сонсогддог. Тэгвэл “агаарын бохирдлын улирал” наашилсан энэ үед агаарын чанарын мэдээ, бохирдлын хэмжээний судалгааны үр дүнг “Жайка” төслөөс танилцуулав. Энэ судалгааг “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шатны хүрээнд явуулжээ. Ингэхдээ агаарын бохирдлыг 2014 оны 2, 6 дугаар сар, 7, 12 дугаар сар, 2015 оны 1, 4, 5 дугаар саруудад хэмжилт хийх судалгааг “Жайка” төслөөс явуулжээ. Энэ судалгаагаар агаарын бохирдлын хэмжээ стандартаас 2-7 дахин их гэх дүн гарсан байна.

Нийслэлийн агаарын чанарын албаны мэдээлж буйгаар 2012-2013, 2013-2014 онуудад агаарын бохирдлын хэмжээ буурчээ. Хэдий ингэж буурсан ч агаарын бохирдлын хэмжээ стандартаас даруй 2-7 дахин их гэх үр дүнг гаргасан байна.

Сүүлийн жилүүдэд албаныхны зүгээс агаарын бохирдол буурсан гэх үзүүлэлтийг танилцуулах болсон. Гэтэл үнэхээр агаарын бохирдлын хэмжээ буурч байна уу? Энэ бууралт нь хэзээ бидэнд мэдрэгдэх вэ? гэх асуулт иргэдийн дунд бий. Энэ асуултад нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан “Агаарын бохирдол гэдэг өөрөө өргөн ойлголт. Утаагүй зуух, түлш гэх мэт төсөл хэрэгжүүллээ гээд буурахгүй. Гол нь зөвхөн төсөл хөтөлбөрөөр зогсохгүй, гааль, татварын байгууллага, хот байгуулалт, газар зохион байгуулалтыг сайжруулах замаар цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Гэтэл бид төсөв мөнгөний гачаалаас болоод агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж байсан төсөл  хөтөлбөрүүдээ хүртэл энэ жилээс зогсоож байна” гэв.

“Зарим төслүүд зогссон”

Энэ жилийн хувьд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс нам даралтын зуухнуудыг атестатчилах ажлыг эхлүүлжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдтэй хамтран энэ ажлыг эхлүүлсэн байна. Харин агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төсөв, мөнгөний асуудал тулгамджээ. Тиймээс энэ жил төсөв хүндэрсэн гэх шалтгаанаар иргэдэд хөнгөлөлттэй үнээр зуух олгох ажил зогссон. Мөн цахилгааны урамшуулал, боловсруулсан түлшийг хөнгөлөлтэйгөөр олгох ажлыг зогсоосон байна.

“Дэлхийн орнуудыг Монгол хол хаяжээ...”

Тэгвэл дэлхийн улсуудыг агаарын бохирдлын хэмжээгээр нь жагсаасан судалгааг 2010 онд Дэлхийн банкнаас гаргажээ. Энэ судалгаанд Монгол улс бусад орнуудыг хол хаяж тэргүүлсэн байгаа юм.

Агаарын бохирдлын хэмжээгээр Монголын араас БНХАУ-ын Бээжин, Ланзоу, Мексикийн зарим хот жагссан байна. Тэгвэл олон улсад “Агаарын бохирдол их байгаа нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ” гэдгийг онцлон судалдгаараа Монголоос ялгаатай байдаг аж.

Улаанбаатар хотын агаарын бохирдолт иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ? Улаанбаатар хотын иргэдийн амьсгалын замын өвчний ½ хувь, зүрх судасны өвчний ¼ хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэх үр дүнг гаргасан байна.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна