Монголд нэгэн удаа: Амиа зольж амь аварсан түүх

2015 оны 11 сарын 3

Чи байгаа нь хангалтгүй. Чи хэн байсан нь чухал
Наполеон Бонапарт

Дорнодын Баяндун сумын нутагт, улсын хилд ойрхон, аглаг буйд газарт дурсгалын бяцхан чулуу алсаас торойно. Хэдэн зуу, мянган жилийн өмнөх эртний дурсгал биш учраас эрдэмт сартваахи, цэцэн гүүш нарын оюунаар тайлж уншуулах хэрэггүй. Гурван жилийн өмнө босгосон, кириллжэн монголоор бахархлын мөрүүд сийлэн цохисон, будаг нь хатаагүй шахам дурсгал. Улс даяар сонгуулиар амьсгалаад хөлхөлдөж байхад, 2012 оны хаврын нэг хуйсгануур өдөр энд их түймэр улангасан дайрч, Дорнод аймгийн Онцгой байдлын гурван албан хаагч газар дээрээ амиа алдаж, арваад хоногийн дараа мөн нэгийнх нь зүрх зогссон юм. Эх орон мартахгүй гэдэг ч эрт дээрийн биш энэ цаг үеийн тэр явдал гурван жил өнгөрөхөд бүр биш гэхэд бүүр түүр болсоор, долларын ханш,  махны үнэ, улс төрийн сэдвүүдтэй хамт мартагнаад эхэлсэн. Хүмүүсийн зарим нь мартагнасан эх нутаг нь санаж байгаа мэт тэр бяцхан дурсгалын цементэн суурин дээр өргөстэй улаан хүрэн цэцэг үндэслэн ургасан байж билээ. Нутгийн малчин “Хоёрхон сарын дараа энэ хөндийд бүр илүү өндөр өвс цэцэг ургасан байсан. Бид нутагтаа мэдээж их хайртай тэр залуус ингээд л ургачих байсан цэцэг навчны төлөө амиа зориулж, ар гэрээ өнчрүүлжээ гэж бодохоор харамсалтай санагдсан” гэж хуучилсан юм.

Дөчин настай эр хүн ид 25-тай залуу нөхөр, анд журмын дүүгээ дороо хийж, биеэрээ халхалж авраад, өөрөө амиа алдсан нь хүн чанар, эр зоригийн үйл хэрэг. Өөрийн амиа золин байж, өрөөлийг аварч чадсан тэр хүнийг Г.Багабиш гэдэг. Хоёр хүүтэй, эхнэр нь жирэмсэн, зээлийн хоёр өрөө байртай, хайрлах ээжтэй, бахархах аавтай жирийн нэгэн монгол эр хүн. Нэр шигээ бага биш эрхэм том, их үйлийн эзэн байж, энэ насаа бусдын төлөө зориулж, эцсээ хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч байж, айл өрх, газар нутгаа энхийн цагт хамгаалаад эгнэгт зогссон зүрх. Г.Багабиш шүхрийн спортын дэд мастер, туршлагатай аврагч, амиараа амь аварсан зоригтон ч гэлээ тусгай төрсөн хүн байгаагүй юм.  Баатрууд тусдаа төрдөггүй, бидний дунд алхаж амьдарч явдаг, сорилт шалгуур, эгзэг агшин эр зоригтнуудыг төрүүлдэг гэсэн мэргэн үг бий.

Ахлах ахлагч Г.Багабишийн хүсч мөрөөдөж явсан охин нь гал уулгалж, гай дайрсан тэр өдрөөс хоёр сарын дараа төржээ. Хориод жил ой хээрийн түймэртэй тэмцсэн Г.Багабиш түгшүүрийн дохиогоор хөдөлж, их талын дундуур Фургондоо суугаад довтолж явдаг нь ердийн зүйл, байнгын ажил үүрэг нь боловч тэр дуудлаганд явахын өмнө “Чи хүрээд ир л дээ, нэг харчихаад явъя л даа” гэж эхнэр рүүгээ дахин дахин утастаад уулзаж амжилгүй алсыг зорьжээ. Зөндөө олон удаа түймэрт явсан ч тэр өдөр зөн совин байсан болоод уулзчихаад явах гэж удаа дараа утастжээ. Хоёр хүүтэй Г.Багабишийг амиа алдсанаас хойш ердөө жараад хоногийн дараа мөрөөдөж явсан охин нь төрсөн юм. Б.Батчимэг охин аавдаа үнсүүлж үзээгүй ч, аавынхаа зургийг үнсэх дуртай. Айлын аавыг аварчихаад алсад одсон аавын охин. Охиныг гурван сартай байхад халуун бүлээрээ зургаа татуулжээ. Дүүтэйгээ адилхан төрсөн ах нь бэлэвсэн бэр, өнчин дүү нартайгаа хамт Г.Багабиш болж суугаад, дүрэмт хувцсыг нь өмсөөд тэр зургийг авахуулжээ. Эхнэр нь жирэмсэн, хоёр хүүтэй ахлагч амиа бодоогүй. Өөрөөсөө дүү 25-тай залуу хүнийг аврах ёстой гэж зугтах гэхэд нь дороо хийж унагаад дарж гарсан билээ. Биеийнх нь 90 хувь түлэгдсэн Г.Багабиш сумын эмнэлэгт өөрөө алхаад орж чадсан. Сумын эмнэлэгт ч дүүг түрүүлж эмчил гэж хэлээд ухаан алдсан. Зааж зөвлөж, загнахдаа ч загнадаг байсан ахын, монгол цэргийн эр хүний агуу зүрх.

Хотоос нисдэг тэрэг гарч, Түлэнхийн төвд яаралтай авчирсан ч виз авах, басхүү цаг агаар муу зэргээс нислэг хойшлох зэргээр хоног урссаар Г.Багабиш бурхан болсон. Гэмтэлд ч хоёулаа зэрэгцээ орон дээр хэвтчихээд, үг сольж байсан гэж Г.Багабишийн эхнэр А.Далайсайхан ярьж байна. Хэн гал тавьсан, тэрнээс л боллоо гэж бухимдаагүй, сөрөг муу зүйл яриагүй, амьдарна болно гэж эцсийн мөч хүртэл тайван уужуу байж чаджээ. А.Болорсүх үүнээс хойш Солонгост гурван ч удаа эмчлүүлээд ирсэн, гурван жилийн дараа бүл нэмсэн. Г.Багабиш өөрийнхөө амиар өөр айлд элэг бүтэн байж, бүл нэмэхийн аз жаргал үлдээчихээд явсан. А.Болорсүх хүүхдүүдээ ярихдаа инээж эхэлдэг, одоо группт байгаа, таксины халтуур хийж амь зуулгандаа нэмэрлэдэг. Ажлаас нь аврагчийн цалин олгодог. “Шударга журам” медальтай, дүрэмт хувцсаа сардаа нэг удаа өмсөж үзэх дуртай залуу. Г.Багабиш цэргийн хүндэт медаль авах л дутуу, хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарах байсан юм. Энхийн цагт цэргийн медаль нэхэж олгодоггүй гэх дүрэм журмаар Г.Багабишийн зурагтай гэрийнх нь ханан дахь шагналын хэсэгт тэр дугуй тэмдэг байхгүй. Эхнэр нь олон удаа өргөдөл бичсэн боловч хүсч зорьж явсан тэр медаль гэрт нь залраагүй л байна. Цэргийн хүнд, тэр эрчүүдэд цалин биш цол мөрдөс, тэмдэг медаль л бахархал зорилго, утга учир нь байдаг билээ, уг нь. 

Баяндунд гарсан түймэрт бүлгийн дарга, дэслэгч Ч.Намжилдаш, ахлагч С.Бат-Эрдэнэ, Ж.Одбаяр нар газар дээрээ амиа алдсан. Тэд бүгд сөөм газар, айл өрхийг амиараа хаасан монгол цэрэг. Хоёр ахлагч гуч хүрээгүй, дэслэгч Ч.Намжилдаш дөнгөж дөч шүргэсэн, ид хийж бүтээх насан дээрээ байсан билээ. Дөрвөн халуун амь сөөм газрын төлөө алдарсан бол Газрын албаны дарга гадаадын компанид 30 000 га-г түрээслүүлсэнээ баяр ёслолын байдалтай тэмдэглэн зургаа авахуулсан баримт давхцаж зэрэгцэх юм. Халхголын цэрэг эрсийн хамгаалж явсан нутагт үүрэг гүйцэтгэж, авралын алгаа дэлгээд амь амьдралыг хамгаалж өргөж явсан тэр эрчүүд хэний төлөө, юуны тулд гал түймэр, аюул заналыг сөрж амьдарсан юм бэ? гэж асуумаар болж байна.

Амь даатгал, 15 жилийн цалин, байр сууц гээд хууль ёс, сэтгэл зүрхээр тусалсан ч тэр хүмүүс эргэж ирэхгүй, юугаар ч нөхөхгүй алтан амь. Өнчирч үлдсэн ар гэрийг нь ядаж арай ая тухтай байг гэж улсаас орон байрны зээлийг нь хааж, шинээр авч өгсөн ч Г.Багабишийнх хагас хугас төлөгджээ. Үндсэн зээлдэгч нь эхнэр нь байсан биш нөхрийнх нь хэсэг хаагдаж, өрх толгойлсон, гурван хүүхэдтэй эмэгтэй орон сууцны төлбөртэй үлджээ. Үүргээ биелүүлсэнийх нь, өөрийн амиа зольсоных нь төлбөр ч гэмээр юм уу? А.Далайсайхан ах дүү, анд нөхдөөрөө нийлж хэд гурван төгрөг цуглуулаад нөхрийнхөө дуртай байсан хөл бөмбөгийн тэмцээн жил бүр зохион байгуулдаг байх жишээтэй. Харин  аврагчдын ар гэрийнхэн хийх ёстой ажлаа хийсэн гэж бахархдаг, хэн тэр түймрийг тавьсан бэ гэж асууж сураглаж явсан, буруутны нэр усыг ч мэдэхгүй. Алтны компанийн захирал хүндэрч суухдаа татсан тамхиныхаа ишийг хаясанаас түймэр болж дэгдсэн. Дөрвөн халуун амь залгиж, цэл залуухан А.Болорсүхийн нүүр царайг ийм болгосон. Түймрийн эзэн хожим хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан гэж байгаа.

Дорнодын их тал нутаг өвс ургамлын гарц сайтай түймэр хүчтэй, хурдан газар авдаг. Жилдээ 50-60 түймэр гардаг. Өндөр өвс машин тэрэгний янданд орж, оч хаяж түймэр гарах, баруун хойноосоо салхилдаг учир Оросоос орж ирэх нь түгээмэл. Угтуулан тавьсан цурав дээгүүр, өргөн мэлтгэр Онон голыг ч харайж гардаг, хатсан өвс ургамлыг галан бөмбөлөг болгон шидлээд явдаг аюултай. Гурван улсын аврагчид хамт түймэр унтраах нь зөндөө. Хоолны цаг болмогц орос, хятадууд түймрээ орхичихоод явчихдаг. Манайхан үлээгчээ бариад, нэг битгий хэл хоног нойр хоолгүй үзчихдэг. Арван хоёр оны түймэрт явсан хоёр бүлгийн нэгийнх нь дарга Мөнхбаатар “Монгол цэрэг илүү шүү” гэж оросууд эрхий хуруугаа гозойлгодог тухай ярихдаа л бахтай инээд алдсан юм. Тэр явдлаас хойш ажлаас гарсан хүн байхгүй, харин ч энэ сайхан албанд оръё гэсэн өргөдөл ихэссэн байна. Техник хэрэгсэл нь сайжирч байгаа ч 123 мянган ам дөрвөлжин км, хойд, урд хөрштэй 1500 км хиллэдэг энэ газар нутагт 100-аад хүн онцгой байдлын үүрэг гүйцэтгэдэг юм.

Монголд баатрууд үргэлж өмнөх цаг үед төрөөд дуусаагүй. Энэ цаг үед ч эгэл даруу, чимээгүйхэн ажлаа хийж, хэлсэндээ хүрч, амласнаа биелүүлдэг хүмүүс зөндөө бий. Нэг л агшин, нэг л сорилт шинэ цагийн баатруудыг төрүүлдэг. Арван цаасан дээрээс анд нөхдөө, аав ээжээ хаядаг нь ч бидний дунд бий. Андын журам, андгай тангарагтаа үнэнчээр амиа зольж чаддаг эр зоригтнууд ч амьдарч байна. Баатар зөвхөн 13-р зуунд, америк кинонд, алс тэртээд төрдөггүй. Дэргэд чинь ойрхон амьдарч, хамт ажиллаж, хажуугаар чинь алхаж яваа эр зоригтнууд сум, аймаг, хот, суурин хаа сайгүй бий. Эх орон мартахгүй гэдэг нь бид л өөрсдөө дурсах санах, бахархах талархахын утга учир.

А.Болорсүхийнх 2012 оны түймрээс хойш бүл нэмжээ. Журмын нөхөр нь энэ залууд амьдрал, аз жаргал үлдээсэн юм.



Энэ залуус эх орон, газар нутгийнхаа төлөө алтан амиа зориулсан. Эх орон нь мартах ёсгүй.



Багабишийн Батчимэг. Аав нь үүрд явсанаас хойш 2 сарын дараа
төржээ. Айлын аавыг авраад алсад одсон аавдаа үнсүүлж үзээгүй ч энэ охин аавынхаа зургийг үнсэх дуртай.

Д.БОЛДХУЯГ

ЭХ СУРВАЛЖ: BAABAR.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна