Хилийн чанад дахь Монгол сургуулиудад ном хандивлав

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Хилийн чанад дахь Монгол сургуулиудад ном хандивлав

Монгол Улсын иргэд хилийн чанадад чөлөөтэй зорчих болсон цагаас хойш өнөөг хүртэл манай 100 мянга гаруй иргэд тэр дундаа 30 мянга гаруй сургуулийн насны хүүхдүүд эцэг эхийн хамт гадаадын улс орнуудад байнга оршин сууж, амьдарч байна. Эдгээр хүүхдүүдэд монгол хэл, соёлыг зааж сургах, өвлүүлэн үлдээх асуудлаар ГХЯ-наас тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, Монголчуудын холбоод болон зарим ТББ-уудын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн билээ.

Сүүлийн жилүүдэд хилийн чанадад буй монгол хүүхдүүдэд хэл, түүх, соёл, өв уламжлалыг зааж сургах Монгол гэр сургуулиуд олноор нээгдэж байгаагийн хэрээр эдгээр сургуулиудад хүүхдийн номын сан шинээр байгуулах, хуучин номын сангийн номуудыг шинэчлэх, баяжуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Тус яамнаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах уриалгыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн компани, номын дэлгүүрүүдэд хүргүүлсэн бөгөөд эхний дэмжигч байгууллага болох “Мирном паблишинг” ХХК-ийн хамт олон Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын номын санд зориулан дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг уран зохиолын нийт 275 ширхэг ном бэлэглэв.

Өнөөдөр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тус компанийн төлөөлөгч Н.Алтанхүүг хүлээн авч уулзан “Талархлын бичиг” гардуулав.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж