НББСШУБХ-ны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2015 оны 11 сарын 3

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03.Мягмар гараг/ хуралдаан 14.00 цаг 54.00 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хороо өнөөдөр гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Арвин нарын гаргасан асуулт, тодруулгад Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт өгсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.

Тухайлахад санал хураалтын явцад Шинжлэх ухааны салбарын төсвийг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс”-ын цалин, цагийн хөлс, зардлаас хасагдсан 450.600.00 төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцад нэмж тусгах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багц дахь ерөнхий боловсролын тусгай зориулалтын шилжүүлгийн “Тусгай хэрэгцээт боловсрол” хөтөлбөрийн үдийн хоолны зардлыг 2.209.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналууд гишүүдийн дэмжлэг авсан юм.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Мөн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Ажлын хэсэг байгуулав

Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийг А.Бакей гишүүнээр ахлуулах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна