Элчин сайд Франтишек Длхополчект “Найрамдал” медаль гардуулав

2015 оны 11 сарын 3

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Словакийн найрамдлын бүлгийн дарга Ж.Батсуурь нар өнөөдөр /2015.11.03/ Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франтишек Длхополчек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Элчин сайд Франтишек Длхополчектай уулзаж буйд баяртай байгаагаа хэлээд, Монгол Улс гуравдагч хөрш Европын Холбоо, тэр дундаа Словак Улстай хөгжүүлж буй хоёр талын харилцаандаа ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд цаашид энэхүү уламжлалт найрсаг харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, боловсролын салбарт хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэхийн сацуу аливаа улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь нь иргэд хоорондын харилцаа болохыг онцлов.

Ноён Франтишек Длхополчек УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж болон УИХ дахь Монгол-Словакийн найрамдлын бүлгийн дарга Ж.Батсуурийг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсныг дуулгав. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сайн түвшинд хөгжиж байгаад баяртай байгаагаа тэмдэглээд хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал болон парламент хоорондын харилцаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ноён Франтишек Длхополчек Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан болохыг дуулгаад баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсч уг медалийг гардуулав.

Уулзалтад Бүгд Найрамдах Словак Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул Д.Готов болон албаны бусад хүмүүс байлцлаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна