Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэн сайжруулах шинээр барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийн эхний хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 оны 07 дугаар сараас “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ”-ний ажлын гэрээг Францын Артилла Вилла Транспорт ХХК-тай байгуулсан бөгөөд техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулж эхний шатны хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг   хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа болон нийслэлийн Ус сувгийн удирдах газар холбогдох албаныхан, эрдэмтэн  судлаачид, мэргэжилтнүүд  оролцлоо. Тус ажлын ерөнхий гүйцэтгэгчээр олон улсад цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжүүлэх туршлагаараа тэргүүлж буй дэлхийн 17 оронд 25 салбартай Францын “Артелла вилла транспорт” компани ажиллаж байгаа бол захиалагчаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, ашиглагч байгууллага болон Ус сувгийн удирдах газрууд хамтран ажиллаж байна.  Одоо үйл ажиллагаа явуулж буй төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсон. Өдөрт  4500м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай.  Ашиглалтын явцад  1979, 1986 онд өргөтгөл хийж 150 мянган м3 хүчин чадалтай зөвхөн ахуйн бохир ус цэвэршүүлэх зориулалттай болсон байна. Анхны төлөвлөгдсөн ачааллаас өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн боловч цэвэрлэгээний хүчин чадал хэт их ачаалалтай болж, өдөрт 165-170 мянган м3 бохир ус татан зайлуулдаг.Нийт ирж байгаа бохир усны 40 хүртэлх хувь нь үйлдвэрийн ба технологийн бохирдолтой ус ирдэг байна. Цэвэрлэх байгууламжийг анх барихдаа ахуйн бохирдлыг цэвэрлэх технологиор хийсэн боловч өнөөгийн байдлаар үйлдвэрлэл ихэссэнтэй холбоотойгоор технологийн бохирдол ихтэй болжээ. Дээрх тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу иж бүрнээр нь шинэчилж, өргөтгөх төлөвлөлтийг хийж байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж