АН Ерөнхий сайдаа огцруулахгүй гэв

2015 оны 11 сарын 4

УИХ-ын гишүүн Г.Уянгын гаргасан саналын дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа өгөх үү, сонгууль хүртэл засгаа удирдах уу гэдэг нь энэ долоо хоногийн эхээр эрчимтэй яригдаж эхэллээ. Одоогийн байдлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 17 гишүүн гарын үсэг зураад байна.

Өнгөрсөн таван сард яригдаж байсан огцруулах асуудал ийнхүү дахин сөхөгдөх болсон шалтгааныг зарим мэдээллийн хэрэгслээр Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсантай холбогдуулан тайлбарлаж байгаа юм.   

Эргэн сануулахад энэ оны тавдугаар сард  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. УИХ-ын гишүүн Г.Уянга энэхүү гэрээг эсэргүүцэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцож, Засгийн газрыг огцруулах санал гаргасан юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь АН, МАН-ын төлөөлөл ямар байр суурьтай байгааг тодрууллаа.


 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Үүнээс 33 нь гарын үсэг зураад энэ Засгийн газар, ерөнхий сайдыг огцруулахгүй гээд шийдвэрээ гаргачихсан. Тэр шийдвэр одоо ч хэвээр байгаа. Тиймээс огцруулах асуудал байхгүй болов уу гэж би бодож байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга гарын үсэг цуглуулж, зарим гишүүд зурсан гэсэн. Миний хувьд Дубайд байгуулсан Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө гэгч луйврын гэрээг засаж сайжруулах шаардлагыг  тавьж байгаа. Ер нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэл хангалттай байна. Тэр дөнгөж томилогдоод л чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг” гэж онцлон,  анхаарлаа хандуулна гэж зарлачихаад өнөөг хүртэл хангалттай сайн ажилласангүй. Одоо эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, байдал тун амаргүй болж байна шүү дээ. Өргөн барьсан  2016 оны төсвийн төсөл нь хоорондоо уялдаа холбоо муутай, орлого нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллаагүй, холбоотой тооцоо судалгаанууд нь үнэхээр тааруу болсон байна. “Энэ жонхуурсан төслөө эргүүлэн татаад сайжруулаад оруулж ир” гэж манай бүлгийн бид хэдэн гишүүдийн саналыг бүлэг олонхоороо дэмжиж, Ерөнхий сайдад албан ёсны санал хүргүүлснийг хүлээж авна гэдэгт итгэж байна. Засгийн газрын зүгээс албан ёсны хариу хараахан ирээгүй байна.

-Таны хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан уу?

-Миний хувьд гарын үсэг зураагүй.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Засгийн газрын тогтвортой байх эсэх нь өөрөөс нь хамаарна. Өөрийгөө зөв чиглүүлээд, одоогийн хүндрэлээс гарах шийдвэртэй арга хэмжээ аваад, зөв шийдэл гаргаад байвал байж байх болно. Иймэрхүү байдлаар үргэлжлээд байвал нэг их удахгүй байж мэднэ. Одоо төсөв батлагдах хүртэл ямар ч байсан харах байлгүй дээ. Тэрнээс цааш олигтой ажиллахгүй бол баяртай болох байлгүй.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо “Улс орны нөхцөл байдлыг сайжруулна” гэж уриалчихаад, парламентэд байгаа бүх намуудыг Засгийн газарт орохыг уриалсан. МАН энэ асуудлаар бага хурлыг хуралдуулж хамтрах шийдвэр гаргасан. Гэтэл найман сарын дараа МАН-ын сайдуудыг хөөж гаргасан. Одоогоор ард түмний амьдрал, улам муудаж байна. Иймээс би энэ Засгийн газрыг байх шаардлагагүй гэж бодож байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна