С.Мөнхбаяр: Шилдэг багууд дундаас тодорно гэдэг хэцүү

2015 оны 11 сарын 4

Сагсан бөмбөгийн “Үндэсний цом-2015” тэмцээний хүрэл медальт Сүхбаатар аймгийн багийн ахлагч, спортын мастер С.Мөнхбаяртай ярилцлаа. Энэхүү тэмцээнд 15 аймгийн баг оролцож, Орхон, Дархан-Уул аймгийн багууд мөнгө, хүрэл медалийг хүртсэн билээ.

-Юуны өмнө Үндэсний цомд оролцсон багийн бүрэлдэхүүнээ танилцуулна уу?

-Манай багийн хувьд Спрайт лигт тоглодог бүрэлдэхүүн дээр залуучуудын шигшээ багт тоглодог Б.Батзолбоо, Э.Дөлгөөн, II шигшээн Эрдэнэдалай, “Эрдэнэдрийлинг Ригс” багийн төвийн тоглогч н.Сүхбат нар нэмэгдсэн. Спортын мастер, дэд мастер цолтой 5 тамирчин байсан бөгөөд ОУХМ цолтой тамирчин байгаагүй. Зарим багууд маш хүчирхэг байсныг тэмцээний турш харсан байх. Гэхдээ бид шилдэг багууд дундаас шалгарч хүрэл медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байна. Үнэхээр том өрсөлдөөн гарлаа.

-Хэсгээ тэргүүлсэн багийн хувьд шөвгийн наймд нилээн хүчтэй бүрэлдэхүүнтэй Хөвсгөл аймгийн багтай таарчээ. Гэтэл тэднийг хожиж, хагас шигшээд шалгарна гэдэг бол хүнд даваа байсан байх. Гэхдээ та нар чадсан байна.?

-Энэ удаагийн тэмцээнд 15 аймгийн баг оролцсон. Багууд дөрвөн хэсэгт хуваагдсан. Бид Архангай, Өвөрхангай аймгийн багуудтай нэг хэсэгт багтсан. Хэсэгтээ хоёр хожил авснаар нэгдүгээр байраар шалгарсан. Бид шөвгийн наймд С хэсийн хоёрдугаар байраар шалгарсан Хөвсгөл аймгийн багтай тоглосон байгаа. Лигийн тэргүүн тоглогч ОУХМ Ж.Майбаяр, ОУХМ Б.Пүрэвдорж, ОУХМ Г.Наранбаатар,  ОУХМ  Т.Санчир, ОУХМ М.Отгонмөнх болон залуучуудын шигшээ багийн холбогч О.Цэлмэг нарын шилдэг тамирчдыг эгнээндээ багтаасан баг биднийг хүлээж байлаа. Мэдээж медалийн төлөөх хариуцлагатай тоглолт байсан учраас бүгд л сайн тоглохыг хичээсэн. Хожигдсон нь цааш тоглох эрхгүй учир яах аргагүй хожих л үүрэгтэй талбайд гарсан. Бид тоглолтын үндсэн цагт 79:79-өөр тэнцүүлж чадсан. Нэмэлт цагт Б.Батзолбоо, Э.Дөлгөөн нар маань шилдэг тоглолтыг үзүүлж, 91:85 онооны харьцаагаар хожсон байгаа. Энэ тоглолт үнэхээр хүнд, хариуцлагатай тоглолт байлаа. Э.Дөлгөөн 29, Б.Батзолбоо 16 оноог авсан бол Хөвсгөлийн багаас Т.Санчир 29, М.Отгонмөнх 17 оноо авсан үзүүлэлт гарсан. Мэдээж Супер лигийн шилдэг тоглогчдыг эгнээндээ багтаасан Хөвсгөл аймгийн багийг медалийн төлөө тоглох багаар зүй ёсоор нэрлэж байсан. Бидний хувьд энэ хүчирхэг багийг хожин гэдэг бол аварга болсны дайтай л байлаа.  

-Хөвсгөл аймгийн хүчирхэг багийг хожсон танай багийн хувьд мэдээж аваргын төлөө тоглохыг хүссэн байх?

-Хагас шигшээ тоглолтод үлдээд мөнгөн медалийн төлөө Орхоны багтай тоглосон. Өдөрт хоёр тоглолт хийнэ гэдэг бол хүнд байдаг. Үдээс өмнө шөвгийн наймын тоглолтыг хийсэн бол үдээс хойш мөнгөн медалийн төлөөх тоглолттой байсан. Хөвсгөлийн багтай тоглоход ядралт их байлаа. Энэ эрч маань оройн тоглолтод бүрэн арилж чадаагүй. Тиймээс  “Супер лиг”-ийн “Танан Гарьд” багийн довтлогч М.Дорждагва тэргүүтэй Орхоны багт хожигдсон. (63:72) Мэдээж аваргын төлөө тоглох хүсэл байсан. Гэвч хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Төв аймгийн багийг хожлоо. Бид энэ тоглолтын эхний үед 16:22-оор хожигдсон ч энэ байдлыг хоёр, гуравдугаар үед засаж, оноогоор тасран дөрөвдүгээр үед хамгаалж чадсанаар 72:65-аар өрсөлдөгчөөр хожсон.

-Танай багийн хувьд энэ удаагийн тэмцээний үеэр болсон шидэлтийн тэмцээнд амжилттай оролцож, түрүүлсэн байна.?

- Багийн шидэлтэд Дээд, Спрайт лиг, олон танил тамирчин болон багийн эзэд орсон. Багийн тоглогчид бүгд эхний шидэлтээрээ гүйцэтгэлээ амжилттай хийж, 19 секундэд багтаан дуусгасан. Энэ амжилтыг цаашид хэзээ эвдэгдэх бол гэсэн асуулт ч бас үлдлээ. Энэ амжилтарааа тус тэмцээний аварга болсон. Бусад багуудын хувьд 26 секунд ч 3 минутад ч гүйцэтгэлээ хийсэн байгаа. Энэ бол манай багийн ур чадварыг харуулж чадсан. Энд гаргасан амжилтаа бид цааш алдахгүйг хичээж, тоглолт бүр дээр үүргээ сайн биелүүлж чадсаны үр дүнд анхдугаар тэмцээний хүрэл медалийг авч чадлаа.

-Мөн бэлэгдлийн тавд Сүхбаатар аймгийн багийн хоёр тоглогч багтсан байна?

-Тиймээ энд яах аргагүй шилдгүүд багтдаг. Билэгдлийн тав буюу гарааны таван тоглогчид манай багаас Б.Батзолбоо, Э.Дөлгөөн нар орсон. Тэдний хувьд энэ тоглолтоор өөрсдийгөө ямар хэмжээнд хүрсэнээ харуулсан.

-Сүхбаатар аймгийн баг хүчирхэг болсоноо энэхүү тэмцээнээр харууллаа. Цаашид танай аймаг энэ спортыг хөгжүүлэхэд ямар тэмцээн зохион байгуулж байгаа вэ?

-Бид наймдугаар сард 21 аймгийн дунд болсон “В” зэрэглэлийн тэмцээнд дэд байрт шалгараад байсан. Харин үүний дараа Улаанбаатар хотноо Сүхбаатар аймгийн шилдэг сагсан бөмбөгчдийг тодруулах зорилгоор лигийн тэмцээн эхэлсэн. Энэхүү анхдугаар тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван баг өрсөлдөж байгаа. Энэ тэмцээн ирэх сарын эхээр дуусна. Тэгэхээр энэ зун бид бэлтгэл сайтай байлаа. Тийм учраас баг тамирчид өндөр амжилтыг гаргасаар байна. Магадгүй үүнд Сүхбаатар аймгийн оюутын залуус хөгжлийн төвийн тэргүүн Н.Жавхлан ахын ач тус гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.

Бэлтгэсэн: Ч.БОЛОРЧУЛУУН, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна