Хятад Тайванийн лидерүүд анх удаагаа уулзана

2015 оны 11 сарын 4

БНХАУ-ын дарга Си Жиньпин

Фото: Сергей Гунеев / РИА Новости

 

БНХАУ-ын дарга Си Жиньпин Тайванийн ерөнхийлөгч  Ма Инцю нар арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Сингапурт уулзана. Иргэний дайн төгссөн 1949 оноос хойш хоёр Хятадын лидерүүд анх удаагаа хэлэлцээр явуулах юм хэмээн The Guardian сонин мэдээлжээ.

 

Си Жиньпин ба Ма Инцю нар “улс тус бүрийнхээ асуудлаар санал солилцох болно” гэж Тайванийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Чарльз Чен (Charles Chen) хэлэв. “Айлчлалын зорилго нь Тайванийн хоолойн орчим  хоёр Хятадын хооронд энх тайвныг хангах явдал” гэсэн байна.

 

Сингапурт уулзахын өмнө талууд тус тусын хэвлэлийн бага хурал хийлгэх ажээ. Бээжин Тайванийг өөрийн нутаг гэдэг бөгөөд нэгдэхийг нь хүлээж байна. Тайванийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа ирэх жил дуусах бөгөөд Хятадаас тусгаар тогтнолыг албан ёсоор зарлахын  төлөө зогсдог Ардчилсан дэвшилт нам 2016 оны нэгдүгээр сарын сонгуульд ялах магадлалтайг сонин бичжээ.

 

НХАУ-ын төв засгийн газар, арлын мужтай холбоогоо 1949 онд тасалсан байна. Хятадын иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүч аралд суурьшнаас  тэдний харилцаа тасран мууджээ. Хоёр Хятадын хооронд ажил хэргийн болон албан бус  харилцаа 1980-аад оны эцсээр сэргээгдсэн байна.

 

Тайванийн эрх баригчид анхны хувийн нислэгийг Хятадад хийхийг 2010 онд зөвшөөрсөн юм. Анхны онгоц нь ажил хэрэгч Терри Гоугийн хувийн хөлөг байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна