Сансараас жиргэгч Скот

2015 оны 11 сарын 4

 

Скот Келли. 2015 оны 3 дугаар сарын 27-оос хойш тэр сансараас жиргэж байна. Ирэх оны хавар хүртэл тэндээ сууна. Скот бол АНУ-ын НАСА, ОХУ-ын РОСКОСМОС-н хамтарсан “Сансарт нэг жил” хөтөлбөрийн хоёр гишүүний нэг. Би түүний сая сая дагагчдын нэг. Гэрэл зургуудынх нь талаар жинхэнэ гайхамшиг гэхээс өөр хэлэх үг алга. @StationCDRKelly Сонирхоод үзээрэй.

 


 

Скот сансрын харанхуй цээлд хөвөх хөлгийн бүхээгээс дарсан зургуудаа тайлбартайгаар жиргэдэг юм:

 

“Өглөөний мэнд дэлхий. Чи минь ямар сайхан тайван амгалан харагдана вэ”

 

“Энэ ногоон хадан уулс хаш чулууг санагдуулчихлаа”

 

“Ойрхи Дорнод. Хичнээн их түүх, хичнээн их уй гашуу вэ”

 

“Хьюстонд өнөөдөр дулаахан өдөр болох нь. Гэхдээ миний хувьд, ямар ч хүнд цаг агаарыг ажрахгүйсэн”

 

“187 дахь өдөр. Лондон-би чамайг харж байна. Франц–би чамайг харж байна”

 

“Бид дэлхийг маш хурдан тойрдог болохоор 92 минут тутамд өндөр шөнө солигдохыг хардаг”

 

“Дарамтлалаас сэргийлэх сарын аяны мэнд хүргье. Дарамтлалд орон зай үгүй - дэлхийн аянд нэгдээрэй”

 

“Багамын арлуудын наран шарлагын газар. Надад наанаа зай хадгалчихаарай. Тиймээ, яг тэр зайг”

 

“Гэрэл цахилгаангүй амьдарч байгаа Хойд Солонгосчуудыг хараад сэтгэл эмтэрчихлээ”

 


 

Арав гаруй жилийн тэртээ АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш “Бид 2020 онд саран дээр дахин очно. Тэндээсээ ангараг гариг руу ниснэ” хэмээн мэдэгдсэн түүхтэй. Түүнээс хойш НАСА төсвөө танууллаа, төлөвлөгөө тасалдах нь, хэтэрхий их мөнгө үрж байна, сансар судлалд баталдаг төсвийн үр ашгийг тооцох хэрэгтэй гэхчлэн 2020 оны төлөвлөгөөг саатуулж мэдэхээр олон асуудал хөвөрч ирсэн. Харин Обамагийн Засгийн газар сансар судлалд өндөр ач холбогдол өгч буйгаа нотлон хэд хэдэн дорвитой төсөл хэрэгжүүлсний нэг нь ОХУ-тай хамтарсан “Сансарт нэг жил” хөтөлбөр юм. Сансарын уудмын хүнд орчинд хүний бие организмын өөрчлөлт, зохицлыг судлах нь энэ удаагийн хөтөлбөрийн чухал хэсэг. Мэдээж, хүн төрөлхтний ангараг хүрэх нислэгийн бэлтгэл гэж болно. Бас дэвшилтэт технологийн туршилтуудаас эхлээд энд олон судалгаа явагдаж буй.

 


 

Скот заримдаа дэлхийгээс ирсэн асуултуудад хариулдаг юм.

 

“-Ямар ном уншиж байна даа?

 

-Сорилт: Шакилтоны гайхамшигт аялал номыг уншиж байна”

 

“-Марс руу нисэх боломж гарвал явах уу?

 

-Тиймээ, эргэж ирэх боломжтой гэж үзвэл”

 

“-Та нар хогоо яадаг вэ?

 

-Наадах чинь асуудал шүү. Тусгай хүргэлтийн пуужинд ачиж буцаадаг”

 

“-Дэлхий, сансар хоёрын аль нь дээр байна?

 

-Мэдээж дэлхий. Гэхдээ энд байгаа нь нэр төрийн хэрэг”

 

“-Миний асуулт нээрээ сансарт хүрч байна гэж үү?

 

-Тийм ээ, сансрын бүхээгт ирээд байна”

 

“-Хоолоо хаанаас авдаг вэ?

 

-Дэлхийгээс тусгай хүргэлтээр. Бас энд тарьсан салатны навч  иддэг. Туршилтын хэсэг л дээ”

 

“-Сансарт жил болох дараагийн хүндээ юу захих вэ?

 

-Уужуу бай. Сайн амар. Тэгээд нэг жил урт хугацаа гэдгийг ухаар гэж хэлнэ”

 

“-Яг одоо харж байгаа зүйлийнхээ зургийг дараад жиргэж чадах уу?

 

-Мэдээж, хэдэн минут орох байх шүү, хүлээж байгаарай”

 

“-Наана чинь интернэт хир хурдан бэ?

 

-Dial-up-г мартаагүй биз дээ, тиймэрхүү”

 

“-Энэ удаагийн даалгавраас юу ойлгож авав даа?

 

-Гараад явчих аргагүй нөхцөлд байснаар эрх чөлөөг эрхэмлэхийг улам ухамсарлаж байна”

 

“-Зугаацах үедээ юу хийдэг вэ?

 

-Бага зэрэг уншина, утсаар ярина, дэлхийг ажиглана, заримдаа зурагт харна”

 

“-Сансарт удахаар биед чинь өөрчлөлт орж байна уу?

 

-Наадах чинь энэ нислэгийн судалгааны чухал хэсэг. Очоод мэдэх байх даа. Ер нь бол тийм л гэмээр байна”

 


 

Скотын жиргээ бүрийг дэлхийн хүмүүс харамгүй лайкдахын зэрэгцээ сансрын уудмыг судлах баатарлаг үйлсийг нь шагшин магтсан жиргээгээр хариу булцгаадаг юм.

 

Михайл Корниенко, Скот Келли нар  Байконурын сансрын нисэх буудалд ирэх хавар газардах учиртай. Нислэгийн явцыг харуулсан баримтат цувралуудын нэг дээр Скот эх дэлхийд газардах өдрийнхөө тухай сэтгэгдлээ ярьжээ. “Үүргээ гүйцэтгэж дуусах тэр өдөр яг эхэлсэн үеийнх шигээ эрч хүчтэй байхыг хүсч байна. Хамгийн мөрөөдөж буй зүйл гэвэл дэлхийд буцаж очоод гэрийнхэнтэйгээ уулзахыг эс тооцвол зүгээр л гадаа гарах явдал. Тойрог замаар нисч явахдаа дэлхий гаригынхаа хамаг сайн сайхныг ханатлаа харж авлаа. Харин түүн дээрээ газардаж нүүрэн дээр нар ээж, хүзүүгээр салхи сэвэлзэхийг мэдрэхийг хүсч байна” гэжээ.

 

 

“Сансарт нэг жил” хөтөлбөр байнгын хоёр гишүүнтэй. Нөгөө нь ОХУ-н сансрын нисгэгч Михайл Корниенко. Скотын хувьд энэ бол сансарын гурав дахь нислэг нь.Өнгөрсөн аравдугаар дугаар сард тэрээр сансарын уудамд хамгийн урт хугацааг өнгөрөөсөн хүн төрөлхтний рекордыг эвдсэн билээ.

 

Өөр нэг сонин гэвэл, түүний ихэр нь мөн л алдартай сансрын нисгэгч Марк Келли. Тэрээр “Сансарт нэг жил” хөтөлбөрийг эх газраас удирдах багт ажилладаг. Марк Келлигийн эхнэр Аризона мужаас сонгогдсон сенатор Габриел Гифордс 2011 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад зэвсэгт халдлагад өртөн тархины хүнд гэмтэл авсан юм. Марк, Габриел нарын амь амьдралын төлөөх, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл америкчуудын анхаарлын төвд байдаг сэдвүүдийн нэг. Скотыг эх газартаа ирсэний дараа хийх чухал туршилтуудын нэг нь Марк, Скот нарын биед генетикийн харьцуулсан судалгаа хийх явдал юм.

 

 

@STsetseg

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна