ОХУ, АНУ-ын онгоцнууд хамтран туршилт хийв

2015 оны 11 сарын 4

 

АНУ болон ОХУ-ын онгоцнууд Сирийн агаарт хоорондоо харилцаа тогтоох туршилтын сургуулилт хийжээ. Хоорондоо харилцаа тогтоох туршилтын нислэг Сирийн төв өмнөд хэсэгт гурван минут орчим үргэлжилсэн байна. Энэ нь ОХУ болон АНУ-ын байлдааны онгоцнууд Сирид агаараас цохилт өгөх үедээ нэгнийгээ таних, хоорондоо тулалдахгүй байхад туслах аж. Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард АНУ болон ОХУ-ын байлдааны онгоцнууд Сирид нэгэндээ хэт ойртсон хэрэг гарсан байна.

 

ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаараас цохилт өгч эхлээд буй юм. Гэвч Барууныхан ОХУ-ыг Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжих зорилгоор босогчдын байршлуудад цохилт өгч байгаад хардаж байна. Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гаригт /XI.3/ “Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад суудалдаа үлдэх эсэх нь бидэнд чухал биш. Энэ бол Сирийн ард түмний шийдэх хэрэг” хэмээн мэдэгджээ. Үүний зэрэгцээ ОХУ ирэх долоо хоногт Москва хотноо Сирийн засгийн газрын албаныхан болон сөрөгч хүчнийхний хооронд дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Вена хотноо Башар аль-Ассадын холбоотон Ираныг анх удаа оролцуулсан Сирийн асуудлаарх уулзалт болсон юм. Сирийн засгийн газрын эсрэг босогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө тэмцэж байна. Сирийн засгийн газар болон босогчдын хоорондын тэмцэлд 250 мянга гаруй хүн амь үрэгдэж, нэг сая хүн гэмтэж шархтан, 11 сая хүн орох оронгүй болж, дүрвээд байгаа юм. Үүний зэрэгцээ “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Сири болон Иракийн газар нутгийн нэлээдгүй хэсгийн эзлэн исламын халифатыг байгуулах гэж хичээж буй. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэл өнгөрсөн оноос Ирак болон Сирийн байршлуудад агаараас цохилт хийж байна.   

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна