Хямралтай үеийн хөөстэй төсөв

2015 оны 11 сарын 4

Төсвийг эрүүлжүүлэхийн тулд төрийн албаа цомхотгож, цалинг бууруулах Засгийн газрын  бодлого улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарч, ингэсхийгээд өмнөх жилүүдийн адил хөөстэй төсөв батлагдах нь тодорхой болж байна. Төсвийн тодотголоо ДНБ-ийн таван хувьтай тэнцэхүйц алдагдалтай баталж байгаа улстөрчдөд үнэндээ сонгуулиас өөр бодох, санах зүйл байхаа больжээ.

Сонгуулийн жилийн төсөв болоод ч тэрүү парламентад суудалтай намууд төрийн албыг цомхотгож, саналын тоогоо алдахыг хүсэхгүй байгаа нь илт. Иймэрхүү эрсдэл гаргаж, халаасны оноогоо хасуулснаас “хамтдаа үхсэн нь дээрээ” гэсэн сонголтыг намууд хийж байна гэж хэлж болохоор. Учир нь зарим улстөрчид “төрийн аппарат хэдэн хүнтэй байх чухал биш”,  “ер нь яах гэж төр аппаратаа томруулсан юм бэ” гэх утгатай зүйлийг хэлээд эхэлснийг сонсвол шүү дээ. Угтаа төр гэсэн эзэн биегүй зүйлд буруугаа тохчихоод сууж байгаа нь улстөрчид өөрсдөө л төрийн аппаратын данхайлгасан гол буруутнууд биш үү. Гэсэн мөртлөө өнөөдөр их гэмгүй царайлсан буянтнууд болчихож гэнэ дээ.

Эрх баригч намын даргын хэлснээр эдийн засаг хямралтай, ирэх жилүүдэд ч энэ янз, байдлаасаа салж чадахгүй гэсэн тас хар таамаглал байгаа нөхцөлд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн” бол баялаг бүтээгчдийн нуруун дээрх төсвийн дарамт бага ч гэсэн буурах байсан юм.  

Төсвийн дарамтыг бууруулж, төрийн албыг цомхотгон, нөгөө талдаа чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтаа танаж, алдагдалгүй төсөв баталж чадвал арилжааны банкуудын “атганд” орсон хувийн хэвшлийнхэнд бага зэргийн боломж олдох байлаа.  Сүүлийн таван жилд эдийн засагт харагдаагүй эерэг нэг үзүүлэлт бол инфляцийн нам төвшин. Өнөөдрийнх шиг улсын хэмжээгээр инфляци 4.6 хувьтай гарч байгаа нөхцөлд бодлогын хүүг 13 хувиас хоёр дахин бууруулах боломж бий. Энэ тохиолдолд Засгийн газрын үнэт цаасыг худалдаж аваад, зээлийн өндөр хүүгээр “баяжаад” байна гэсэн банкныхаа системийг эрүүлжүүлж чадна.

Харамсалтай нь, сар болгон 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдал үйлдвэрлэж буй Засгийн газрын эсрэг Монголбанкны тавьсан сум нь мөнгөний хатуу бодлого. Гэхдээ мөнгөний хатуу бодлого нь Ч.Сайханбилэгийн тоглох боломжийг хзгаарлаж буй шигээ эргээд хувийн хэвшлийхний тэлэх, томрох орон зайг нь хумьж байна. Иймээс бодлогоо зөөллөх боломж олгоод аль гэж аль дээрээс хойш Н.Золжаргал  улстөрчдөөс гуйгаад сууж байна шүү дээ.  Харин улстөрчид нь урдаас нь салаавч гаргасан шигээ хөөстэй, хөнжлөө тийрсэн сонгуулийн төсөв батлах гээд сууж байна  даг.

 УИХ дээр ирэх оны төсөв,мөнгөний бодлогын хоёр дахь хэлэлцүүлэг ид явагдаж байна.  Төсөв, мөнгөний бодлогын хоёр дахь хэлэлцүүлэг бол хамгийн чухал хэлэлцүүлэг байдаг. Нэгдүгээр хэлэлцүүлгийн үед  төсвийн эрүүл бодлого, хасалт таналтын талаар ярьж суусан улстөрчид энэ хэлэлцүүлгийн үеэр байр суурь нь зуун хувь өөрчлөгдөх тохиолдол олон.  Ямар сайндаа л төрийн албыг цомхотгох нь зөв хэмээн ярьж суусан эрх баригч намынхны толгой 180 градус эргэчихсэн, "төрийн албыг цомхотгох дэмий юм байна"гэх ухааны юм яриад сууж байна даг.  Ингэх байсан юм бол эхнээсээ яах гэж төрийн албыг эрүүлжүүлнэ гэж элий балай юм ярьдаг байна аа.

Хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр улстөрчид жинхэнэ хор, ховоо хутгадаг.  Тойрогтоо хэдийг татах уу, хэнтэй хуйвалдах уу гэдгээ энэ л хэлэлцүүлгийн үеэр хийнэ. Харин гурав, дөрөвдүгээрх хэлэлцүүлэг хэлбэр төдий, нэг өдрийн дотор зохицуулагддаг болохоор  хэрэв төсвийн бодлогоо эрүүлжүүлье гэж хүсч байгаа улстөрчид байвал хоёр дахь хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцоорой гэж хүсье.

Харамсалтай нь, чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирцийг харахад Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэх үеэр ирц нь 69 хүрсэн нь энэ намрын хамгийн олон гишүүн хуралдаа суусан чуулган гэж хэлж болно. Бусад чуулганы хуралдаанд бол “Шаварт суусан шарын эзэн” гэгчээр Сангийн сайд Б.Болороос өөрөөр эрх баригч хүчнийхний оролцох идэвх тун сул байгаа.

Засгийн газрын өргөн барьсан төсвийн төсөлд төрийн албыг цомхотгож, Засгийн газрын яамдын тоог цөөлөхөөр болсон. Гэвч, дараагийн засгийн бүрэн эрхэнд халдаж байна гэсэн шүүмжлэлийн дагуу Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах асуудлаа буцааж татаж авсан юм.  Сөрөг хүчний зүгээс хэрэв Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх болсон билээ.  Тэгэхээр засгийнхаа бүтцээр оролдож байгаад Ч.Сайханбилэгийн хувьд Н.Алтанхуяг шиг бусдын тавьсан “хавханд” гүйгээд орчихгүй гэх баталгаагүй. Иймээс яамдын тоог цөөрүүлэх бодлогыг Б.Болор дахин оруулж ирэх нь юу  л бол.

Энэ бүхнээс ирэх жилийн төсвийг улстөрчид наанаа уйлсан дүр эсгээд цаанаа өнөөх л хөөстэй, сонгуульд зориулсан төсвөө батлах шинжтэй. Угаасаа ч улстөрчид энэ маягар төсвөө батлаад сурчихсан хүмүүс. Сум болгонд сургууль, соёлын төв барьж байхаар улсдаа ганцхан байгаа хавдрын эмнэлэг, халдварын эмнэлгээ өргөжүүлэх, ядаж нэгийг нэмээд барьчих ёстой юм биш үү.

Сүүлийн таван жил хамгийн муу төсөв батлагдаж байгааг улстөрчид шүүмжлэх болсон байна лээ. Худлаа цэцэрхэж суухаар мэдэж байсан юм бол түүнийгээ эртхэн засахгүй яасан юм. Ядаж л ирэх жилээс засахыг хичээх хэрэгтэй юм биш үү. Тэгээд ч төсөв батлагдчид нь УИХ болохоос ард түмэн биш шүү дээ. 

 Ж.ЭРХЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна