Батзаяагийн хэрэг: Хэн юу хэлэв?

2015 оны 11 сарын 4

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэвлэлд хэн юу гэж хэлж байсныг эргэн сануулъя.


ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Баатархүү:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан иргэн Б.Батзаяаг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилсан. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа хэлсэн үг:

“Х.Баттулга Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд “Монголын төмөр зам” компаний захирал Б.Батзаяа оролцож гарын үсэг зурсан. Тэдний гар барьсан зургууд интернэтэд тавигдсан нь үүнийг батална. Х.Баттулга ийм гэрээ байгуулаагүй гэж хэлдэг ч 20 хуудас, англи хэл дээр хийсэн гэрээ бий.”

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

"Тэр гэрээг би нүдээрээ үзсэн. Яах аргагүй Х.Баттулгын гарын үсэг зурсан гэрээ байна лээ."

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

"Хувийн дуусашгүй шунал, өчүүхэн атаархлаар улсын ажлыг хорлож, С.Баяр, Сү.Батболд нарын толгойлсон засгийг дөрвөн жил ажил хийлгээгүй. Одоо ч Н.Алтанхуягийн засагт тээг болоод л явж байна. Х.Баттулга ҮХААЯ-наас гадна Зам тээврийн яамыг удирдаж байгаа. Төмөр замын асуудлаар А.Гансүх Х.Баттулгын  амнаас зөрж шийдвэр гаргана гэж байхгүй. Засгаас ганц ч төгрөг авалгүйгээр төмөр зам барьчих боломж байсан. Төмөр  замыг хоёр  жилийн дотор барьчихна гэж амлалт өгсөн хүн нь одоо төрийн ажлыг  хорлоод байхад энэ хүнийг цаашид байлгаад байх юм уу. Х.Баттулга жишээ нь ямар үнэтэй хүн бэ. Төмөр замаар ямар луйвар, будилаан хийгдсэнийг нэгбүрчлэн мэднэ. Хэнд ч хэрэггүй далан шороо ухаад 50 тэрбум төгрөгийг шороонд булсан. Энэ бол хариуцлагагүй үйл ажиллагаа бус цэвэр хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Би Х.Баттулгад дургүйдээ ингэж ярьж байгаа юм биш. Улстөрчийнх нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолтой этгээд байхгүй, олигтойхон ярьж ч чадахгүй.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

"Хийж чадахгүй бол чадах хүнд нь ажлаа өг"

УИХ-ын гишүүн Х.Баттулга:

"Б.Батзаяа бол зарчимтай хүн. А.Гансүх бол хуульч хүн. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Гэвч мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу"

"Дайрсан юм байхгүй ээ. Бодит байдлыг л ярьсан. Цагдаагийн даргыг хэн томилдог юм бэ, Ерөнхий сайд. Тэр утгаар нь хэрвээ иймэрхүү байдлаар ажиллах гэж байгаа бол асуудлыг өөрөөр ярина шүү л гэсэн. Би багийн нөхдөө, хамт ажиллаж байсан нөхдөө өмгөөлж, хамгаалах ёстой"

"Миний судалсан гэх юм уу, сонссоноор А.Гансүх Зам тээврийн сайд байхад бондын мөнгөнөөс 400 саяыг шийдвэрлэж, 200 саяыг нь авч компаниуд нь ажлаа хийсэн гэдэг юм. Засаг, АН-ын бүлэг дээр ч тэгж танилцуулдаг байсан. Ажил хариуцсан хүмүүсийнх нь тийм ярилцлагыг уншиж байсан. Одоо ажил хийсэн компаниудыг цагдан хориод шалгаж байх шиг байна. Шалгалтын дүнд хэн, юу хийсэн нь гарч, нотлогдоод ирнэ биз. Хардаад, сэрдээд байгаа хүмүүс газар дээр нь очоод үзэх хэрэгтэй. Очсон хүмүүс “энд ажил хийсэн юм уу” гэж асуудаггүй л юм билээ. Хуулийнхан ч гэсэн газар дээр нь очоод үзэх хэрэгтэй.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа:

“Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан”   

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна