Гишүүд картаа сугалснаар хурал хойшиллоо

2015 оны 11 сарын 4

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд нэр бүхий гишүүд картаа сугалснаар хуралдаан үргэлжлэх боломжгүй болж хойшиллоо.

Засгийн газар 2016 оны төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг Усын сав газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа зэрэг хэд, хэдэн газрыг татан буулгахаар заасан юм.

Харин тус байнгын хороонд харьяалагддаг УИХ-ын гишүүн С.Оюун, Я.Содбаатар нар 2016 оны төсвийн хуультай холбоотойгоор Усны сав газрын урсгал зардлыг нэмж, тус газрыг татан буулгахгүй байх, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны зардлыг хэвээр үлдээж татан буулгахгүй байх зэрэг горимын санал гаргасан байсан юм.

УИХ-ын гишүүн С.Оюуны тайлбарласнаар Усны сав газрын жилийн усргал зардал нь 2.2 тэрбум төгрөг боловч олдог орлого нь 34 тэрбум төгрөг. Нийт орлогын 90 хувь нь усны төлбөрөөс орж ирдэг. Усны нэгдсэн менежмэнт бий болгохын тулд салбарын яам олон жилийг зарцуулсан, мөн ийм оновчтой бүтэц бий болгох гэж нэлээд цаг зав зарцуулсан. Дэлхий нийт усны нөөцөд анхаарал хандуулах болсон. Монгол Улс усаа зөв зохистой ашиглах шаардлагатай болж буй.

Мөн төсөв хүндрэлтэй байгааг ч зардал хэмнэх нэрийн дор төсөвт орлого төвлөрүүлдэг хэсгээ татан буулгачихаар олдог орлогоо өмнөх шигээ төвлөрүүлж чадах уу, эргүүлээд байгуулахын тулд өмнө зарцуулснаасаа их хөрөнгө зарах. Нөгөө талдаа байгаль усаа хамгаалах төрийн бодлого алдагдах гээд сөрөг үр дагавар олон тул үүнийг бодолцож гишүүд кнопоо дарахыг хүссэн юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны зардлыг 1.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай тухай үндэслэлээ тайлбарласан. Гэвч байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дээрх саналыг дэмжсэнгүй, унав. Үүнээс болж, маргаан үүслээ.

Тухайлбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд: Эдийн засгийн хүндрэлтэй байгаагаас төсөв нь хамгийн ихээр танагдсан салбар бол хөдөө аж ахуй, байгаль орчны салбар. Бүтцийн өөрчлөлтөд ч олноороо хамрагдаж байна. Байгаль орчноо хамгаалах, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх бодлогыг салбар хариуцсан байнгын хороо нь дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих юм. Түрүүн гаргасан 2 санал унасан нь байнгын хороо цааш хуралдах утгагүй болж байна.

Хэрэггүй, шаардлагагүй зардлууд олон бий. Жишээ нь, Дорнод аймагт малын хашаа барихад зориулж 1 тэрбум төгрөг тавих ямар хэрэгтэй юм. Сайд нь Дорнод аймагт харьяалагддаг л юм байгаа биз.

Ирэх онд шинээр барилга барихаар 127 тэрбум төгрөг суулгасан байгаа. Хэрэггүй зардлаа танаж чадахгүй хэрнээ хэрэгтэйгээ танаж байгаа нь утгагүй байна. Манай байнгын хороо шиг хамаг юмаа танаад ордог байнгын хороо алга. Бусад нь шаардлагатай, хэрэгцээтэй зардлуудаа тусгаад оруулж ирж байна.

Сангийн сайд Б.Болор: Засгийн газар бодлогоор эсрэг юм хийгээд байгаа юм биш. Орон нутаг бүрт байгаль хамгаалах алба байгаа, тэр хүрээндээ ажиллаад байх боломжтой гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Я.Содбааатар: Нэг газар хамгаалалтын байр барихад 400 сая, угтах хаалганд 290 сая, төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая тавьчихаад зардал хэтрээд байна гээд орлого оруулдаг газраа татан буулгадаг чинь зөв юм уу. гл

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төслийг Засгийн газар татан авсан. Хэсэгчилж татан авснаас болж, ойлгомжгүй байдал үүсч байна.

Усны сав газар сүүлийн 3 жилд 87 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. Орлого нэмэгдүүлэх боломжоо ярихгүй, хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалтаа хасч танаж чадахгүй байна. Жишээ нь АСЕАМ-ыг ирэх жил зохион байгуулахад нийт зардал нь 350 тэрбум төгрөг. Үүнийг улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанк хамтран гаргана. Миний хувьд хуралд оролцох боломж алга, картаа сугаллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Манайх шиг байгаль орчноо хамгаалахад 50 тэрбум төгрөг төсөвлөдөг улс орон хаа ч байхгүй. Жилийнх нь төсөв 50 тэрбум шүү, Байгаль орчин, ногоон, хөгжлийн сайдын багц нь.

Хоёр чухал санал өнөөдөр байнгын хороогоор дэмжлэг хүлээлгүй унасан нь гишүүд нь намын бүлэгтээ баригдсаны шинж. Нэг шорон барихад 20 тэрбумыг төсөвт суулгасан. Хэрэгтэй юм уу энэ чинь.

Байнгын хорооны дарга Су.Батболд: Хуралдаан үргэлжлэх боломжгүй боллоо, ирц 50 хувьд хүрэхгүй боллоо.

УИХ-ын гишүүн Д.Арвин: Хурлаа удирдаач ээ, чи. Ажлаа хийгээч.

Байнгын хорооны дарга Су.Батболд: Ажлаа хийхгүй байна гээд чи намайг огцруулах санал гаргахгүй юу. Мэргэжлийн байнгын хороо нь салбарынхаа төсвийг танаж гэнэ. Хэрэггүй зардлуудаа танахгүй, хэрэгтэйгээ танаад байж болохгүй. Бусад байнгын хороогоо хараарай.

Ийн хуралдаан хойшиллоо.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна