"Улсын төсөвт найдаж зэвсэг техникээ шинэчилнэ гэдэг хүнд байна"

2015 оны 11 сарын 4

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдөр хүртэл Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудад ажиллаад ирсэн билээ. Энэ тухай УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Батлан хамгаалах яам, ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлагууд та бүхэн УИХ-ын гишүүдийн хамтаар зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудаар ажиллаад ирэв. Энэ тухай тодруулахгүй юу?

 

-Өнгөрсөн жилээс эхлэн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд манай Зэвсэгт хүчний ангиудад ажиллаж байгаа. Энэ нь цэргийн ангиудын байдал, зэвсэг техникийн чадамж, барилга байгууламжийнх нь насжилт зэрэг олон асуудал судлах ажлын хэсэг байнгын хороонд байгуулагдсантай холбоотой. Ажлын хэсгийнхэн маань энэ удаа Дорнод аймаг буюу зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудаар гурван хоногийн туршид ажиллаад ирлээ. Энэ үер УИХ-аар саяхан Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогын баримт бичиг батлагдсан гарсантай холбогдуулан өөрчлөлт, шинэчлэлийнх нь тухай мэдээлэл хүргэж ажиллалаа. Цаашдаа баримт бичиг шинэчлэн батлагдсантай уялдан Монгол Улсын “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай”, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай”, “Дайны байдлын тухай”, “Дайчилгааны тухай”, “Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай” хуулиудад оруулах шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлтүүдийг төслөөр бэлтгэх ажил явагдаж байна. Түүнээс гадна “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар холбогдох яамдуудтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Мэдээж орон нутагт ажиллаж байгаа нь хуульд оруулах өөрчлөлт, шинэчлэлийг судалж таарна.

 

-Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядуудад тулгамдаж байгаа ямар асуудал байх юм?

 

-Өнөөдрийн хувьд зэвсэгээ сайжруулахаас илүүтэй техник хэрэгслээ засч сайжруулах, шинэчлэх бодит шаардлага тулгарч байна. Дээрээс нь цэргийн зориулалттай бус барилга байгууламжид байрлаж байгаа манай зэвсэгт хүчний ангиуд ангийнхаа барилга объектоо шинэчлэх хүсэлт маш их ирүүлж байна. Ирүүлэхээс ч өөр аргагүй. Стандарт бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа учраас үүнийг шат дараалан хэрэгжүүлж ажиллана. Нөгөө талаас 2015-2025 онуудад зэвсэг техникээ сайжруулах хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөж байна. Улсын төсөвт найдаад зэвсэг техник, хэрэгслийн шинэчлэл хийнэ гэдэг хүнд байна. Тийм болохоор улс орныхоо бүтээн байгуулалтад оролцох байдлаа нэмэгдүүлж, барилгын цэргийн ангиа өргөжүүлэх шаардлага бий. Үүний тулд удирдах ажилтнуудын сэтгэлгээг өөрчлөх шаардлага ч давхар тулгарч байгаа юм.

 

Түүнээс гадна Монгол Улсын батлан хамгаалах төрийн бодлогын баримт бичигт шаардлагатай цагт нэгдсэн Зэвсэгт хүчин болж ажиллах тухай тодорхой заасан учраас хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах ёстой. Дорнод аймагт ажиллахдаа ХХЕГ-ын даргатай хамтын ажиллагаагаа сайжруулах, хамтарсан дадлага, сургуулилт гүйцэтгэх тухай ярилцсан. Удахгүй ажил хэрэг болоод өрнөх байх.

 

-Та энэ онд Зэвсэгт хүчний ангиудаар сайн ажиллаж байна. Өнгөрсөн зун баруун аймгууд дахь Зэвсэгт хүчний анги, хангай бүс дэх Зэвсэгт хүчний ангиудаар ажилласан. Энэ удаа зүүн бүсийн Зэвсэгт хүчний ангид ажиллалаа. Цаашид хаана ажиллах вэ?

 

-Цэрэг эрсийнхээ гүйцэтгэх үүрэг, бүтээн байгуулалт, ололт амжилт болоод тулгарах саад бэрхшээлийг газар дээр нь очиж сонсох ёстой. Ингэснээр бодитой дүгнэлт гардаг юм. Цаашдаа төвийн болон зүүн бүс дэх Зэвсэгт хүчний зарим ангиар ажиллах хүлээлт бол бий. Удахгүй байх аа.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOD.GOV.MN