Шинэ цэргүүд сэтгэл дүүрэн байна

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Шинэ цэргүүд сэтгэл дүүрэн байна

Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон жинхэнэ ёсоороо багтаж, эхийн ачийг зүрхээрээ мэдэрдэг гэх сайхан үг бий. Өдгөө энэ оны хоёрдугаар ээлжийн цэргүүд эх орондоо тангараг өргөхөөр сэтгэл догдлон  хүлээж байна. Тангарагийн баяраар аав ээж, ахан дүүс, анд найзууд нь ирэх учраас тэдний өмнө өнгө жавхаатай, цог золбоотой харагдахын тулд тэд жагсаалын бэлтгэлдээ шамдан байна.

 

 

Тангараг өргөхөөр олон дайчид бие, сэтгэлээ бэлтгэж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн шинэхэн байлдагч нар ажээ. Өдөржин бэлтгэлдээ шамдсан  залуустай оройн тооны өмнөх чөлөөт цагаар төсөрхөн уулзаж ярилцахад бүгдээрээ "Цэргийн алба сайхан, ирсэндээ баяртай байна" хэмээн үгийн зөрүүгүй бахдах юм билээ. Энэ ангид Дорнод, Сүхбаатар, Хэнтий, нийслэл Улаанбаатарын харъяат залуус мөр зэрэгцэн алба хааж байна. Нийслэлийн Баянзүрх дүүргээс очсон Э.Төгөлдөр хэмээх нүдээрээ инээсэн өндөр бор залуу МУИС-ийг түүх, нийгмийн ухааны чиглэлээр төгсчээ. Сургуулиа төгссөн түүнд дараагийн том зорилго нь цэргийн алба хаах хүсэл тэмүүлэл байж. Цаашдаа бүр цэргийн мэргэжлээр суралцаж эх орондоо хүчин зүтгэх зорилготой гэдгээ анд нөхдийн андгай барилцсан үеийнхэндээ хэлнэ лээ. Харин Хэнтий аймгийн Бэрх тосгоноос очсон А.Баярхүү хэмээх залуу цэргийн албанд дурлан, дурлан ирснээ ч бас бахархан ярьсан. Эцэг, эхээс 11-үүлээ. Ах нарынх нь олонхи  цэргийн албанд яваад зан араншин төлөв томоотой, хүлээцтэй болж төлөвшсөн, бие бялдар нь эрүүл чийрэг болсоныг харсан дүү нь үлгэр авсан нь энэ ажээ. Түүний яриаг анхааралтай чагнах намхан бор залууг Ч.Бямбадорж гэж байна. Тэрээр таеквондогийн спортын мастер зэрэгтэй тамирчин гэнэ. Улсын аваргаас хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль, БНСУ-д болсон олон улсын тэмцээнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж байжээ. Спортоор багаасаа хичээллэсэн тэрээр жагсаалын бэлтгэлд төдийлөн ажрахгүй байгаа нь илт байв. Энэ мэтчилэн шинэхэн байлдагч нар цэргийн албаар бахдан, цэрэгжилтийн байдал, дэг журам, сахилга бат, хувийн зохион байгуулалт сайжирж байгаа тухай бие, биеэрээ жишээ татан ярьж, инээлдсээр үлдлээ. Магадгүй тэдний дунд ирээдүйн генерал, эх орноо  удирдан залах төр, нийгмийн зүтгэлтэн төлөвшин байхыг үгүйсгэхгүй юм.

 

Д.БОЛОР

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MOD.GOV.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж