МАН-ын дарга М.Энхболд Хятадын Энхтайван хөгжлийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015 оны 11 сарын 4

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд  Хятадын Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Ю Шяо Шуан тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клуб байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд “Хүүхдийн амбулатори” барихаар шав тавьсан билээ. Энэ бүтээн байгуулалтын нээлт маргааш болж, гэр хорооллын алслагдсан дүүргийн хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байна.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Хятадын төлөөлөгчдийг Монгол Улсад дахин ирж буйд талархаж буйгаа илэрхийлж, "Саяхан шав тавьж байсан хүүхдийн амбулатори маргааш нээлтээ хийх гэж байгаа Энхтайван хөгжлийн сангийн хамт олны уйгагүй хичээл, зүтгэлийн үр дүн" хэмээсэн юм. Уг хүүхдийн амбулаторийн санхүүжилтийг Хятадын Энхтайван хөгжлийн сангаас гаргасан юм байна.

 

"Энэ нь эргээд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж бодож буйгаа Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга уулзалтын үеэр онцолж байлаа.  Шинээр ашиглалтад орж байгаа хүүхдийн амбулаторид 250 мянган ам.долларын үнэ бүхий хүүхдэд зориулагдсан рентген аппарат, 4D эхо зэрэг хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд суурилуулсан нь орчин цагийн амбулаторийн шаардлагыг бүрэн хангаж байгаа ажээ. 

 

 

Уулзалтын дараа МАН-ын дарга М.Энхболд Хятадын "Синьхуа" агентлагт  цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө.

 

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН