Шударга ёс хөөгдөх болзлоо хангасан гэв үү?

2015 оны 11 сарын 4

Засгийн газарт хамтарч буй МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийг хөөгдөх болзлоо хангасан хүчин хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тодорхойлжээ. Тэрээр энэ тухай “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан намынхан дөнгөж саяхан л МАН-ыг засгаас хөөж, АН-ынхан “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засаг байгуулна гээд юу болов. Одоо гэтэл “Шударга ёс” эвслийн Г.Уянга гишүүн Засгийн газрыг огцруулна гээд гарын үсэг цуглуулаад явж байна. О.Баасанхүү гишүүн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулна гэж асуудал тавиад хэдэн сар болж байна. Татаж авахгүй улайраад л явж байна ш дээ. Хамтарч байгаа эвсэл нь аль хэдийнэ хөөгдөх болзлоо хангачихсан юм биш үү. Бид хамтарч байх үедээ огцруулах асуудал тавих биш, ачааны хүндийг нь үүрээд явсан. Тэр үед биднийг  “Бид хамтдаа” гээд аян зохион байгууллаа гээд засгаасаа хөөсөн. Өнөөдөр тэгвэл Ерөнхий сайдыг нь, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг нь огцруулна гээд байгаа намыг яагаад хөөхгүй байгааг би гайхаад байна” хэмээжээ.  Аргагүй л голоор нь хэлсэн байгаа юм шүү.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудал Үндсэн хуулийн цэцээс гарах их суудлын хуралдаан болж өнгөртөл хойшлоод буй. Энэ нь бараг 90 хоногийн хугацаа гэсэн үг.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхимыг огцруулах асуудал Тавантолгой тойрсон улс төр, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын баривчилгаанаас ихээхэн хамаарах болчихоод байгаа.

Г.ХОРОЛ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна