А.Гансүх: Шалгана л биз, энэ худал хов жив нэг тийшээ болог

2015 оны 11 сарын 4

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг баривчлан шалгаж байгаатай холбогдуулан тухай үед тус салбарын сайдаар ажиллаж байсан А.Гансүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Б.Батзаяаг нэлээд их хэмжээний мөнгөний асуудлаас болж баривчилсан гэдэг мэдээлэл цагдаагаас өгсөн. Та энэ хэрэгтэй танилцсан уу?

-Би бас хэвлэлийн мэдээлэлтэй байгаа. Мөрдөн байцаалт явуулж байгаа хэргийг хэн дуртайд нь танилцуулахгүй шүү дээ. Хэвлэлээс л мэдээлэл аваад явж байна. Одоогийн байдлаар залилангийн шинжтэй гэсэн зүйл яриад байгаа. Залилан бол хэн нэгэн хүн залилуулсан байх хэрэгтэй. Тэр хүн нь гомдол гаргаад түүнийг нь цагдаа шалгадаг. Тэгэхээр нэмж хэлэх зүйл алга.

-Таныг сайдаар ажиллаж байхад Б.Батзаяа Төрийн нарийн бичгийн дарга байсан. “Самсунг Си энд Ти” компанитай холбоотой гээд байгаа тухайд?

-Зам тээврийн яам бол зам тээврийн салбарын бодлогыг төлөвлөж, УИХ, Засгийн газраар шийдвэр гаргуулж, хэрэгжилтийг нь хангаж ажилладаг. “Монголын төмөр зам” компани төмөр зам барих үйл ажиллагааг өөрөө удирдаад авч явж байсан. “Монголын төмөр зам” компани бол Төрийн өмчийн хороонд харьяалагдаад тэнд тайлан балансыг нь шалгадаг, менежментийг нь удирддаг. Зам тээврийн яам бол бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэжил арга зүйгээр удирдаж явдаг. Тэр үед манай Төрийн нарийн бичгийн дарга Батзаяа “Монголын төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

-Төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл нь ил гарахгүй байгаа. Будлиантай учраас ил гаргахгүй байна гэсэн?

-Шалгаад тогтооно биз. Техник эдийн засгийн үндэслэл нь “Монголын төмөр зам” компани дээр хийгдэж байгаа шүү дээ. Нөгөө талаасаа энэ шалгалт нь зөв юм уу гэж бодож байгаа. Шалгаад энэ худал хов живийг нэг тийш нь болгоод, төмөр зам дээр мөнгө төгрөг идсэн уусан эсэхээр нийгэмд нэг мөр ойлголт өгөх хэрэгтэй. Ер нь би шалгуулах талыг барьж ажилладаг. 2013 онд энэ асуудал яригдаад, нэг иргэн намайг гүтгэсэн. Тэгэхэд би өөрийгөө АТГ-т шалгуулсан. Яг энэ асуудлаар. Одоо Батзаяагийн ээлж ирж байгаа юм байлгүй. Шалгагдаад гараад ирэг.

-Энэ хэрэгтэй холбоотойгоор дахиад өөр хүмүүс баривчилна гэсэн мэдээлэл гараад байна?

-Тэрийг мэдэхгүй байна. Хүчний байгууллагын хийж байгаа ажил.

-Та Б.Батзаяатай хамт ажиллаж байсан хүний хувьд ийм хэрэгт холбогдох магадлалтай гэж бодож байна уу?

-Зам тээврийн яаманд гарч байсан тушаал шийдвэр, бодлогын баримт бичиг, бүх ажлаа хуулийн дагуу хийж байсан. Тийм ч учраас 2013 онд энэ асуудлаар АТГ-т шалгуулсан.

-Одоо ингэж асуудлыг дахин сөхөж байгаа шалт­гаа­ныг та юу гэж харж бай­на вэ?

-Би байр суурь илэрхийлэх хэцүү байгаа юм. Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд түрүүн хэлчихлээ. Хуулийн дагуу ажиллаж байсан бид. Хуульч хүний үүднээс шалгагдаж байгаа хэргийн талаар яриад байж болохгүй. Батзаяа гэдэг хүнтэй хамт ажиллаж байсны хувьд Баттулга гишүүнтэй санал нэг байгаа. JCI байгууллагын гишүүнээр олон жил явсан, ерөнхийлөгчөөр нь ч ажиллаж байсан ёс суртахуунтай гэж дүгнэнэ. Бусдыг нь цагдаа шалгаад тогтооно биз.

-Х.Баттулга гишүүн баялаг дагасан тэмцэл бо­лоод байна гэж байр суу­риа илэрхийлсэн. Хувь хүнийхээ үүднээс энэ хэргийг юу гэж харж байгаа вэ?

-Улс төр, эдийн засаг, улс орны ирээдүй, уул уурхай яаж хөгжих, аж үйлдвэржсэн байдлаар хөгжих үү, зөвхөн түүхий эд нийлүүлдэг хавсарга орон байх уу гээд ярих юм бол өөр юм яригдаж болох юм. Гэхдээ энэ асуудалтай холбож яриад байх цаг нь биш байх. Үйл явдлыг харъя.

Л.НОМИН

"АРДЧИЛАЛ" сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна