НДЕГ-тай холбоотой ЦЕГ-ын мэдээлэл үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

НДЕГ-тай холбоотой ЦЕГ-ын мэдээлэл үндэслэлгүй гэв

Нийгмийн даатгалын салбарынхан нас барсан иргэдийн нэрийг барьж, улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Цагдаагийн ерөнхий газрын /ЦЕГ/ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлэн, шалгаж эхэлсэн тухай бид өчигдөр мэдээлсэн. ЦЕГ-аас өгсөн албан тайлбараар нийслэл, аймаг, сумдын нийгмийн даатгалын байгууллагууд нэр бүхий арилжааны банкуудтай хуйвалдан нас барсан ахмад настангуудын нэр дээр тэтгэврийн зээл авдаг байсан аж. Мөрдөн байцаалт үргэлжлэх явцад  арилжааны  банкуудын нэр, яг хичнээн Нийгмийн даатгалын албан хаагчид энэ хэргийг үйлдэж, хичнээн төгрөгийн хохирлыг төрд учруулсан бэ гэдгийг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүйг ЦЕГ-аас тайларлав.

Харин өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас цагдаагийн байгууллагын дээрх мэдээллийг үндэслэлгүй гэж үгүйсгэн, тайлбар хийлээ. Тэд шүүхээр нотлогдож, гэм буруу нь тогтоогоогүй асуудлаар ташаа мэдээлэл түгээж, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэр хүндэд халдаад зогсохгүй, даатгуулагч, ажил олгогчдын итгэл найдварыг алдагдуулан, орлого бүрдүүлэлтээс эхлээд тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аюултай гэж мэдэгдэв. Зээл олголтын асуудал бол зөвхөн арилжааны банкны шийдэх асуудал. Нийгмийн даатгалын байгууллага, албан хаагчид дундуур нь орж, нөлөөлөх боломжгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистик судалгаагаар жилд дунджаар 12 мянган тэтгэвэр авагч нас барж, оршуулгын тэтгэмж авдаг. Үүний 9.5 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байхад 10 мянган хүний тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно гэдэг үндэслэлгүй зүйл. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулдаг, хариуцлагагүй үйлдэл манай хамт олон гаргаагүй гэж Нийгмийн даатгалын албан хаагчид өөрсдийгөө өмөөрч тайлбар хийв.

2013 оноос хойш нийгмийн даатгалын үйлчилгээ цахим бүртгэлээр хийгдэж буй учир аль нэг ажилтан нас барсан хүний бичиг баримтаар мөнгө завших боломж байхгүй гэсэн юм.  Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2013-2015 онд “Тэтгэврийн нэгдсэн хяналтыг сайжруулах” арга хэмжээг зохион байгуулж 148 хүнтэй холбоотой 164.9 сая төгрөгийн төлбөрийн зөрчлийг илрүүлсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд нас барсны дараагийн сарын тэтгэврийг тэдний ар гэрт олгож, түүнээс хойш тэтгэвэр олголтыг зогсоох ёстой. Гэтэл дээрх 148 хүний тэтгэвэр олголтыг зогсоогоогүй байсныг дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, өнгөрсөн сарын 20-ны өдрийн байдлаар 141.1 сая төгрөгийн төлбөр, зөрчлийг барагдуулжээ.

Зарим эх сурвалж энэ хэрэг нийгмийн даатгалын салбарынхан дунд сүлжээ болон өргөжсөн, хохирлын хэмжээ бол үлэмж их гэдгийг тодотгосон юм. Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч буйг цагдаагийн байгуулага онцолж байв. Нөгөө талдаа нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдсон нь олон жилийн өмнөөс эхэлсэн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж харах эх сурвалж ч байна.  Өмнө нь халамжийн мөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, болон н.Эрдэнэбулган  нарыг холбогдуулж, цагдаагийнхан шалгаж байсан. Тэгвэл өнөөдөр энэ хэрэг хүрээгээ тэлж, нийгмийн даатгалын салбарыг дэгээджээ. Өргөн бүрэлдэхүүнийг хамарсан уг хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байна. Дээрх зүйл заалтад "Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан. Мөн энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэжээ. Ийнхүү нийгмийн даатгалынхан өөрсдийгөө өмөөрч байгаа бол харин цагдаа нар тэднийг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэн, эрүү үүсгэн шалгаж эхэлснээ нуухгүй байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж