Баянгол дүүрэгт 140 ортой хүүхдийн эмнэлэг нээгдлээ

2015 оны 11 сарын 4

Сэтгүүлч:
Улаанбаатар

Баянгол дүүрэгт сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Өнөөдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 03-нд тус дүүрэгт Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орж, хүүхдүүдийг хүлээж авахад бэлэн боллоо. Энэхүү бүтээн байгуулалтын талаар Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Дэлгэрбатаас тодрууллаа. 

-Дүүрэгт гэлтгүй улсын хэмжээнд хүүхдийн эмнэлэг тулгамдсан асуудлын нэг байсаар байна. Харин Баянгол дүүрэг энэ асуудлыг шийдэж чадлаа шүү дээ?

-Тийм ээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд, ялангуяа хүүхдүүдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх боломж нөхцлийг бий болгох нь туйлын чухал асуудал. 2013 оноос өмнө Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүй байсан.

2013 онд анх удаа 35 ортой Эмүжин хүүхдийн эмнэлэгийг ашиглалтанд оруулж дүүргийн зарим хороодын хүүхдэд эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Өнөөдөр хүйтний улирал эхэлж, ханиад томууны дэгдэлт ихэсхээс урьтаж 140 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлэгийнхээ нээлтийг хийлээ.

Энэ нь нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа нээгдэж буй томоохон хүүхдийн эмнэлэг юм.

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл шинэ цогцолбор байртай болсон. Өнөөдөр Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орж байна. Дүүргийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна вэ?

-Ер нь 2012 оноос хойш Баянгол дүүргийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ түвшинд хүрсэн. 2014 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орж Эрүүл мэндийн нэгдэл нүүснээр хуучин барилга нь буюу хуучнаар Эрүүл мэндийн 7-р төвийн барилга суларсан.

2015 онд дээрх барилгад дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн засвар хийж, тоног төхөөрөмжийг нь шийдвэрлэснээр өнөөдөр хүүхдийн яаралтай тусламжийн төв, амбулатори, 140 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нээлтээ хийлээ.

Энэхүү хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.  Өмнө нь манай дүүргийн 15 хорооны хүүхдүүд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлэгт ханддаг байсан.

Түүнчлэн бид Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд 100 ортой хүүхдийн эмнэлэг, 50 ортой ахмад настны эмчилгээ, сувилгааны төвийн 8 давхар барилгын ажлыг 2015 онд дүүрэг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд байгаа бөгөөд 2016 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг эмнэлэг ашиглалтанд орсноор Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ 100 хувьд хүрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж дээшлэх юм.

-Шинээр ашиглалтад орж байгаа бүтээн байгуулалтуудыг дагаад ажлын орон тоо нэмэгдэж байгаа болов уу? Боловсон хүчнийг чадваржуулах, мэргэшүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авсан бэ?

-Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор шинээр 50 эмч, эмнэлгийн ажилтны орон тоо нэмэгдэж байна. Мэдээж боловсон хүчнийг чадваржуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Хүүхдийн эмнэлэгт ажиллаж байгаа мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, сургасан.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна