Д.Энхтайван: Хятадууд хил зөрчсөн нь үнэн

2015 оны 11 сарын 4

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, цахим хуудсанд “Хятадын хилчид манай хилчдэд буу тулган сүрдүүлжээ” гэх мэдээлэл өчигдөр цацагдлаа. Энэ талаар ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайванаас тодруулав.

-Өмнөд хөршийн хилчид манай хилийн цэргийн алба хаагчдад галт зэвсэг тулгасан гэх мэдээлэл хэр бодитой вэ?

-Хилийн зөрчил гарсан нь үнэн. Гэхдээ БНХАУ-ын хилчид орж ирээд манай хилчдэд буу тулган сүрдүүлнэ гэж юу байх вэ. Хэрвээ тэгсэн бол хоёр улсын хооронд ноцтой асуудал үүснэ биз дээ. Хоёр улсын харилцаанд сэв суухаар тун ноцтой гэмээр ташаа мэдээлэл цахим хуудсаар гарсан байна билээ.

-Гэхдээ та хилийн зөрчил гарсан гэж хэллээ. Яг юу болсныг хэлж өгөөч.

-Бололгүй яахав. Өнгөрсөн есдүгээр сарын 19-нд Дорнодын хилийн хэсгийн хилийн ...дугаар тэмдгийн чиглэлд БНХАУ-ын талаас трактор, мотоцикль бүхий таван хүн хоёр улсын хилийн дундын бүсэд хадлан хадаж байсныг манай хилчид илрүүлсэн юм. Ингээд тэднийг саатуулах үед зугтаан хил гарсан бөгөөд удалгүй машинтай хүмүүс ирж, трактор машинаа авахыг шаардсан юм билээ. Манай хилчид зөвшөөрөлгүй энэ бүгдийг нь хамгаалалтад авсан байдаг.

-Дундын бүсэд гэхээр яг ч манай нутагт биш юм байна гэж ойлгож болох уу?

-Дундын бүс гэхээр яг хилийн улаан шугам хаагуур өнгөрч байгааг хилчдээс өөр хүн бараг мэдэхгүй л дээ. Мэдэгдэх нөхцөл ч байхгүй. Харин манай хилчид дундын бүсийн Монголын хэсэгт хадлан авч байгааг маш сайн тогтоосны дараа тэднийг саатуулах гэж оролдсон юм билээ.

-Хэрэв хил зөрчин орж ирээд хадлан авч байгаа юм бол харин ч манайхан зэвсэг хэрэглээд ч юм уу, зогсоож болоогүй юм уу?

-Өнөөдөр цаг өөр болсон. Нэг хил хоёр хамгаалалт гэсэн зарчим хоёр хөршийн хил дээр үйлчилж байгаа. Тиймээс хүйтэн дайны үеийнх шиг шууд бууддаг байсан цаг биш шүү дээ. Тухайлбал, манай тал руу ороод ирсэн адуу малаа авахаар ахуйн зорилгоор богино зайд хил зөрчихийг завдвал эргээд чөлөөтэй гарах боломжийг олгож байгаа. Мал ороод ирлээ гэхэд түүнийг нь манай хилчид орж ирсэн газраар нь буцаагаад гаргадаг. Ер нь хилийн зөрчлийнхөө шинж чанараас хамаараад хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ хилчид олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шийддэг юм. Мэдээж ноцтой бас шалгах шаардлагатай гэж үзвэл саатуулна. Харин онцын ач холбогдолгүй байвал хилээрээ буцааж гаргаад хоёр улсын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд ийм ийм зөрчил гарлаа, ингэлээ тэглээ гээд асуудлыг шийдчихдэг.

-Саяны энэ зөрчлийн хувьд мөн ялгаагүй юу?

-Хоёр сар орчмын өмнө болсон хэрэг явдал. Манай Дорнод болон Хятадын Шилийн гол аймгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид уулзаад энэ асуудлыг шийдсэн. Манайхан ч тэр дор нь мотоцикль, тракторыг нь хүлээлгэн өгсөн.

-Ер нь хэдий хэрийн хадлан авсан байсан бол. Манай сонин Хятадуудын хадлангийн талбай биш гэж яг энэ асуудлыг мэдээлж байсан л даа?

-20 бухал хийсэн байсан гэсэн. Түүнийг нь манайхан заставтаа татчихсан гэж байна билээ.

-Яагаад ийм ташаа мэдээлэл тараад байгаа юм бол?

-Өнөөдөр Монгол Улсынхаа торгон хилийг өдөр шөнөгүй сахин хамгаалж яваа баатарлаг түүхтэй манай хилчдийн үйл хэргийг харлуулах гэсэн ганц нэг хүний л явууллага биздээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна