“Дижитал”-ын Баавар өршөөлд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

“Дижитал”-ын Баавар өршөөлд хамрагдлаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр (11.4) хянан хэлэлцлээ.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгээд байсан. Тэгвэл Д.Манлайжаргал өршөөлийн хуулинд хамрагдаж өмнөх тогтоолоор оногдуулсан ялын тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Харин Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан. Тэгвэл өнөөдөр хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Т.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж