Тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.04-нд нийтлэгдсэн

Тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.04/ хуралдаан 15 цаг 13 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд 2016 оны төсвийн тухай хууль, дагалдан өргөн барьсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын аэжиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар тохиролцсон.

Энэ дагуу Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд тус зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг нийт 3 удаа солилцож, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон уулзалтаар зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцож, эрчим хүчний болон бусад шаардлагад нийцсэн салбарын төслийг санхүүжүүлэхээр тогтсон хэмээн Сангийн сайд Б.Болор хуралдаанд оролцсон гишүүдэд танилцуулав.

Мөн тэрээр, зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа тул ийнхүү Улсын Их Хурлын холбогдох байнгын хороодтой зөвшилцөж байгаа тухай танилцуулгадаа дурдсан.

Уг зээлийн нөхцлийн тухайд жилийн 2 хувийн хүүтэй, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөхөөс эхний 7 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг тус зээлийн хөрөнгөөс санхүүжүүлэх аж.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, зээлийн хөрөнгөөр ямар, ямар хөтөлбөр төслүүдийг санхүүжүүлэх, өрийн таазад нөлөөлөх эсэх талаар тодруулсан.

Түүний асуултад Эрчим хүчний сайд Д.Зоригт, зээлийн хөрөнгөөр эрчим хүчний болон зам барих төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, Эрдэнэтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих төсөл, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20 гаруй км авто замыг барих төслүүдийг уг зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байна гэв. Харин өрийн таазын тухайд Сангийн сайд Б.Болор, зээл өрийн таазад нөлөөлөхгүй. Учир нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн өрийг өрийн таазад хамааруулахгүй байхаар заасан хэмээн хариулсан.

Дараа нь Б.Чойжилсүрэн гишүүн, зээл өрийн таазад нөлөөлөхгүй юм байна. Дээрх төслүүдийн зээлийг эргэн төлөхөд төсөвт ямар ачаалал үзүүлэх вэ, төслүүдийн ТЭЗҮ-г хийхдээ эргэн төлөх тооцоолол хийгдсэн эсэх талаар тодруулсан юм.

Түүний асуултад Эрчим хүчний сайд Д.Зоригт хариулав. Тэрээр, Эгийн голын цахилгаан станц ажиллаж эхлээд олсон орлогоороо зээлийг барагдуулна. Энэ цахилгаан станц манай улсын хамгийн хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэгч болохоос гадна байгаль орчинд ээлтэй төсөл юм. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станц санхүүжилтээ бүрэн нөхөхөөр ТЭЗҮ хийгдсэн байгаа. Харин цахилгаан дамжуулах шугам, зам барих төслүүдийн тухайд төсвөөс зээлийг төлж барагдуулах юм гэв. Сангийн сайд Б.Болор, зээлээс Улаанбаатар-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц барих төсөлд 62 сая ам.доллар, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замыг барих төсөлд 20 гаруй сая ам.доллар нийт 80 гаруй сая ам.долларын зээлийг төсвөөс санхүүжүүлнэ хэмээн хариулсан.

Ингээд гишүүд тодруулга хийж, байр сууриа илэрхийлсэний дараа хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж