Тав биш нэг цэрэг л амиа алдсан гэв

2015 оны 11 сарын 4

-Хил хамгаалах ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумаас таван цэрэг Увс аймагт цэргийн алба хаасан нь үнэн. Гэхдээ  цэргийн алба хааж байхдаа бүгд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл гэж мэдэгдэв-

Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан байлдагчид нас барсан гэх мэдээлэлд Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсны тайлбар хийлээ.

Хил хамгаалах ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумаас таван цэрэг Увс аймагт цэргийн алба хаасан нь үнэн. Гэхдээ  цэргийн алба хааж байхдаа бүгд амиа алдсан гэдэг нь ташаа мэдээлэл гэж мэдэгдэв. Тодруулбал Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын II багийн иргэн талийгаач Бөхбаатар 2012 оны аравдугаар сард цэргийн албанд татагдаж цэргийн албаа амжилттай хаан бэлтгэлээр халагдсан байна. Алба хааж байх хугацаандаа сахилгын зөрчилд холбогдож байгаагүй. Мөн гэмтлийн улмаас болон ямар нэгэн өвчнөөр эмчлэгдэж байгаагүй цэргийн албанаас халагджээ. Цэргээс халагдсан хойноо өвчилж нас барсан.

Харин талийгаач Б.Бат-Эрдэнэ нь 2012 онд цэргийн албан татагдан ирээд алба хааж байх хугацаандаа гэдэс, хэвлий дүүрэх зовиуртайгаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэн онош бүрэн тодроогүй тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт татан авч шинжилгээнд хамруулахад хэвлийн сүрьеэ гэх оноштой болох нь тогтоогджээ.  Ингээд 2013 оны наймдугаар сард цэргийн албанаас чөлөөлөгдөж, ХХЕГ-аас нэг сая нэг зуун ерэн долоон мянга таван зуун /1,197,500/ төгрөгийн эмчилгээний зардал олгосон. Гэвч дараа нь сүрьеэ өвчнөө дийлэхгүй нас барсан аж. 

Талийгаач Б.Батдэлгэр нь цэргийн үзлэгийн үеэр онош нь илрээгүй. Цэрэгт ирсэн хойноо цусны цагаан эсийн хурц хавдартай болох нь тогтоогдож халагдсан. Халагдсныхаа дараагаар харамсалтайгаар нас барсан байсан гэж ХХЕГ-ын Хилийн боомтын хэлтсийн дарга А.Ганбилэг ярив.

Нас барсан дээрх гурван цэрэг нь цэргийн албанаас шалтгаалаагүй. Харин талийгаач Б.Мэндхүү өөрийгөө боомилсон байдалтай өнгөрсөн долдугаар сард олдсон. Шалгалтаар бие эрхтэнд нь ноцтой гэмтэл учирсан зүйл байгаагүй гэж ХХЕГ-аас тайлбарлав. Хэргийг Увс аймгаас томилогдсон хуулийн байгууллагын бүлэг хэргийн газарт шуурхай үзлэг хийн тогтоосон. Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн байгууллага шалгаж, Прокурорын 2015 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 194 тоот тогтоолоор ххэрэгсэхгүй болгосон байна.

Харин Б.Хүчитбаатарын тухайд амьд сэрүүн төдийгүй одоо Хилийн 0257 дугаар ангид эрүүл саруул гэрээт хилчнээр албаа үргэлжлүүлэн хааж байна гэсэн юм.

 

 

Харин Дорнодын хилээр БНХАУ-ын иргэд хил зөрчин орж ирж өвс хадсан нь үнэн. Тухайн үед манай шинэ цэрэг хил зөрчигчдийг барих гэж байгаад өөрсдөө хил зөрчсөн асуудал гарсан. Ингээд хил зөрчигчдийг техник хэрэгслийнх нь хамт Хятадын талд хүлээлгэн өгсөн. Түүнээс биш буудалцсан, Хятадын талынхан манай цэргүүд рүү буу тулгасан зүйл болоогүй аж.

Сүүлийн жилүүдэд цэргийн албанд татагдан очсон цэргүүд дунд халдварт болон халдварт бус өвчтэй иргэн байдаг. Тухайлбал өнгөрсөн намрын татлагаар Хөвсгөл аймгаас татагдан ирсэн цэргүүдийн дунд эрүүл мэндээр тэнцээгүй төрөл бүрийн халдварт болон халдварт бус өвчтэй 18 иргэн байжээ. Иймээс цэрэг татлагын үзлэгт сууж буй эмнэлгийн байгууллагынхан анхааралтай ажиллах шаардлагатайг ХХЕГ-аас сануулав. Энэ оны тухайд эрүүл мэндийн шалтгаанаар таван цэрэг албанаасаа чөлөөлөгджээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна