Төсвийн алдагдлыг зээлээр нөхөж болох уу?

2015 оны 11 сарын 5

Монгол Улсын 2016 оны төсвийн алдагдлыг нөхөхөд зориулж Азийн хөгжлийн банк /АХБ/-наас 150 сая ам.долларын зээл авахаас аргагүй болжээ. Уг зээлийг хоёр үе шаттай авч ашиглана. Эхний удаад 100 сая ам.долларын зээл авах бол хоёр дахь шатанд үлдсэнийг нь ашиглана. Авсан зээлээ амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдэд үзүүлэх үйлчилгээнд зарцуулах юм. Зарим тохиолдолд хүүхдийн мөнгөний олголтод ч ашиглах шаардлага гарч болзошгүй юм байна.

Дээрх зээлийг авахад АХБ-наас тодорхой шалгуурууд тавьсан, эхний 100 сая ам.долларын зээл авах нөхцөлийг Засгийн газар хангажээ. Үүгээр бол зээл авч, төсвийн алдагдлыг нөхөх төлөвлөгөөгөө Засгийн газар эртний тооцсон бололтой. Зээл авч болно, гол нь авсан зээлээ төсвийн алдагдал нөхөхөд бус баялаг бүтээхэд, хэрэгцээтэй бүтээн байгуулалтдаа ашигладаг болчихвол өгөөжөө өгнө. АХБ-наас олгох зээлийг төгрөгт шилжүүлбэл бараг 300 тэрбум төгрөгтэй дүйнэ. Үүгээр юу хийж болох вэ, сургууль цэцэрлэг шинээр барьж болно. Гэр хороололд орон сууцны хорооллууд байгуулж болно. Үгүйдээ гэхэд л дэд бүтцийг татчих боломжтой. Уг нь үүнийг эрх баригч хүчин өнгөрсөн гурван жилийн турш улиг болтлоо ярьсан ч харин одоо МАН-ынхны тогтоосон буруу жишгийг давтах гээд сууж байгаа нь хэр зөв юм бэ?.

Ардын намынхан Засгийн эрх барьсан он жилүүддээ төсвийн алдагдлыг бонд гарган нөхөж, мөн Оюутолгой, Тавантолгой ордоос урьдчилан зээл авч, иргэдэд тараасан. Тухайлбал, 2010 онд “Оюутолгой” компаниас 250 сая ам.долларыг хүүтэйгээр урьдчилан авч зээлсэн нь “Чингис бонд”-ын хүүнээс өндөр тусч, өнөөдөр хүүгийн хүүг төлөхийн тулд мачийж суугаа.

“Чалко” компаниас авсан урьдчилгаа зээлийн төлбөр одоо ч дуусаагүй 110 сая ам.доллар дээр тогтсон. Нүүрсээрээ төлөх цээжний хонжоо хийсэн ч дэлхийн зах зээлд түүхий нүүрсний үнэ унаснаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд дээрх өрийг төлөх чадваргүй болсон. Ийм замаар МАН Засгийн эрх барих үедээ иргэдэд 800 тэрбум төгрөгийг цацсан бол Ардчилсан нам одоо амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдээ хямралаас хамгаалахын тулд 300 тэрбумыг зарцуулах болж байна. Тооны хувьд 500 тэрбумын зөрүү гарах ч бодлогын ялгаа байгаа юм уу. Ийм бодлого хэрэгжүүлбэл төсөв эрүүлжих үү.

Үүнийхээ оронд 2016 оны төсөвт суусан хэрэгцээгүй хөрөнгө оруулалтын зардлуудаа танаж, царцааж, шилжүүлэх нь зөв. Жишээлбэл, хамгаалалтын байр барихад 400 сая, угтах хаалганд 290 сая, төрийн далбааны өндөрлөг байгуулахад 200 сая, нэр бүхий гурван сумын гэрэлтүүлэгт хоёр тэрбум, сумын төв талбайг шинэчлэхэд 347.5 сая гээд зардлуудыг танахыг нь танаж, царцаахыг нь царцаачих. Тойрогтой л холбоотой хөрөнгө оруулалтын зардлууд шүү дээ. Түүнээсээ нийгмийн халамжийн салбарт зарцуулах шаардлагатай зардлуудаа гаргачихаж болно. Ардын намынхны алдааг давтаж болохгүй. МАН Засгийн эрхийг барьсан он жилүүдэд төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхөж ирсэн бол Ардчилсан намынхан та нар зээлээр нөхөхийг хичээж байна.

Эхлүүлсэн бодлогоо үргэлжлүүл. Зээлийг үйлдвэрлэл хөгжүүлэхэд л зарцуулъя. Бодлого ч тодорхой болсон. Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдаад хараахан жил болоогүй байна, гэхдээ л хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар бодлого хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд мөн ямар бодлого баримтлах гээд энэ бүхэн тодорхой болж баялаг бүтээгчдийн хувьд замын зурагтай болсон. Эхнээсээ ч үр дүн гарч буй. Өнгөрсөн сард Хөх хотод “Монгол, Хятадын экспо” болоход үндэсний үйлдвэрлэгчид хоёр тэрбум төгрөгийн худалдаа хийлээ. Эрээний бараа Монголд орж ирж зарагддаг байсан бол эсрэгээр монголчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн 1.7 тэрбум хүн амтай Хятад улсын зах зээлд борлуулагдлаа. Энэ бол зөв бодлогын үргэлжлэл. Дэргэдээ байгаа том зах зээлийг ашиглаж чадвал үндэсний үйлдвэрүүд хөгжинө. Хүнд үйлдвэр нь ч хөгжинө, жижиг, дунд үйлдвэр ч хөгжиж, өргөжинө.

Худалдаан дээр суурилсан эдийн засгийн суурийг өөрчлөхөд эрх баригч хүчин та бүхний хэрэгжүүлж буй бодлого чухал.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна