Халх голоор гишүүд юу гэв

2015 оны 11 сарын 5

ХХАА-н сайд Р.Бурмаа Халх голд Чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг анх оруулж ирэхдээ “Хөрс эмзэг учраас ойн зурвас байгуулах, стандартын дагуу төлөвлөлт хийх гээд бүх шаардлага тавигдана. Зоргоороо хэдэн мянган га газрыг хагалах зөвшөөрөл өгөхгүй. Хөрөнгө оруулалтын тал дээр Чөлөөт бүсийн хуулийн дагуу 300 мянган доллараас дээш хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэнэ гэж тусгаж өгсөн. ТЭЗҮ-ийн хувьд Дэлхийн банктай яриа, хэлэлцээр хийж хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярьж байгаа. Дээр нь БНСУ, Хятадтай ярьж байна. Мал нядалгаа, хорио цээрийн лаборатори байуулахаар ярьж байна” гэсэн юм. Гэтэл УИХ-ын зарим гишүүний хэлж буйгаар хэрэгжилтийн явцад нугалаа гаргаж, гадныханд давуу эрх олгосон төсөл болон хувирсан гэлээ. Энэ шийдвэрийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа юм.


Тиймээс хуулийн төслийг эргэн харах шаардлагатай юу, Халх голын Чөлөөт бүс байгуулах ажлыг дэмжиж байгаа эсэхийг УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Оюун: Эхний хэлэлцүүлэг дээр энэ асуудлыг би эсэргүүцсэн. Яг батлагдах хоёрдугаар хэлэлцүүлэг дээр би гадагшаа хуралд явчихсан байсан. Эхний хэлэлцүүлэг дээр яагаад эсэргүүцсэн бэ гэвэл Халх гол бол манай улсын нөөц газар юм. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ биднийг тэжээж байна. Цаашдаа Халх гол тэжээх учраас энэ газрыг хадгалж, нөөцөлж байх ёстой. Тэнд бол газар тариалан эрхэлж болно. Гэхдээ маш их хэмжээний газрыг Чөлөөт бүс гэж нээгээд, заавал гадагшаа тэр дундаа урд хөрш рүү ихээр гаргаад эхлэх юм бол Халх голын хөрс их хурдан элэгдэх байх. Тиймээс хамаагүй их ашиглах шаардлагагүй. Дээр нь чөлөөт бүс хэлбэрээр, ерөөсөө татваргүй ашиглах бүр ч шаардлага байхгүй. Урьд нь Н.Алтанхуягийг Ерөнхий Сайд байхад Засгийн газрын хурал дээр зүүн бүсийг экспортын баримжаатай, газар тариалангийн бүс болгоно гэдэг асуудал нэг удаа орж ирсэн. Тэр үед Засгийн газар дэмжээгүй. Өөрөөр хэлбэл, дотоодын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор ашиглаж болох ч тийм том бүсийг татваргүй тэр чигээр нь экспортын баримжаатай болгочихвол газар тариалан өнөөдөр биш юм аа гэхэд ойрын үед хөгжиж хөрс нь элэгдээд манай улсын хөдөө аж ахуйн нөөц газар маань байхгүй болчих вий гэсэн болгоомжлол байна. Сүүлийн хэдэн жилийг хараад байхад рапс гэдэг малын тэжээлийг маш их тариад байна. Рапс тарьсан хөрсийг дараа жил амрааж, сэлгэх ёстой. Гэтэл сэлгэж амраахгүй газар ч байгаад байна. Яагаад гэвэл рапс гаргахад их ашигтай байгаад байна. Ийм асуудлаас үүдэж маш их болгоомжтой хандах ёстой. Ялангуяа чөлөөт бүс болгох шаардлагагүй гэж би үзэж байна.


УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Халх голын чөлөөт бүс 500 мянган га газрыг хамарна гэж тавьсан нь буруу гэж үзэж байна. Чөлөөт бүсийг бага газарт туршиж үзэх хэрэгтэй. Ингээд туршилтын үр дүнгээс хамаарч шийдэх хэрэгтэй байсан болов уу. Түүнээс биш төсөл болгоныг ор тас эсэргүүцэж болохгүй. Энэ асуудлыг эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь 500 га талбайг хамарч байгаатай холбоотой болов уу гэж би бодож байна.

 


УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Халх голын чөлөөт бүсийн асуудлыг оруулж ирэхдээ сум, орон нутгийн удирдлагууд нь хууль бусаар, нугалаа гаргаж, олон мянган га газрыг гадныханд өгөөд байна. Бидний хойч үеийг тэжээнэ гэж нөөцөлж байгаа энэ газар ямар ч хяналтгүй гадныханы мэдэлд орлоо. Тиймээс 500 мянган га газрыг чөлөөт бүс болгож УИХ, улс өөрөө хяналтандаа авах хэрэгтэй гэдэг байдлаар хоёрхон хуудас материал оруулж ирсэн. Энэ утгаар нь би дэмжсэн. Гэтэл тогтоол гарсанаас хойш чөлөөт бүст гадны ажилчид чөлөөтэй нэвтэрнэ, гадаадын компаниудад чөлөөтэй өгнө гээд явж байгааг би дэмжихгүй байна. Энэ бол хэрэгжилтийн явцад нугалаа гаргаж байна гэсэн үг юм. Нэгдүгээрт, Сэлэнгийн газар тариалангийн бүс өнөөдрийг хүртэл бидний амин зуулгыг залгуулж байна. Харамсалтай нь Сэлэнгэд маш олон гадныхан өөрийн нөлөөгөө тогтоосон. Хажуугаар нь шударгаар ажиллаж байгаа монголчууд байгаа нь үнэн. Гэхдээ тэнд алдсан алдааг Халх гол дээр гаргаж болохгүй.

Хоёрдугаарт, Сэлэнгийн газар нутгийн үржил шим дуусахад хойч үе маань Халх гол дээр тулгуурлаж амьдарна. Халх голын хөрсний бүтэц сайн. Тиймээс Халх голын Чөлөөт бүс байгуулах ажлыг яаралтай УИХ-аар авч хэлэлцэх санал оруулна. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун үүнийг эсэргүүцэж хуулийн төсөл санаачилж байна. Миний байр суурь ч чөлөөт бүсийн асуудлыг эргэж харах ёстой гэж үзэж байгаа юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна