Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

2015 оны 11 сарын 5

NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.


АГУУЛГА: (Хувь хүн бол либертари үзлийн “шүтээн” мөн. Индивидуализм (хувь хүнийг дээдлэх үзэл) ба коллективизм (хамт олонч үзэл). Энэ хоёр үзлийн эсрэг тэсрэг чанар. Хувь хүний хүрээ (тойрог). Тоталитари үзэл. Патернализм. “Үхэх эрх” ба амиа хорлохуй. “Жаргалтай үхэл” буюу эвтанази. Рэнд бас дахиад Рэнд. Психо-анализ хийгээд либертари үзэл)


ЯРИАНЫ СЭДЭВ:

Х.Х бид хоёр I хороолол уруу явж байлаа. Автобусанд нэг их олон хүн ч байсангүй, гэхдээ 10-аад зорчигч байв. Гэтэл урд суусан нэг охин утсаар ярьж байх юм аа. “Тэнгисийн” буудлаас Х хороолол хүртэлх замд түүний талаар бараг бүгдийг бид хоёр мэдэж авсан гэхэд хилсдэхгүй. Хаанаас ирсэн, аль сургуулийн хэддүгээр курст суралцдаг, хэн гэдэг багш “зэвүүн”, одоо хэдэн төгрөгний өртэй, түүнийгээ дарах гээд хэн, хэнээс мөнгө гуйсан чинь өгөөгүй, ар гэрээс нь сарын дараа мөнгө ирнэ, мөн Т гэдэг найз нь нөхрөөсөө салж буй гээд. Тэнд байгаа бүх хүнийг сонсог гэсэн аятай ярьж байв.

Үүнээс үүдэн, бид хоёрын ээлжит яриа өрнөсөн юм. Ер нь, манай монголчууд нэгнийдээ хэзээ ч хамаагүй, тэр ч бүү хэл, шөнө дөлөөр ч хамаагүй давхиад очно. Айл амьтнаас цай давс, түмпэн шанага гуйх явдал бараг хэвийн үзэгдэл, “хувийн тойрог” (privacy) гэж зүйл бидэнд байна уу, өөрийн хувийн хүрээг эс тоодог хүн л бусдын хувийн хүрээ уруу орохоосоо сийхээ больчихдог юм шиг байгаа юм гэж ярьсаар манайд ирлээ.

Ингээд хувь хүн, хамт олонч байдалтай холбоотой асуудлыг өөрийн эрхгүй хөндөцгөөсөн юм. Х.Х хувь хүнийг дээдлэх либертари үзлийн үндэслэлийг сонирхов. Тийм ээ, либертари үзлийн амин сүнс бол “хувь хүн” гэдгийг чангаас чанга, тодоос тод хэлэх ёстой. Тийм учраас хувь хүнд хамаатай асуудалд өөрийнх нь зөвшөөрөлгүй хэн ч, хэзээ ч халдаж болохгүй. Ингээд хувь хүнийг дээдэлдэг индивидуаль үзэл, хамт олныг дээдэлдэг коллективист үзлийн талаар бидний хооронд өрнөсөн яриаг толилуулъя.


Х.Х: Түрүүний охин мөн ч мөн илэн далангүй задгай ярьж байв аа.

Б.Б: Манайханд бусад хүнд хэлж болохгүй, ганц өөрт нь хамаатай зүйл гэж байдаг гэсэн ойлголт алга. Өөрийгөө хүндэтгэхгүй байгаа хэрэг шүү дээ. Өөрийгөө хүндэтгэдэг Барууны орны иргэд бол хэзээ ч ийм араншин гаргахгүй. Privacy (хувийн асуудал) гэж нэг юм байна шүү дээ.

Х.Х: Өөрсдийгөө өхөөрдөөд хэлчихэд, манайхан нэлээн хээ шаагүй хүмүүс юм байхаа даа. Нэг нэгнийхээ ханцуй, хувцаснаас татаж байгаад юм асууна, нэгнийгээ цохиж байгаад л чанга чангаар ярина (анхаарлыг нь татаж байгаа нь тэр), нийтийн тээвэрт шахаж ирээд л дэргэд сууна, бараг өвөр дээр суух шахна гээч.   

Б.Б: Хүний хамгийн эмзэг сэдвээр асуулт тавьчихаад хариуг нь шаардаад байхыг нь яана. Телевизээр шүү дээ. Салсан нийлсэн амьдрал, цалин мөнгө, өвчтэй зовлонтой хүүхдийнх нь тухай гээд. Хүний хувийн тойрог руу мөн ч хамаагүй орно шүү дээ. 

Х.Х: За, энэ бүхэн ч яахав. Чиний хэлж ярьж, бичиж нийтлүүлсэн зүйлсээс хараад байхад хувь хүний асуудал либертари үзэлд нэлээд гол байр эзэлдэг юм билээ.

Б.Б: Нэлээд гол биш, ерөөсөө либертари үзлийн үндсэн зорилго, утга гэж болно. Либертари үзлийн амин сүнс бол индивидуализмын философи мөн.

Х.Х: Хувь хүний эрх чөлөөг хамгийн их дээдэлдэг ямар улс-орон байна вэ, АНУ-ыг хэлж болох уу, чи Холланд гээд байдаг бил үү? Тэнд олон түмний эрх ашиг гэсэн зүйл байдаггүй гэж үү?

Б.Б: Өнөөгийн АНУ-ыг хамгийн либертари улс-орон хэмээн тооцож яагаад ч болохгүй. Энэ улс анх үүсэж байх үедээ дэлхий дээрх анхны бөгөөд цор ганц либертари улс-орон байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. 

Олон түмний эрх ашгийн тухайд бол хувь хүний эрх ашгийг хамгаалаагүй нийгэмд нийтийн эрх ашиг гэж байх аргагүй л дээ. Тэр нийт гэдэг чинь хувь хүнээс тогтдог юм. Айн Рэндийн хэлснээр “Цөөнхийг хүндэтгэнэ гэж ярьж буй хүмүүст хандаж хэлэхэд энэ дэлхий дээрх хамгийн жижиг цөөнх гэдэг бол хувь хүн, тэгвэл хувь хүний эрх ашгийг хамгаалахгүйгээр цөөнхийн эрх ашгийг хамгаална гэж байхгүй”.

Харин одоо ямар улс-орон хувь хүний эрх ашгийг хамгийн их дээдэлдэг вэ гэвэл Холландыг л хэлнэ дээ. 

Х.Х: Сэтгэлгээний түүхэнд хувь хүний эрх ашгийг онцлон үзэж байсан өөр урсгал чиглэл байдаг уу? Яагаад либертари үзэл энэ асуудлыг онцгойлон авч үзэх болов оо?

Б.Б: Адам Смит индивидуализмыг эдийн засгийн агуулгаар анхлан тавьсан гэж хэлж болно. Хүн бусдын амьдралд хөндлөнгөөс оролцож болохгүй гэсэн утгаар либертари үзэл энэ асуудалд онцгой анхаарал тавьдаг.

Х.Х: Индивидуализм гэдэг чинь ер нь, юу гэсэн үг вэ?

Б.Б: Үгчилж орчуулах юм бол “хувь хүнийг дээдлэх үзэл” гэж орчуулж болно. Энэ үзэл либертарианизмтэй нягт холбогддог: нийгмийн бүх харилцаа, эрх зүйн үндэс ХУВЬ ХҮН, ө.х., нийгмийн үндсийн үндэс бол хувь хүн гэсэн санааг илэрхийлдэг.

Индивидуализм нь голдуу хувь хүний халдашгүй байдалд анхаарч, түүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх асуудлыг хувь хүний эрх ашигт тохирч байна уу, үгүй юү гэсэн шалгуураар авч үзэн, бүх зүйл хүн төвтэй байж л үнэт чанартай болно гэнэ. Энэ утгаараа либертари үзэл санаа, индивидуалист үзэл нь гуманизм (хүнлэг эрхэм үзэл санаа) мөн.


“Индивидуализм буюу хувь хүнийг дээдлэх үзэл нь коммунизм, социализм, фашизм зэрэг хамт олонч-коллективист үзэл болон “олонхын дарангуйллын” эсрэг зогсож байдаг үзэл болно.”


Х.Х: Либертари үзэл, индивидуализмыг Монголд тохирохгүй гэж үздэг хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Би энэ сэдвээр хүмүүстэй ярилцаж үзсэн л дээ.

Б.Б: Хүмүүс либертари үзлийн талаарх номуудыг нэг их уншаагүй, уншсан хүмүүсээс ойлгосон нь бүр ч ховор байдаг. Тэгсэн атлаа манайхан хамаагүй дүгнэлт хийдэг зантай шүү дээ. Либертари үзэл санаа Монголд тохирохгүй гэж яригсад бол Монголд хувь хүнийг дээдэлсэн, хүнлэг үзэл санаа тохирохгүй гэж хэлж буй хэрэг.

Х.Х: Социализмын үед ид бүтээж хөдөлмөрлөх насаа өнгөрөөсөн, бас тэгээд өөрсдийгөө сэхээтэнлэг хэмээн үздэг, сонин сэтгүүл гарчиглан, телевиз радио сонсож, өөрийгөө боловсруулах тал дээр хэзээ ч хоцорч байгаагүй ахмад үеийнхэн “Одооны залуучууд, бас зарим нэг толгой нь эргэсэн ахмад хүмүүс (үүний дотор Батчулуун чи хамгийн түрүүнд орно) хувь хүн, хувь хүний эрх ашиг гэж их ярих боллоо. Хувь хүн гэж хэн юм бэ? Хэн ч биш, нийгэм гэдэг чинь хамт олон гэсэн үг шүү дээ. 10 хүний 9 нь санал нийлсэн байх юм бол үлдсэн нэг нь хэн ч биш. Ганцаараа бусдыг эсэргүүцээд байхдаа яадаг юм. Нийгмийн эрх ашиг гэдэг бол олон түмний эрх ашиг гэсэн үг, хувь хүний эрх ашиг гэж байхгүй” гэж ярих нь их сонстдог.

Хувь хүн ямагт олонхитой ижил сэтгэж, эрх мэдэлтний хүссэнээр сэтгэх ёсгүй. Хувь хүн өөрийн үзэл бодолтой байх эрхтэй.


Б.Б: Ийм яриа хөөрөө гаргагсад бол коллективист нийгмийн хөрс суурь болж байдаг хүмүүс юм. Марксын хамгийн их таашаадаг сэтгэгчдийн нэг Руссо “Бүх хүн нэг саналтай байхад ганцаараа эсрэг саналтай байгаа хүнийг цаазалбал таарна” гэж Нийгмийн гэрээ зохиолдоо хэлсэн байдаг юм. Муухай харгис байгаа юм шүү. 

Бидний үеийнхэн болоод биднээс ахмад үеийнхэн социализмд өсөж төлөвшсөн, хамт олонч үзэл суртлаар тархиа угаалгасан хүмүүс. Индивидуализм яг ийм үзэл бодлын эсрэг, ө.х. бидэн шиг хүмүүсийн эсрэг зогсоно: “төрөөс дээгүүрх хувь хүн”, “төрөөс өмнөх хувь хүн” гэдэг.

Х.Х: Би гадарлаж байна л даа. Барууны орны иргэд хүний хэрэгт нэг их оролцоод байдаггүй. Өөрөө, өөрийгөө болгоод явдаг. Хүнээс (ер нь бусдаас, төрөөс ч гэсэн) юм гуйхыг ихэд цээрлэдэг. Тэр ч байтугай, нэгнийхээ хэрэгт оролцсон асуултыг personal question гээд уучлал гуйж байгаад, их болгоомжтой тавьдаг юм билээ.

Б.Б: Тийм ээ, тодорхой утгаараа хөгжсөн улс-орны бүх иргэд индивидуалист байдаг бөгөөд хувь хүний бие даасан байдал нь соёлжиж иргэншсэн байдлынх нь шалгуур болдог. Тэд хүнээр юмаа хийлгэх, бусдын хөдөлмөрийг мөлжих дургүй байдагтайгаа адил бусдад хөдөлмөрөө мөлжүүлэхийг ч хүсэхгүй. Энэ тал дээр маш сонор сэрэмжтэй байдаг. Гэтэл бүдүүлэг, хамт олонч психологи ноёрхсон нийгмийн хүмүүс энэ зарчмыг огт ойлгохгүй хачирхаад байдаг юм.

Х.Х: Хувь хүн гэж хүн бүрийг хэлж байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна л даа. Энэ бол ганц нэг хүнийг хэлээд байгаа юм биш, бусад хүн ч гэсэн энэ ойлголтод хамрагдана, тийм үү?

Б.Б: Яг үнэн. Хүн бүр хувь хүн. Тэгэхээр Д.Бэргланд Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл номдоо бичсэнээр “хүн бүрд халдашгүй дархан хүрээ” гэж бий. Тэгэхээр Монголын 3 сая иргэн бүр өөрийн хүрээтэй. Хувь хүний хүрээ уруу төр байтугай, өөр хувь хүн ч халдаж болохгүй. Учир нь бүх хүн адил эрхтэй.

Өмчлөх эрх, эрх чөлөө гэдэг бол хувь хүний хүрээн дотор байдаг хамгийн үнэт зүйл. Ингэж үздэг учраас Монголын либертари үзэлтнүүд гадны зохиогчдын бүх номыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй орчуулж эхэлсэн. Энэ соёл одоо томоохон хэвлэлийн газруудад мөрдөгддөг болсон юм шиг байна лээ.


 

Дэвид Бэргланд, түүний гол бүтээл Нэгэн хичээлд багтаасан либертари үзэл


Х.Х: Хувь хүн гэсэн үгнээс аваад үзсэн ч, энэ нь тоталитари зүйлтэй харш санагдах юм.

Б.Б: Тийм шүү, тоталитари гэдэг үг чинь өөрөө нийт гэсэн үг шүү дээ. Тийм ч учраас тоталитари нийгэм гэж коммунист, фашист нийгмүүдийг хэлдэг. Тоталитари дэглэмийн талаарх хамгийн том онолч Анна Арэндт энэ талаар тодорхой бичсэн дээ. “Нийтээрээ ингэж хүсэж байна”, “олонхоороо ингэж шийдсэн” гэх мэт үгнүүд бол их осолтой үгнүүд. Энэ үгнүүдийн цаана А.Токвиллийн Америк дахь ардчилал номдоо өгүүлсэн “олонхын дарангуйлал” яваад байдаг юм.

Одоо Монголд байгаа ардчиллынхан “ардчилал гэдэг бол олонхын засаг” гэдгийг маш сайн ойлгоодхож. Хаашаа л бол хаашаа харна, олуулаа байгаадаа хөөрцөглөсөн хүмүүс. Худал гэдгийг нь мэдсээр байж, олонх л аль нэг талд байх юм бол бүгд түүнийг зөв гэцгээнэ. Буруу зөв нь хамаагүй, олуулаа байх ёстой гэнэ. Ийм коллективистуудын хувьд олуулаа байх юм бол “буруу ч байсан зөв, ганцаараа байх юм бол зөв ч байсан буруу”. Эд, олонх эс зөвшөөрөх аваас газрын татах хүчний хуулийг худал гээд Ньютоныг ч нулимахад бэлэн байдаг.

Х.Х: Ер нь, индивидуализмын яг эсрэг ойлголт юу вэ?

Б.Б: Коллективизм буюу хамт олонч үзэл. Индивидуализм нь коммунизм, социализм, корпоратизм, фашизм зэрэг хамт олонч-коллективист үзэл болон “олонхын дарангуйллын” эсрэг зогсож байдаг үзэл болно. Ер нь, коллективизм (хамт олонч үзэл) бол хүний мөн чанарын эсрэг үзэл.

Х.Х: Хоёулаа хамт олонч үзэл, коллективист нийгмийн тухай жаал ярилцвал яасан юм бэ. Бодоод байхад, хүн нийгэмд л амьдардаг юм чинь хамтын амьдралтай амьтан мөн биз дээ?

Б.Б: Хамтын амьдрал гэдгээр түрий барьж нэгийнхээ хувийн хүрээ уруу ороод байхыг соёлжиж иргэншсэн хүмүүс маш их эсэргүүцдэг. Түрүүнд чи бид хоёрын ярьж байсан шиг шөнө дөлөөр айлд хэдүүлээ очиж сандаргах, цай, давсгүй болчхож гээд нэг нэгнийхээ сав суулгыг ухаад байх нь нэгийнхээ эрхэнд халдаж байна л гэсэн үг.

Х.Х: Бидний амьдарч байсан социализм мөн ч хамт олонч нийгэм байсан даа!

Б.Б: Тийм ээ, Ф.Хаек Боолчлогдох зам бүтээлдээ  коллективист үзлийг хамгийн тод илэрхийлэгч хүмүүс бол социалистууд гэсэн байдаг. Коллективист буюу хамт олонч үзлийн тод илрэл бол хувь хүнийг нэг ангийн (ажилчин ангийн) эрх ашиг гэдгээр дарамталж байдаг коммунизм, мөн хувь хүний эрх ашгийг нэг үндэстний (ари үндэстний) эрх ашгаар дарамталж байдаг фашизм хоёр гэдгийг дахин дахин хэлээд байгаа маань учиртай юм шүү.

Ийм нийгэмд ямагт олонхын төлөөлөгч гэсэн нэрээр хэдхэн хүн засгийн эрхийг барьдаг тул жирийн хувь хүний эрх чөлөөний тухай ярих огт аргагүй. Хамт олонч нийгэмд “зарчимгүй хүмүүс амжилт олох магадлал ихтэй (Хаек), учир нь бодож байгаа зүйлээ биш аль болох олон түмэнд таалагдсан үг хэлдэг аймхай хүмүүс амжилт олдог.” Тэд өөрийн жинхэнэ санаа бодлыг хэзээ ч ил шулуухан хэлэхгүй, ямагт бусдын амыг харж байгаад удирдлага, олон түмэн хоёрт таалагдсан үг хэлдэг.

Мөн хамт олонч үзлээс ангич, үндсэрхэг үзэл уруу халтирахад нэн дөт байдаг гэж Хаек үзэж байв.

Х.Х: Хаекийн энэ номын нэр, философич Б.Рассэлийн нэг номын нэртэй адилхан сонстоод байх юм.

Б.Б: Тийм ээ, Ф.Хаек энэ номынхоо нэрийг Бэртран Рассэлийн Эрх чөлөөнд хүрэх зам номын нэрээс санаа авч өгсөн байх талтай. Иймэрхүү жишээ сэтгэлгээний түүхэнд их байдаг. Жишээ нь, Прудоныг Гуйланчлалын философи зохиолоо бичсэний дараа Маркс Философийн гуйланчлал-аа бичсэн.

Х.Х: Коллективизмын тухай яриа уруу эргээд ороход, ер нь, ямар ч байсан хамтдаа байх нь амар биз дээ. Саад бэрхшээл тулгарсан ч хамтдаа, ямар нэг зүйл дээр буруудсан ч бүгдээрээ шийдвэр гаргасан юм чинь хэн нэгнийгээ буруутгаад байхгүй, амар юм шиг л санагдах юм.

Б.Б: Энд бас муу тал байгаа юм аа. Тухайлбал, психологи талаас нь авч үзэх юм бол коллективизм нь ганцаар хариуцлага хүлээхээс эмээгсдээс үүдэлтэй феномен (үзэгдэл). Коллективистуудын үндсэн шинж бол олонход таалагдах явдал. Тийм учраас сүрэглэсэн үедээ л зоригтой байдаг. Улс төр бол жинхэнэ коллективист үзэгдэл. Улс төрчид үүнийгээ “хамтын тоглолт”, “багийн үйл ажиллагаа” гээд янз бүрээр л нэрлэдэг юм билээ. Үнэндээ, нэг асуудал дээр ганцаар зогсож хэзээ ч чадахгүй хүмүүс. 10 хүний 6 нь өөрийнх нь эсрэг санал өгвөл тэдний хөмсөг бууна, 7 нь эсрэг саналтай байвал урвайчихна, 8 болбол сүр сүлд нь арилна, 9 гэвэл бүр амьд сүг болно. Нам, эвсэл, фракц, бүлэг, түр хороо - энэ бол дандаа коллективист психологи дээр тулгуурласан бүлэглэлүүд. “Буруу байсан ч хамаагүй гол нь бүлэглэх хэрэгтэй; зөв байх нь бага хэрэг, ганцаараа л байж хэрхэвч болохгүй” гэцгээнэ.

Х.Х: Нийгэм-улс төрийн утга зохиолд индивидуализмын тухай нэг их ярьдаггүй байсан санагдах юм. Эсвэл би сонсоогүй юм болов уу?

Б.Б: 20-р зууны эхний хэдэн жилд нэлээд их яригддаг байсан энэ үзэл данхгар төр, дайн, фашизм, коммунизмын сэргэлттэй холбоотойгоор 1930-70-аад онд бууралтын шатанд ороод, фашизм ялагдсаны дараа, ялангуяа ЗХУ тэргүүтэй коммунист орнууд нуран унасны дараа дахин эрч хүчээ авсан. Одоо коммунизм, фашизм нь индивидуалист үзлийн эсрэг зогсож чадах хүчин байхаа больсон бөгөөд зөвхөн коммунитари үзэлтнүүд (энэ үзэл стэйтист үзэлтнүүдийг өөртөө багтаадаг) түүний эсрэг зогсож байна.

Х.Х: Хамт олны санаа бодлыг харгалзахаас өөр аргагүй шүү дээ, ямар эзгүй арал дээрх Робинзон биш?

Б.Б: “Соёлжиж иргэншинэ гэдэг бол нийгэмд хамтаараа амьдрахдаа нэгнийхээ хүрээ рүү орохгүй амьдарч сурахыг хэлдэг”. Энэ талаар жаал бодож эргэцүүлж, тунгаах хэрэгтэй.

Хувь хүнийг хамт олонтой нэг эгнээнд алхаж, нэг л дуу дуулахыг албадаж болохгүй. Хувь хүн өөрийн гэсэн бодол санаа, хүсэл эрмэлзэл, дуу хоолойтой байж, өөрийн амьдралаар амьдрах эрхтэй.

Х.Х: Нийгмийн амьдрал гэдэг бол хамтын амьдрал, тиймээс нийгэмд амьдарч байгаа л юм бол гарцаагүй бусадтай харьцаанд орж таарна биз дээ?

Б.Б: “Харьцаанд орох”, “нэг, нэгнийхээ амьдралд хөндлөнгөөс оролцох” гэдэг нь өөр ойлголтууд. Бид нэг, нэгнийхээ хүрээ рүү орж болохгүй.

Х.Х: Болж байна аа, би чиний хүрээ рүү орж болохгүй юм бол чи ч миний хүрээ рүү орж болохгүй!

Б.Б: Яг тийм, “хэн ч миний амьдралыг мэдэж болохгүй” гэсэн үг чинь цаагуураа та өөрөө ч бусдын амьдралыг мэдэж болохгүй гэсэн утгыг бас давхар илэрхийлнэ.

Х.Х: Ерөнхийдөө бууж л байна, “Би бол өөрийн хувь тавилангийн усан онгоцны ахмад, надаас өөр хэн ч энэ онгоцыг залуурдах ёсгүй” гэж үү?

Б.Б: Тийм ээ, төр хувийн амьдралд маань хөндлөнгөөс хүч түрэн орж ирж байна. Хүний хэрхэн амьдрах, бие биетэйгээ болон албан байгууллагуудтай харьцах, биеэ яаж авч явах талаар зааж зааварлан, энэ талаар хууль гаргаж, зөрчвөл шийтгэдэг байгууллага бол төр. Ёстой л Бастиагийн хэлснээр, “Байцайгаа хэрхэн дарах, өмдөө хэрхэн товчлохыг зааж зааварлаж эхэлдэг.” Энэ бол төр тодорхой утгаараа хувь хүний эрх чөлөөнд харшлагч хүчин зүйл болж байна гэсэн үг. Хувь хүн өөрийн амь, амьдралыг төрөөс түрээсэлж аваагүйгээс хойш энэ асуудал дээр туйлын эрх чөлөөтэй байх ёстой. 

Х.Х: Чиний номд либертарианизмыг “Өөрөө, өөрийгөө мэдэх зарчим дээр тулгуурласан эрх чөлөөний философи” гэсэн байсныг санаж байна.

Б.Б: Тийм ээ, хүн өөрийгөө мэднэ гэдэг бол өөрийнхөө амьдралыг “эзэмшинэ” гэсэн үг. Учиргүй их хөрөнгө мөнгөтэй, өндөр боловсролтой, “маш том дарга” байсан ч тантай холбоотой асуудлыг танаас илүү мэдэх эрх байхгүй. Мөн хэчнээн олуулаа байсан ч таны амьдралыг өөрөөс чинь илүү мэдэх ёсгүй. Яг үүнтэй адил та өөрөө хэн ч байлаа гэсэн бусад хүний амьдралыг мэдэх эрхгүй.

Х.Х: Либертари үзэл хийгээд зарчмыг патернализмд харш гэж үзэж болох нь ээ?

Б.Б: Болно, гэхдээ “Би өөрийгөө мэднэ” гэдэг хамгийн энгийн энэ зарчим хүмүүний амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжтэлээ асар их цаг хугацаа, хөлс хөдөлмөр, тэр ч бүү хэл, улс төрийн ширүүн тэмцлийг шаардсан юм. Хувь хүний амьдралыг их хаад, күнз, мэнз гэх мэт ёс суртахууны сургаал, сайн сайхан бүхнийг амлах шашин,  нийт ард түмний нэр барьсан хэсэг бүлэг дарангуйлагч, ард түмний төр, “нутгийн ухаант өтгөс”, үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зовнисон эцэг эх, ах дүүс гээд хөндлөнгийн хүмүүс зааж зааварлан, мэдэж зохицуулсаар ирсэн байдаг. Хувь хүний амьдралыг тухайн  хүн өөрөө биш, төр юм уу, шашин мэднэ гэдэг үзлийг патернализм гэдэг биз дээ.

Х.Х: Тийм ээ, патерналистууд хүний амьдралын хамгийн гол асуудлууд болох төрөх, үхэх, гэрлэхийг тухайн хүнээс гадна орших хүчин, ямар нэг байгууллага мэднэ гэдэг. Сүм хийдийнхэн хүүхэд төрөхөд сүмд аваачиж адислаад нэр өгнө. Хүний амьдралд тохиолдох томоохон үйл явдал бол гэрлэлт, мөн л сүм хийдэд очиж зөвшөөрөл авч гэрлэнэ. Амьдралын төгсгөл болж, нас барахад нь бас л лам очиж, нүглийг нь наманчлан, хойдохыг нь уншина. Хүний амьдрал тэр чигээрээ сүм хийдээс хамааралтай. Хэрэв хэн нэгэн ямар нэг шалтгаанаар (эдгэшгүй хүнд өвчин зовиур, амьдралын шийдвэрлэх аргагүй ачаа дарамт, сэтгэл санааны маш хүнд шарх зэргээс болоод) амьдралаас татгалзах аваас сүм хийдийнхэн шарилын газар өгөхгүй. Явж, явж “хэний амь байсан юм бэ!” гэж бодохоор.

Б.Б: Нийгмийн амьдралд шашин хуваарьгүй ноёрхох болсон дундад зууны үеэс хувь хүний амьдралын хамаг чухал асуудлыг сүм хийдийнхэн мэдэх болж, патернализм хүчээ авсан. Хувь хүн гэсэн ойлголтыг бүх талаар устгаж, бүгдийг тоталитари байр сууринаас авч үздэг ийм патерналист үзэлд фашизм, коммунизм хоёр талархалтай хандсан юм.

Сталинч дэглэм. Хувь хүмүүсийн амьдрал тэр чигээрээ сталинизмын ярганы машины (НКВД-ДЯЯ-ны) хараа, хяналт доор байх болсон. Дундад зууны шашин, сүм хийдийн инквизаци энэ машины дэргэд бараг сахиусан тэнгэртэй харьцаж буй мэт санагдахуйц байлаа. Зарим хүний хувьд ийм аймшигт дэглэмээс зугтах цорын ганц арга бол бараг амиа хорлох явдал байсан. Гэтэл амиа хорлосны дараа нь ч, сталинч дэглэм хүний ёсоор хөдөөлүүлэх бололцоо өгдөггүй, үлдсэн ар гэрийнхнийх нь үйл тамыг үздэг байв.

Ийм сталинч, чойбалсанч дэглэмийн үлдэгдэл болсон манай нийгэмд хүний яаж амьдрах, ямар хувцас өмсөх, юу унших, юу идэж уух, ямар хөгжим сонсох, ямар кино үзэх, ямар сэдвээр ярих, хэнтэй бэлгийн харьцаанд орох, өөрийн мөнгөөр юу хийж болох гээд бүхий л зүйлийг зааж зааварлаж байсан, одоо ч түүний үлдэгдэл байсаар байна.


Либертари үзэл бол анти-патерналист үзлийн хамгийн тод илрэл мөн.


Х.Х: Уучлаарай, хоёулаа энд асуудлаасаа жаахан гажчихъя. Нэлээд философилог сэдэв юм л даа. Эл асуудлыг хөндөх зай завсар олдохгүй байх. Энэ бол үхлийн тухай сэдэв болно. Либертари үзэлтний чинь хувьд гэхээсээ илүүтэй философийн профессорын чинь хувьд асууж байна.

Б.Б: Либертари үзэлтэй огт холбоогүй гэж болохгүй. Чиний асуултанд либертари арга зүйн үүднээс хариулж болно. Гэхдээ, чи философийн үүднээс сонирхоод байх шиг байна, тиймээс энэ сэдвээр жаахан “философидъё” л доо. Түүхэн дэх хамгийн нухацтай сэтгэдэг философичид болох Сократ (Эртний Грек. ХТӨ 470-399 он), Цицерон (Эртний Ром. ХТӨ 106-43 он), Фома Аквинский (Дундад зууны Итали. Шашны зүтгэлтэн, философич, 1225-1274 он), Мишэль Монтэнь (Францын зохиолч, философич. 1533-1592 он), Артур Шопенгауэр (Германы философич. 1788-1860 он) гээд олон хүн үхлийн тухай эргэцүүлсээр ирсэн байдаг. Тэд үхлийн тухай бодох үед хамгийн үнэн, гүн философи гарч ирдэг хэмээж байв.

Бүх хүн адил гэдгийг үзүүлдэг зүйл бол үхэл. Хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болсон нэгэн өөрийгөө бусадтай адилгүй хэмээн сэтгэвч үхэл түүнийг бусад хүнээс үл ялгана. Маш баян нэгэн мөн л өөрийгөө хүнээс ангид гэж сэтгэнэ. Гэтэл үхэл түүнийг тойрохгүй. Чингис хаан олон улс орныг эзэлж, ид хүчирхэгжиж байх үедээ Чан-чун бумбыг залж, мөнх амьдрах тухай асуусан байдаг. Маш олон хүнийг алж хядан байж хязгааргүй эрх мэдэл, асар их баялагтай болчхоод үхээд өгнө гэхээр харамсалтай санагдсан байж таарна. Гэвч бүх хүнд тохиолддог зүйл түүнд тохиолдсон. Бүх хүн адил.

Х.Х: Амиа хорлохуйг либертари үзлийн үүднээс юу гэж үздэг вэ?

Б.Б: “Тэр нь хэний амь юм бэ?” гэсэн асуулт тавигдана. Тэгээд тэр амь амьдралын “эзэн нь яахаа мэднэ” гэнэ дээ. Түрүүхэн сталинч дэглэмтэй холбон ярьж байх үед энэ асуултын хариу хөндөгдсөн.

Нэмж хэлэхэд, Э.Фромм (1900-1980 он. Герман-АНУ-ын психоаналитик, неофройдизмыг үндэслэгч, Франкфуртын сургуулийн төлөөлөгч) некрофилийн [энэ нэр томьёог манай уншигчид секспаталогид ярьдаг утгаас салгаж ойлгоорой] тухай багагүй ярьсан байдаг. “Некро” буюу үхэл, “фил” буюу татагдах, дурлах гэсэн утгаар. Экзистенциалистууд ч амиа хорлох (Камюгийн суицид. А.Камю, 1913-1960 он. Францын философич, зохиолч, Нобелийн шагналтан) явдлыг эрх чөлөөний асуудалтай шууд холбон тавьдаг. Психо-анализид ч энэ асуудлыг авч үзсэн. Фройдын (1856-1939 он. Фройдизмыг үндэслэгч) хэлснээр, хүнд байдаг үхлийн инстинкт (танатос) зарим үед амьдралын инстинктээс (эросоос) нь давамгайлдаг. Социологич М.Вэбэрийнхээр (1869-1920 он. Германы социологич, философич), амиа хорлох явдал аймхай, тэнэг хүний үйлдэл үү, зоригтой, ухаантай хүний үйлдэл үү гэдэг нь асуудал мөн.

Х.Х: Амиа хорлохуйтай холбоотой эвтанази гэдэг ойлголт байдаг байх аа?

Б.Б: 10-аадхан жилийн өмнө евтанази буюу “жаргалтай үхэл” хэмээх энэ үйлдлийг Холланд зэрэг ганц хоёр улсад л хүлээн зөвшөөрдөг байж. Одоо олон улс-орны анагаах ухааны практикт маш өргөн хэрэглэдэг болсон. Эдгэшгүй, хүнд өвчтэй хүмүүс бие, сэтгэл санааны хувьд асар их тарчилж байснаас эвтаназийг сонгох нь бий. Хамгийн либерал хуультай, эрх чөлөөг дээдэлдэг улс-орнуудад үүнийг хүлээн зөвшөөрдөг (Эндээс л, Холланд анхнаасаа хэр зэрэг либертари орон байсан, хоёрт, либертари зарчмыг хүмүүс эхэндээ, их цочирдон хүлээж авдаг ч, хожуу бүгд ойлгодог болох нь харагддаг). Асар их шаналгаа, удаан тарчлах явдлаас зугтах үүдэлтэй ийм практик монголчуудын түүхэнд ч байв: “ам барих ёсон”.

Х.Х: Энэ бүх асуудал индивидуализмтай цаагуураа холбогдох юм байна гэсэн бодол төрөөд эхэллээ.

Б.Б: Тийм ээ, чиний зөв. Өөрөө, өөрийгөө мэдэх болон эрх чөлөөний зарчмууд ийм л асуудалтай холбогдож таарна шүү дээ. Түүнээс бус “сонгуульд оролцдог бол эрх чөлөөтэй” гэсэн хоосон, хийсвэр юм яриад байж болохгүй.

Х.Х: Ямар зохиол уншвал индивидуализмын талаар нухацтай мэдлэг эзэмших вэ?

Б.Б: Гарцаагүй Айн Рэнд. Түүний Эх сурвалж роман, Сайтар эргэцүүл! жүжиг, Магтуу дис-утопи тууж.

Би чамд Магтуу-гаас нэг хэсгийг уншиж өгье: “Ямар ч замаар явлаа гэсэн намайг чиглүүлэгч хүч миний л дотор байдаг... Би хэн нэгний ашигладаг багаж биш. Би тэдний хэрэгцээг гүйцэлдүүлэгч зарц биш. Би тэдний шархаа боодог боолт биш. Би тэдний шүтээндээ өргөдөг өргөл биш. ... Би өөрийн үнэт зүйлсээ бусдад өгөхгүй. Энэ үнэт зүйлсээс хамгийн аугаа нь миний эрх чөлөө. Сэтгэл оюуны минь сайн сайхныг зоосон мөнгө болгож, ядмагхан сэтгэл оюунд зориулан хийсгэхийг зөвшөөрөхгүй. ... Би хүмүүст өргүй, тэд ч надад өргүй. Би хэнийг ч өөрийнхөө төлөө амьдраач гэж гуйхгүй, би өөрөө ч тэдний төлөө амьдрахгүй. Би хэн нэгний зүрх сэтгэлийг эзэмдэх гэж шунахгүй, мөн өөрөө ч бусдад эзлэгдэхгүй. ... Хүн сэтгэл зүрхнийхээ гүнд ганцаар байдаг юм. Сэтгэл зүрхний минь гүнд бохир заваан нэгний гар хүрч, самардаад байх юм бол миний баяр баясгалан гэж юу байх юм бэ? Захын тэнэг нь тушаагаад байх юм бол ухаантай байхын хэрэг байна уу? Бусад хүн тэр ч бүү хэл, арчаагүй, сул дорой нэгэн миний эзэн юм бол эрх чөлөө гэж юу юм бэ?... Би “Бид” гэдэг мангасаас залхаж байна. “Бид” гэдэг бол хүн дээр асгасан нойтон цемент, хатаад ирэхээрээ чулуу шиг болж, доороо байгаа бүхнийг няцлан, хар ч биш цагаан ч биш хатуу саарал юм болгодог.

Х.Х: Би Эх сурвалж-ийг уншсан. Тэр романд ч яах аргагүй иймэрхүү санаа их гарсан байдаг.

Б.Б: Тийм ээ, Эх сурвалж роман, Магтуу дис-утопи тууж, Сайтар эргэцүүл! жүжиг гурав чинь уран зохиолын гурван өөр жанраар бичигдсэн, нэг утга агуулгатай зохиолууд. 

Эх сурвалж-д үнэхээр яг ийм санаа бий. Хамгийн товч бөгөөд тодорхой илэрхийлсэн хэсэг бол Роарк хоёр дахь удаа шүүх хурлаар орохдоо хэлсэн үг. Хоёулаа, нэг сөхөөд хараадахъя (би түүнд Эх сурвалж-аас тухайлсан хуудсыг гаргаж, дараах мөрүүдийг уншуулав): “Бусадтай санал нэг байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн бусадтай санал нийлдэггүй. Урсгал дагаж сэлэхийг буянт үйл гэж зааж сургаж байна. Гэтэл бүтээгч хүн урсгал сөрж сэлдэг. Хамтдаа байхыг буянт үйл гэж хүмүүст зааж, сургаж байна. Гэтэл бүтээгч хүн ганцаараа байдаг. ...Нийтийн сайн сайхан, үндэстэн, анги, төр гэдэг бол хүн ардыг дарлаж байсан бүх харгислалыг зөвтгөсөн нэр томьёо. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар зүйл болгоныг нигүүлсэнгүй буян гэдэг нэрийн доор хийж байсан. Өөрийгөө огоорон бусдын төлөө гэдэг нэрийн доор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэхийн тухай асуудаггүй байсан. ...Хүн бусдынхаа төлөө хийж чадах ганц сайн зүйл, зөв зохист харилцааг илэрхийлсэн илэрхийлэл бол Бусдын хэрэгт бүү оролц!’ ... Коллективист хүн бусдаар амьдардаг бол харин индивидуалист хүн өөрөөрөө л амьдардаг.

Ийм байдаг учраас индивидуалист хүн хэнд ч, ямар ч хор хөнөөл, гэм зэм учруулдаггүй. Энд “бусдадаа хор хөнөөл үл учруулах”, “нэгнийхээ хүрээ уруу эс орох”, “өөрөө өөрийгөө даах” гэсэн либертари зарчмууд нэвт шингэсэн байгаа биз дээ.

Харин ийм үзэл санааны эсрэг үзлийг Түүхэй, Кийтингт сургаалаа айлдах үед илэрхийлдэг. Түүний горьдож, найдлага тавьж байгаагаар Европт ялан мандаж буй үндэсний коллективизм (фашизм), ангийн коллективизм (коммунизм) хоёр мөдхөн АНУ-д орж ирнэ.

Х.Х: Айхавтар хэлсэн байна. Гэхдээ бидний одоо яриад, хүсээд, тэмүүлээд буй ардчилал гэдэг чинь олонхыг харгалздаг, тэдний таашаалаар явдаг тогтолцоо, нийгмийн байгууламж, улс төрийн үзэгдэл биз дээ?

Б.Б: Тийм ээ, либертари үзэлтнүүд бол ардчиллаас цааш явсан хүмүүс шүү дээ. Биднийхээр ардчилал бол мөн л коллективист үзэгдэл. Гэхдээ коммунизм шиг тоталитари үзэгдлээс хамаагүй дээр л дээ. Жинхэнэ эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд ардчилал бол олонхын дарангуйлал. Энэ тухайд дараа дэлгэрэнгүй ярих боломж олдоно. Заавал ярина.

Х.Х: Би либертари үзлийн үүднээс биш психологийн үүднээс олон түмний (ард түмний гэсэн үг л дээ) сөрөг шинжүүдийн талаар зарим сэтгэгчдийн хийж байсан судалгаа, хэлж, бичиж байсан зүйлийг мэдэх юм байна. Барууны зарим онолд тодорхой асуудлаар олон түмэн хувь хүнээс харанхуй байдаг гэж үздэг. Энэ бол ерөөсөө л химийн асуудлыг шийдэхэд химичид, физикийн асуудлаар физикчид, эрүүлийг хамгаалах асуудлаар эмч нар гол шийдвэр гаргах ёстой гэсэн үг. Асуудал хэчнээн нарийн ээдрээтэй байна, төдий чинээгээр цөөн хүний оролцоо хэрэгтэй. Гэтэл одоо бүх асуудлыг санал хураалтаар (үүнийгээ ардчилал гээд байх юм) шийддэг моод дэлгэрчээ. Санал хураалтаар шийддэг асуудал гэж байхад, шийдэж болдоггүй (хэрвээ ингэж шийдвэл бурууддаг) асуудал ч гэж байдаг биз дээ.

Б.Б: Чиний хэлсэн дээр нэмэрлээд, хоёр суутнаас эш татъя. Аугаа зохиолч Марк Твэйн (АНУ. 1835-1910 он) “Хэрэв та өөрийгөө олонхын талд байгааг мэдэх юм бол өөртөө эргэлзэх, үйл ажиллагаагаа завсарлах үе болсон байна гэсэн үг” гэсэн бол их философич Мишэль Монтэнь (Францын философич. 1533-1592 он) “Үймсэн олны халдвар маш аюултай. Тэдний зэрлэг авир, үзэн ядалтыг дуурайхад хүрнэ. Бусдын анхааралд өртөж, бусдаас талархал хүлээх гэсэн хүсэл эрмэлзэл, материал баялаг, өмчид хэт татагдахад хүргэж, хүнийг өчүүхэн бодгаль болгон хувиргадаг” гэсэн байдаг.

Х.Х: Тэгэхээр энд олон түмэн хийгээд хувь хүний саналын зохист харьцааны тухай асуудал гарч байна. Олонхын санал ихээхэн энгийн зүйл дээр давамгайлж байх ёстой гэж Фройд ба Лебонын (Францын психологич, социологич. 1841-1931 он) психо-анализад үздэг. Шийдэх гэж байгаа асуудал маань хэчнээн нарийн ээдрээтэй байна, төчнөөн цөөн хүний үйл хэрэг байдаг. Ардчилал гэдгийг мушгин гуйвуулж, бүх асуудлыг санал хураалтаар шийдэхэд хүрвэл олонхын саналаар ямар ч буруу шийдвэр гарч болно.

Б.Б: 100 хүнээс 99 нь эсэргүүцэж байсан ч үлдсэн ганцын үнэн байж болдог.  

Х.Х: Ам халсан дээрээ, бодож санаж явдгаа үлдээлгүй шууд хэлэхэд, манайхан ерөнхийдөө их харанхуй байна. Үүнийг далимдуулж, энэ байдалд нь таарч тохирсон юм хэлж, бичих явдал энд тэндгүй гарах юм. Хэвлэл, радио, телевиз болон хүмүүсийн бичсэн зүйлсийг харж байхад, бодож эргэцүүлээгүй зүйлээ хэлж, ярих, мэдэхгүй зүйлийнхээ талаар хамаа намаагүй бурах, олон түмний санаа сэтгэлд тохирсон зүйл өгүүлэх гэсэн популистууд олширчээ.

Б.Б: “Ард түмэн бүхнээс ухаантай”, “олон түмэн бүхнийг шийднэ”. Үүн шиг сонсоход сайхан боловч хоосон агуулгатай эшлэлүүд ховор биз. Түүхэн дэх Герострадуудыг (муу үйлээрээ дэлхийд алдаршигсад. Б.Б) хараад байхад бүгд л ард түмний нэрийг барьсан байдаг. Гитлер, Сталин, Чойбалсан, Мао, Пол Пот гээд ард түмэндээ хэн их гай тарьсан байна, тэд л ард түмний нэрийг хамгийн их барьж хэлмэгдүүлсэн байдаг. Ард түмний нэрийн өмнөөс гээд ард түмнээ буудаж, яргалж, цөлж байв.

Тэгэхээр ард түмэн, тэдний хүсэл зориг гэж чухам юу юм бэ? Хэн нэгэн ямар нэг зорилгын үүднээс хүн амын доторх юмны учир начрыг ойлгоогүй хэсгийг ойлгосон хэсэгт нь сөргүүлэн тавьж, үйлдсэн харгислалаа нуун далдлахад ашигладаг заль мэх төдий зүйл. Дарангуйлагчдын хэрэглэж буй “Ард түмэн” гэдэг бол үгэн тоглоом.

Х.Х: Олон түмний психологийн бас нэг үндсэн шинж нь эргэлзэх, эргэцүүлэх сэтгэлгээ байдаггүй явдал. Тэдний санаа сэтгэгдэл зөв ч, буруу ч аль нэг талд хэдийнээ зогссон байдаг. Энэ нь, олон түмэн гэдэг хувь хүнийг бодох юм бол юманд илүү сураг ажгаар хандаж, дам харьцдаг гэсэн үг. Хувь хүн өөртөө хамаатай аливаа асуудлыг шийдэхэд оюун ухааныхаа үүднээс ихээхэн нухацтай ханддаг бол олон түмэн асуудалд сэтгэл хөдлөлийн үүднээс сонссоноороо ханддаг.

Б.Б: Гарцаагүй үнэн.

Х.Х: Одоо манайд явагдаж буй үйл явцыг хараад байхад олон түмний психологийн юманд шүүмжлэлгүй, эргэлзээгүй ханддаг энэхүү шинжийг улам бүр нарцист шинж агуулгатай болгож байна. Фрейдо-марксист Э.Фроммын хэлсэн тэрхүү биологи шинжтэй, өөрийн гэсэн болгоноо дөвийлгөсөн, “эхийн хайр” нь монголчуудын дунд маш амжилттай төлжин бойжиж байна.

Олон түмний психологийн талаар Фройдын хийсэн бас нэг гашуун боловч үнэн дүгнэлт нь олон түмэн төрөлхөөсөө ямар нэг удирдагчийг хүсэн хүлээж, эрэн хайж, уг чанараараа нэр хүндэд шүтэж байдгийг харуулсан. Олон түмэн удирдагчаа алдаад, бүгд хувиа бодсон психологийн төлөв байдал болох паникосоос (сандран тэвдэж, үймсэн төлөв байдлаас) ямагт зайлсхийж, зугтахыг оролдож байдаг. Энэ бол хүн төрөлхтөн сүргийн амьдралтай байх үеэс үлдсэн инстинкт юм.

Б.Б: Санал нийлж байна. Тийм л дээ, либертари үзлийн үүднээс ч гэсэн олон түмнийг шүтэгчид бусдаар амьдардаг бол хувь хүнийг дээдлэгч өөрөөрөө амьдардаг хэмээн үздэг.


Ард түмний нэрийг барьж, ард түмнийг асар олноор нь хоморголон алж хядаж байсан дарангуйлагчид


Х.Х: Ард түмэн ямар нэг байдлаар анхаарлын төвд байгаа хүнийг итгэл найдварын нүдээр харж, түүнийхээ маш халгаатай дутагдлыг хүртэл хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг. Түүхэнд чанга гартайгаараа алдаршсан Чингис, Догшин Иван, Их Петр, Напелеон нар олон түмэнд хэдий чинээ хатуу чанга хандана, олон түмэн төдий чинээгээр дальдчин, дальдчин өөрсөд уруу нь зүтгэж байсныг санахад илүүдэхгүй. Олон түмнийг ийм фанатик байдалтай болгохыг Фройд “захирах буюу эцгийн гипноз (ховсдолт)” гэж нэрлэсэн. Гипнозын энэ төлөв байдал олон хүнийг хамрах тусмаа улам бүр гүнзгийрнэ. Үүнийг коммунист дарангуйллын доор байсан бидний үеийнхэн сайн мэднэ: “Сталин мандтугай!” гээд танкин доогуур орж буй цэрэг, “Хайрт эцэг Чойбалсан минь нас барчихлаа” гээд үүдээ түгжээд, хэд хоногоор уйлж буй малчин өвгөн, “дэлхийн хувьсгалын улаанаас улаан наран Мао-даргынхаа” номыг толгой дээрээ бариад хашхирч яваа хуй-вэй-чууд (улаан хамгаалагчид), Их удирдагч Кимийнхээ тэмдгийг ижил өнгийн хөх хувцсан дээрээ зүүсэн хөдөлмөрчид, гэрэл цацарсан танхимд их хуралдаа суугаад, алгаа хорстол ташин “Найрамдал-дружба” гэж хашхиралдаад, намынхаа магтууг дуулж буй намын гишүүд – энэ бүхэн үнэхээр адил дүр зургууд биш гэж үү? Одоо эдгээр ард түмний зарим нь “эцгийн гипноздолтын” нойрноос сэрсэн бол зарим нь сэрж ядан, зарим нь сэрээгүй байна гэж бодогддог.

Б.Б: “Эцгийн буюу захирах гипноз” гэж байдаг юм бол “эхийн” ч гэдэг юм уу өөр гипноз байх нь ээ.

Х.Х: Бий шүү, “Эхийн буюу аргадах гипноз” гэж байдаг. Түүнийг нь ардчилсан улс төрчид их хэрэглэдэг юм гэсэн.

Б.Б: Психологи онолуудыг либертари үзэлтэй холбон тайлбарлаж болох юм байна. Цаагуураа нэг санаа хэлээд байна.

Х.Х: Харин тэгж санагдсан учраас энэ бүхнийг яриад байна. Нийгэм хаос шинжтэй байдаг бөгөөд энэхүү шинжийг зөөгч нь масс буюу ямар нэг хэмжээний олон түмэн байх. Олон түмний биеэ авч явах байдал, дүр төрх, аяг аашийн талаар орчин үеийн Өрнөдийн сэтгэлгээнд З.Фройд, Г.Лебоны сургаалд үндэслэсэн онолууд зонхилох байр суурь эзэлдэг. Эдгээр сэтгэгчдийн баримталж байсан зарчмын ач холбогдолтой өөр нэг санаа бол хувь хүн олонход нэгдээд ирэхээрээ өөрийн өвөрмөц төрх байдлаа алдаж, нийтийн психологид захирагддаг, ямар нэг бүлэг, хамт олонд харьяалагдсан хүн тэнд байгаа нийтлэг бодол санаа, сэтгэгдлээс чөлөөлөгдөж чаддаггүй гэсэн утга юм.

Б.Б: Ер нь “олон түмэн” гэдэг бол хариуцлага хүлээх хүн байхгүй, замбараагүй үзэгдлийг тэмдэглэсэн ойлголт л доо.

Х.Х: Үүнийг чинь нийгмийн психологид яг хэлчихсэн байдаг юм. Хүмүүс нэг доор хэт олуулаа болоод ирэх үед паник - хаос төлөв байдал нь ихсэж, өөрийгөө психологийн талаас эвдлэн устгах иррациональ шинж давамгайлж эхэлдэг. Паник гэдэг нь гэнэтийн, өөрсдөд нь таатай биш нөхцөл байдалд орсон олон түмний төрх байдал. Фройд паникийг тодорхойлохдоо олон түмэн удирдагчаа дагахаа больж, хувь хувиа бодсон психологийн төлөв байдлыг илэрхийлсэн нэр томьёо гэсэн. Паник төлөв байдалд орсон олон түмэн хяналтаа алдаж, нэлээд түгшиж, зэрлэгшсэн аяг ааштай болно. Олон түмний ийм хийрхүү төлөв байдал ямар нэг жагсаал цуглаан, бослого тэмцлийг сул зохион байгуулж, урсгал маягаар хийх үед тод харагддаг. Паник, хийрхэлд орсон олон түмэн далим л гарвал ямар нэг зүйл уруу улангасан хашхирах, уурлан давшлах, гуньж гутран, зугтаж зайлахад бэлэн болсон байдаг.

Олон түмний хүчирхийлэлд татагдсан байдлыг фанатикууд маш тод илэрхийлдэг. Фанатикууд гэдэг нь шашин, ёс суртахуун, улс төрийн мухар сохор итгэл үнэмшилд автагдсан хүмүүс. Тэд аль нэг юмс үзэгдлийн талаар алдаатай, буруу мэдлэг, мэдээллийг итгэл үнэмшил болгоод, уян хатан бус, эрс туйлширсан хандлага гаргадаг. Фанатизм нь аль нэг хүйс, арьстан, шашин юм уу, шашингүйн үзэлтнийг дорд үзэхэд тод илэрнэ. Фанатизмд автсан олон түмэн сэтгэлийн хөдөлгөөнд бүх зүйлээ захируулж, юмсыг эмх замбараагүй болгон хүчирхийлж, эвдлэн сүйтгэхээс өөр үйлч (функцианаль) чанаргүй болдог. Шашны мухар сүсэгт автсан олон түмэн шүтлэггүй, өөр бишрэлтэй хүмүүсийг амьдаар нь шатааж, хувьсгалын хоосон лоозонд итгэсэн ард түмэн язгууртан, ноён л бол эр, эм, хөгшин, хүүхэд гэж ялгалгүй цаазалж байхдаа фанатик итгэл, үнэмшлээсээ болж уулгалан турхиралдаж, “Марсельез” дуулцгаан баяр хөөр болцгооно. Яг ийм үедээ тэд хэн нэг улс төрчийн (удирдагчийн) илбэ-жатганд ороход тун ойрхон байдаг. Мухар сүсэг, балай заншил, хуурамч итгэл үнэмшилдээ ховсдуулж улайрсан хүмүүсийн аюумшигт эрч хүчийг улс төрчид олонтаа ашиглаж байсан түүхэн баримт их байдаг биз дээ.



1789 оны Францын хувьсгалын үед улангасч улайрсан ард олон язгууртан болоод баян л бол хүүхэд хөгшид, эрэгтэй эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг алж хядахдаа баясан хөөрдөг байлаа.


Фанатизмд  автсан олон түмэн эрүүлээр сэтгэгч нэг хувь хүнээс хамаагүй болхи, бүдүүлэг байдаг ч, урсгал механик хүчнийхээ хувьд түүнтэй зүйрлэшгүй давуу байдаг. 

Б.Б: Тэгэхээр, бид хоёрын ярианаас хүмүүс нийгэм гэж ямар ч эмх замбараагүй, хүмүүс нь дандаа бие, биенээ алж талж, хулгайлж дээрэмдэж байдаг зүйл гэж ойлгох вий гэсэн болгоомжлол төрж байна.

Нийгэмд эмх журам байдаг. Хувь хүмүүсийн амьдрах, эрх чөлөөтэй, өмчтэй байхад таатай нөлөө бүхий эмх журам байх ёстой бөгөөд тэр нь төрийн албадлагын доор гэхээсээ илүүтэй бидний байнга ярьдаг аяндаа гарсан (тулган хүлээлгээгүй) эмх журмын хүрээнд байх нь зохистой. Тулган хүлээлгээгүй эмх журам (spontaneous order) хүмүүсийн хүсэл зориг дээр тулгуурлаж, нийгмийн амьдралаар шалгагдсан, иргэдийн эрх ашигт нийцсэн, бат тогтвортой зүйл юм.

Х.Х: Бид хоёр хамт олон хийгээд хамт олонч үзлийг шүүмжилж, хувь хүн хийгээд аминч үзлийг нэлээд магтлаа. Хүмүүсийн дургүй зүйл энэ биз дээ?

Б.Б: Эгоизм буюу та нарын хэлдгээр амиа бодох үзэл, минийхээр бол өөрийгөө бодохуйн талаар цухас дурдлаа. Энэ сэдвээрх яриа маань өнөөдөр дуусахгүй нь бололтой. Дараа үргэлжлүүлэх үү?

Х.Х: Тэгье. Өнөөдрийн сэдэв маш сонирхолтой байлаа. Төгсгөлд нь юу хэлмээр байна.

Б.Б: Ер нь бүх хүнд таалагдах гэдэг бол тун хачин араншин юм шүү дээ. Либертари үзэлтнүүд, адгийн тэнэгт магтуулаад байх юм бол ухаантай байсны хэрэг юун, хамгийн хорон санаатай нь намайг сайн хүн гээд байх юм бол ёс суртахууны зарчмыг баримтлаад яах юм, миний хийсэн бүтээснийг бүгд дундаа тэгш хуваагаад авчих юм бол хөдөлмөрч, нөр хичээнгүй байхын хэрэг юунд байдаг юм бэ хэмээдэг.

 


Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай

Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага

Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?

Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч

Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий

Найм дахь яриа: Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?

Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна