Л.Эрхэмбаяр: Дахин хэлье, засгаа бид огцруулахгүй

2015 оны 11 сарын 5

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай уулзаж ярилцлаа.


-Ардчилсан намд задрал явагдаж байна гэх юм. Танай нам дотор яг юу болоод байна аа?

-Юу болж байгаа гэж. Надад лав мэдрэгдсэн юм алга.

-Зарим нэг фракц чинь тусдаа нам байгуулах гээд яваад байгаа юм биш үү?

-Албан ёсоор тийм зүйл яригдаагүй.

-УИХ-ын гишүүн Х.Баттулга МоАХ-аа аваад гарна гэдгээ бүлгийнхэндээ хэлсэн гэх мэдээлэл байгаа. Та бодвол сонссон байлгүй?

-Бүлгийн хурлаар Х.Баттулга тэгж хэлсэн гэж хэвлэлээс харсан. Гэхдээ Б.Батзаяа, Л.Гансүхийн асуудал нотлогдсон зүйл мөн үү, үгүй юу гэдэг дээр гишүүд бухимдалтай байгаа. Тэр бухимдлаа зарим нэг нь илэрхийлсэн бололтой юм билээ. Хаалттай хуралдааны үеэр хэн яг юу ярьсныг би сайн мэдэхгүй байна. Х.Баттулга МоАХ-оо аваад Ардчилсан намаас гарчихна гэж бодохгүй байна.

-Тэгвэл Ардчилсан нам задрахгүй гэж ойлгож болох нь ээ?

-Нэгдүгээрт, Ардчилсан намаас гарч, тусдаа нам байгуулна гэж албан ёсоор хэн ч хандаагүй байна. Тэгээд ч Ардчилсан нам задрахгүй, задардаг түүхэн замналаа аль эрт туулчихсан. Тиймээс энэ яриа Ардчилсан намын дунд шидсэн яс. Хоёрдугаарт, байгалийн баялгийн хуваарилалтай холбоотойгоор Монголд улс төрийн хямрал үүсээд байна гэж зарим улстөрч, судлаач ярьж байгааг анхаарах ёстой.

-Намуудад итгэх олон түмний итгэл буурч байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна, энэ талаар таны бодол?

-Монгол Улсыг авч явах тулхтай улс төрийн хүчин бол Ардчилсан нам, МАН хоёр мөнөөс мөн. Олон намын систем Монголд бий болсноос хойш энэ хоёр нам ээлжилж, хамтарч  төрийн эрхийг барьж ирлээ. Улс төрийн гол намууд төлөвших нь Монгол Улсад л хэрэгтэй. Түүнээс хэд хуваагдаад хоорондоо зодолдох бол Монгол Улсын хувьд ч, улс төрийн намуудын хувь ч ашиггүй хувилбар шүү дээ.

-Нам төлөвшиж, эрүүлжих гол хөшүүрэг бол Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх явдал шүү дээ. Ардчилсан нам энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилж, шинэчлэх нь зөв үү?

-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилж батлах ёстой. Ялангуяа намуудын санхүүжилт ил тод болсноор мөнгөний сонгууль биш оюун ухааны, хүн чанарын, ноён нурууны сонгууль явагдах юм. “Сайн хүний удам, сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Энэ бодлого Монголын төрийн бодлого байх ёстой.  Төрөө сонгоно, төр барина гэдэг нь гэнэт мөнгөтэй болоод цээжээ хөдөлгөсөн хүмүүсийг сонгох явдал биш. Тиймээс мөнгөний сонгуулиас татгалзаж, мэдлэгтэй боловсролтой, жинхэнэ төрийн хар хүмүүсээ сонгодог сонгууль явуулахын тулд намуудын бүтэц зохион байгуулалт, санхүүжилтийн асуудлыг шинэчилж, ид тод болгох ёстой гэж боддог. 

- Сүүлийн үеийн улс төрийн хүрээнд шуугиан дэгдээгээд байгаа нэг асуудал бол Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаа. Танай намын гишүүдийн дунд реакцилж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тиймээс энэ асуудлыг удирдлагуудын төвшиндөө ярилцсан уу?

Энэ асуудал дээр өмнө нь би байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр суурин дээрээ байгаа. Манай намын удирдлагуудын зүгээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя гэсэн бодол ерөөсөө агуулаагүй. Энэ дашрамд хэлэхэд намын шийдвэр гараагүй байхад Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн саналаа эргүүлэн татахыг зөвлөе. Намын гишүүн багаар тоглохоос өөр сонголт байхгүй.

-Ганц Батзаяагийн асуудал биш, Л.Гансүхийн асуудал ч яригдаж байгаа. Захиалгатай юу, жамаараа яваад ийм юм болов уу гээд хүмүүс асууж, ярьж байна. Гэхдээ бид шүүх эрх мэдэлд, прокурор, цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй.  Бидэнд илүү мэдээлэл алга.

-Ардчилсан намын дарга фракцигүй нам болсноо 25 жилийнхээ ойн баяраар зарласан. Гэтэл танай намын фракциудын зөрчилдөөн бүр ил цагаандаа гарчихлаа шүү дээ?

-Энэ талаар манай намын дарга байр сууриа тов тодорхой илэрхийлсэн. Ардчилсан нам бол фракцигүй нам болно оо гэж. Үүнээс өөр зүйлийг би хэлж чадахгүй нь. Ардчилсан намын удирдлагын нэгийн хувьд би энэ л зарчмыг удирдлага болгож ажиллаж байна.

-Үнэнийг хэлэхэд танай намын Засгийн газрын хувь заяа тун бүрхэг болчихсон харагдаж байгаа. Ч.Сайханбилэгийг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэр бичиг дээр  Ардчилсан намынхан өөрсдөө ч засгийнхаа эсрэг гарын үсэг зурсан байна лээ?

-Энэ асуудал дээр өмнө нь би байр сууриа илэрхийлсэн. Одоо ч тэр байр суурин дээрээ байгаа. Манай намын удирдлагуудын зүгээс Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулъя гэсэн бодол ерөөсөө агуулаагүй. Энэ дашрамд хэлэхэд намын шийдвэр гараагүй байхад Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн саналаа эргүүлэн татахыг зөвлөе. Намын гишүүн багаар тоглохоос өөр сонголт байхгүй.

-Тэр байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байгаа гэж үү?

-Тийм, одоо ч хэвээрээ. Ардчилсан намын мянга мянган гишүүд, намын удирдлага Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахыг дэмжиж байгаа. Ч.Сайханбилэгийг огцруулъя гэж ярьж байгаа зарим нэг гишүүн байгаа л байх. Энэ чинь ардчилалд байдаг л жишиг. Олонхи тогтвортой байдлыг хүсч байна.

-Парламентын 40 хүний гарын үсэгтэй Тавантолгойн төслийг Х.Баттулга, Л.Эрдэнчимэг хоёр хэвлэлийнхэнд танилцуулсан. Та энэ төслийг олж харсан байх. Энэ төслийг хүрээнд тавьж байгаа  шаардлагууд зөв үү. Танай намын гишүүд энэ төслийг хэр дэмжиж байгаа вэ?

-Зөв.  Манай намын мөрийн хөтөлбөрт стратегийн ордын 51 хувь нь төрийн эзэмшилд байх  ёстой гэж тусгагдсан. Дээр нь Монголын гурван сая иргэн бүрийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааг үнэтэй цэнэтэй болгох ёстой, хамгаалах ёстой гэж Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт орсон. Түүнийг дэмжиж 40 гишүүн гарын үсэг зурсан байна лээ.  

-Энэ төслийг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөх боломжгүй юм биш үү. Монголын төртэй хамтарч бизнес эрхлэхэд хэцүү, нэг өглөө босоход л нэг өөр шийдвэр гаргадаг гээд хөрөнгө оруулагчид шүүмжилдэг шүү дээ. Тэгээд ч Монгол Улс төмөр замынхаа 51 хувийг эзэмшлээ гэхэд түүнтэй дүйцэх мөнгө хаанаас олох юм бэ?

-Хятадын талаас “Монголчууд та нар хоорондоо учраа олчих оо, бид нар хамтарч ажиллахад бэлэн байна” гэж байгаа шүү дээ.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол Ардчилсан намын засгийн газар. Ардчилсан намын Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргана, долларын ханшийг тогтворжуулна гэсэн. Яагаад эдийн засаг улам хямраад, долларын ханш тогтворжихгүй байна вэ. Ардын намынхан бол Ардчилсан нам 17 хувийн өндөр өсөлттэй эдийн засгийг гурван хувь болгож унагалаа гээд шүүмжлэлтэй хандаж байгаа шүү дээ?

-Эдийн засгийн буруутанг хайна гэвэл эдийн засгийнхаа боломжоос давж амалж, иргэн бүрт нэг сая төгрөг тарааснаас асуудал эхэлж яригдана. Дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ уналаа. Үүнийг ямар мундаг мэргэн бөөдий, эдийн засагч, Ерөнхий сайд байлаа ч өөрчилж чадахгүй. Манай эдийн засгийн 70 хувь нь эрдэс баялгаас шууд хараат ийм үед үнэ ханш уначихлаа. Өмнөх Засгийн газар сайн ажиллаад эдийн засгийг 17 хувиар өсгөчихсөн юм шиг иргэдэд ойлгуулах нь иргэний боловсролд хортой нүгэл юм шүү. Бодит үнэнийг иргэддээ ойлгуулж иргэдээ эдийн засгийн наад захын боловсролтой болгож төлөвшүүлэх нь улс орны хөгжлийг тэтгэнэ. Том эрх ашиг дээрээ улс төрөө хойш нь тавьж улс орноо хөгжүүлэх тал дээр иргэддээ зөв мэдээлэл өгч хамтран ажиллая.

-Ардчилсан намын үед “Чингис”, “Самурай” гээд олон тэрбум долларын өр тавьсан. Гадаад өрийн хэмжээ 21 тэрбум долларт хүрлээ. Ардын намын үед арай ч ийм байгаагүй гэж сөрөг хүчнийхэн ярьж байна?

-Ардын намынхан нэг тэрбум долларыг сонгуулийн шоу болгоод тараачихсан. Ардчилсан нам 1,5 сая доллараар их бүтээн байгуулалт хийлээ. “Чингис бонд” үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, орон сууц, засмал зам, эрчим хүч болж хувирсан. Өмнө нь МАН-ын үед 17 хувийн эдийн засгийн их өсөлтийг яагаад их бүтээн байгуулалт болгож болоогүй юм бэ? Үзье гэхнээ үнс ч алга байна шүү дээ. Энэ мэтээр шүүмжилж болно шүү дээ. Улс төрийн намууд бие, биеэ хангалттай шүүмжиллээ. Одоо эрүүлээр өрсөлдье л дөө. Өмнөхөө мартъя, урагшаа харъя. Сүүлийн үеийн статистик мэдээг харахад импортын хэмжээ буурч, экспортын хэмжээ өссөн байна. Энэ бол Ардчилсан намын зорьж байгаа том бодлогын эхлэл.

-“Чингис бонд”-ын санхүүжилтээр хичнээн аймгийг авто замаар холбосон юм бэ?

-Долоон аймгийг авто замаар холбосон. Холбоогүй мөртлөө дундаа 100, 200 км авто зам тавьсан газар байгаа. Говь-Алтай, Увсын Завхан, Дорнод гээд.

-Ардчилсан нам өнгөрсөн зун, намаржингаа л бүсийн уулзалт зохион байгуулсан. Ард түмний хандлага ямар байна?

-Янз бүр байсан. Тайлангаа тавихаар АН-ын хийсэн ажлыг сайн хүлээж авч байна. Бид хийсэн ажлаа муу суртачилдаг юм байна лээ.

-Н.Алтанхуягийн засгийг огцруулаад яг нэг жил болж байна. Гэтэл түүнийг “Чингис бонд”-той холбож засгийг нь унагасан байх аа. Одоо бүгдээрээ “ам хуурайгүй” магтдаг болж?

-“Чингис бонд”-оос болж Н.Алтанхуягийг огцруулаагүй л дээ. Шалтгаан нь өөр байсан байх. Орчин үед хамтран ажиллах, харилцан итгэлцэх, хүн чанар, ноён нуруутай байх нь цэвэр улс төрөөс  дээгүүр тавигдах цаг ирж байна. Өөр хэлэх юм алга. 

-Монгол ардын намынхан өнгөрсөн долоо хоногт таван өдөр чуулж, “ТУГ” бодлогоо зарлалаа. Харин Ардчилсан намын бодлого хаана байна гэсэн асуулт яваад байна л даа. Тиймээс танаас хариулт авмаар байна?

-Намууд чуулаад л, чуулаад л. Бид нэг эх оронтой. Эх орноо хөгжүүлэхэд өөрийгөө зольж чадах, дотор хүн нь  гэгээрсэн, юм үзэж  нүд тайлсан, нүдний хор нь гарсан  монгол хүн л олон байгаасай. Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөртэй сонгуульд орсон. Энэ хөтөлбөр нэг сонгуульд зориулсан биш эрдэм боловсролтой, эрүүл, ажилтай, орлоготой олон монгол хүнд зориулсан хөтөлбөр. Ардчилсан намд хөтөлбөрөө өөрчлөх шаардлага байхгүй.

-Танай намын үед батлагдсан нэг чухал хууль бол Шилэн дансны хууль. Гэхдээ энэ хуулийг ашиглаад сөрөг хүчнийхэн та нарыг нэлээд “баалж” байна шүү дээ?

-Шилэн дансны хууль Монголын төрийг эрүүлжүүлэх маш сайн хууль болсон. Өмнө нь ямар байсныг гаргаад ирэх юм бол ард түмний нүд орой дээрээ гарах байх. Ардчилсан нам төрийн мөнгөний зарцуулалтыг хууль гаргаж  ил болгож чадсан, өөр юу хэлэх вэ дээ.   

-Гэр хороололын дахин төлөвлөлтийн талаар таны бодол?

-Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан МАН-ын нэг нөхөр “Гэр хорооллын дахин төлөвлөлт нь газрын наймааны шинжтэй болж далд эдийн засгийг цэцэглүүлж байнаа” гэж ярьж байна лээ. Өмнө нь дарга нарын авлигаар зардаг байсан газрыг иргэн өөрөө  мэдэж арилжих болсон нь таалагдахгүй байгааг ойлгохгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол эсгий гэрүүдээ орчин үеийн орон сууцны хороолол болгоно гэсэн үг шүү дээ. Ардчилсан нам Бат-Үүлд, Д.Баттулгад баярлалаа л гэж хэлье.

-МАН-ынхан бол Э.Бат-Үүлийг огцруулъя гэсэн хүмүүс байна?

-Нийслэлчүүд Э.Бат-Үүлийн нийслэл хот яаж өнгөө өөрчилснийг мэдэж байгаа. Түүнийг огцруулах нь мөрөөдөл гэж хэлье Э.Бат-Үүл, Д.Баттулгаар удирдуулсан баг сайн ажилласан учраас нийслэлчүүд  огцруулахыг зөвшөөрөхгүй биз.

-Ирэх оны төсвийг  УИХ-аар ид хэлэлцэж байна. Улсын төсөв дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ. Төрийн албыг цомхотгох нь зөв үү?

-Эдийн засаг хямралтай байгаа үед олон хүнийг ажлаас нь цомхотгоод, цалинг бууруулах нь дэмий байх аа. Энэ асуудлаар  манай нам бүлэгтэйгээ ярилцсан.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна