Халх голын 30 мянган га-г сумын удирдлагууд худалдсан уу?

2015 оны 11 сарын 5

Дорнод аймгийн Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Насанхүү нарын гурван хүн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, тус сумын газрыг хууль бусаар тушаал гаргаж, бусдад ашиглуулсан тухай Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа мэдэгдэв. Тухайлбал, 2009 онд тус сумын 25 мянга 966 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай "Хансолмо" компанид мал аж ахуй, тэжээлийн таримал тарих зориулалттайгаар ашиглах зөвшөөрлийг өгчээ. Харин 2015 онд Хятадын хөрөнгө оруулалттай “Соёмбо буудай” компанид 1621 га талбайг “Үйзэн тал” компанид эхлээд долоон мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлжээ. “Соёмбо буудай” компанийн 95 хувийг БНХАУ-ын хоёр иргэн эзэмшдэг аж. Энэ мэтчилэн нутгийн удирдлагын хууль бус үйлдлийг Халх гол суманд ажиллах үедээ Хүнс, хөдөө аж ахуйн сайд олж, баримтжуулан авчээ. Иймээс хуулийн дагуу Авилгатай тэмцэх газарт хандаж, дээрх хууль бус үйлдлийг Р.Бурмаа сайд шалгуулахаар болжээ.

25 мянга 966 га-г ашиглах зөвшөөрөл олгосон нь үнэн

Харин энэ мэдээллийг Засгийн газрын Халх гол чөлөөт бүс барих төслийг эсэргүүцэж буй иргэдийн өмгөөлөгч Г.Батбаяр үгүйсгэв. Тэрбээр  2009 онд БНСУ-ын компанид Халх гол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Насанхүү 25 мянга 966 га газрыг газар тариалангийн зориулалттай ашиглахыг зөвшөөрсөн. Гэхдээ гаргасан шийдвэр нь эрх мэдлээс нь хэтэрсэн байсан тул тухайн оныхоо арваннэгдүгээр сард 37-р тогтоол гарган газар ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгосон гэлээ. Р.Бурмаа сайд "том тоог жижиг тоогоор сольж мартагнуулах шаардлагагүй" гэсэн тайлбарыг Г.Батбаяр өмгөөлөгч хийлээ. Мөн баримтгүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг гарган тавьж, нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр Р.Бурмаа сайдыг шүүхэд өгнө гэж Халх голын сумын Засаг дарга В.Мөнхтайван мэдэгдсэн байна.  

Хятадын компани Халх голд аялал жуулчлалын баазтай

Хуулиараа гадаадын аж ахуйн нэгж, компанид газар ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрлийг УИХ өгдөг. Харин газар хагалах эрхийг Засгийн газар олгодог. 2010 онд Засгийн газраас дээрх хууль, журмын хүрээнд Халх голд тариалалт хийх зориулалтаар газар хагалах зөвшөөрлийг өгсөн. Гэтэл дээрх зөвшөөрөл гарахаас нэг жилийн өмнө Халх гол сумын нэр бүхий дарга нар 2009 онд газар тариалангийн зориулалтаар гадны хөрөнгө оруулалтай компани, иргэнд газар эзэмших эрх өгсөн. Энэ тухай мэдээлэл БНСУ-ын мэдээллийн сайтад ч "Бид Монголоос газар худалдан авав" гэж нийтлэгдсэн байсан тухай эх сурвалж ярив. Мөн Халх голын удирдлага сумынхаа хил орчимд БНХАУ-ын компанид жуулчлалын чиглэлээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгч, гэр  баазыг байгуулан, үйл ажиллагаа явуулж буй баримт Р.Бурмаа сайдад байна. Хуулиараа тус зөвшөөрлийг өгөх эрх зөвхөн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд байдаг аж.

Нотлогдоогүй баримтаар иргэдийн толгойг угаах ёсгүй

Өөр нэгэн баримт. Халх гол сумын Засаг дарга В.Мөнхтайван Улаанбаатар хотын компани, иргэдэд нутгийн малчдын хадлан бэлтгэдэг талбайг 15 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрлийг энэ онд өгчээ. Энэ нь уг талбай байгаа Ялалт багийн эрхэнд халдсан үйлдэл гэж Р.Бурмаа сайд үзэж байна. Малчид өвс тэжээлээ хаана, ямар хэмжээтэй талбайгаас хадах вэ гэдгээ сумын ИТХ-раа хэлэлцэж шийддэг. Дараа нь сумын Засаг дарга иргэдийн шийдвэрт үндэслэн хадлан бэлтгэх газар ашиглах зөвшөөрлийг гаргах эрх, үүрэгтэй юм. Цааш нь илүү гүнзгий шалгавал Халх голын удирдлагуудын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчсөн олон хэрэг хөврөх шинжтэй байна. Гэсэн ч тэдний өмгөөлөгч Г.Батбаяр  нотлогдоогүй баримтаар иргэдийн толгойг угаах шаардлагагүй, "хууль бус үйлдлийг зөвхөн шүүх тогтоох эрхтэй" гэв.

Р.Бурмаа сайд Г.Батбаярыг шүүхэд өгчээ

УИХ-ын 75 дугаар тогтоол өнгөрсөн долдугаар сард УИХ-аар батлагдсан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг ХХААЯ, Аж үйлдвэрийн яам, Хууль зүйн яаманд олгосон. Гэвч зарим иргэний зүгээс олон нийтэд сөрөг мэдээлэл тараах үүднээс ХХАА-н сайд Р.Бурмаагийн нэр хүндэд халдсан байна. Тодруулбал, өмгөөлөгч Г.Батбаяр нь өнгөрсөн есдүгээр сарын 02-ны өдөр "Ийгл" телевизийн “Иргэний индэр” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Р.Бурмаа сайд эх орноо худалдах гэж байна” хэмээн ямар ч баримтгүйгээр мэдээлжээ. Тиймээс ХХАА-н сайд Р.Бурмаа нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд Г.Батбаяртай холбоотой нэхэмжлэл гаргасан байна. Ингэхдээ онц ноцтой гэмт хэрэг гэсэн үндэслэлээр шалгуулна гэж Р.Бурмаа сайд тайлбарлав. Харин Г.Батбаяр өмгөөлөгчийн тухайд шүүхийн нэхэмжлэлийг албан ёсоор хүлээж аваагүй. Р.Бурмаа сайд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд хандаж болно гэв.

Ийнхүү Дорнод аймгийн Халх гол сумын газар нутаг Халх голын чөлөөт бүстэй холбоотой маргаан өрнөсөөр байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна