Цагаан захтануудыг “агнаж” эхлэв

2015 оны 11 сарын 5

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн Баасан гаригт /2015.10.30/ Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчлан саатуулсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, 166 дугаар зүйл буюу  мөнгө угаасан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Баатархүү мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр орой Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан байна. Түүнийг авлига авсан хэмээн буруутгаж ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар цагдаа нар хээл, хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, тендерт шалгаруулсан компаниасаа авлига авч байх үед нь АТГ-ынхан гардсан гэсэн мэдээлэл байна. Түүний жолоочийг мөн хорьжээ. Шийдлийн Засгийн газрын “дан” дээлтэй хоёр сайдын нэг нь Г.Шийлэгдамба. Ийнхүү Ч.Сайханбилэгийн танхимын нэг сайд авлигын хэргээр баригдсан нь цагаан захтнуудыг “агнаж” эхлэв үү гэсэн “мессеж”-ийг  өгч эхэллээ.

Г.Шийлэгдамба нь 1971 онд Өвөрхангай аймагт төрсөн, одоо 44 настай. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хүн гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Тэрбээр 2007 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жилийн хугацаатай ажилласан. Түүнийг дархан цаазат Богд уул, Зайсанд хууль бус олон лиценз олгосон гэдэг яриа байдаг ч нотлогдоогүй. 2012 оны есдүгээр сард МАХН-ын генсек болж, Н.Удвалын ажлыг авсан. 2014 онд Ч.Сайханбилэгийн танхимын Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон.

Ийнхүү сүүлийн өдрүүдэд авлига, албан тушаалын хэргээр “цагаан захтанууд”-ыг  баривчилж эхэлсэн нь Өршөөлийн хуулийг батлагдахыг хуулийнхан хүлээж байв уу гэсэн хардлага төрүүлээд байгаа. Юутай ч улс төр, нийгэмд дуулиан тарьсан хоёр дахь баривчилгааг өчигдөр АТГ-аас явууллаа.

Эдийн засгийн гэмт хэргийг дотор нь "цагаан захтны", "цэнхэр захтны" гэмт хэрэг гэж хоёр ангилдаг. Цагаан захтаны гэмт хэргийг нийгмийн дээд зиндаанд хамаарах өндөр зэрэглэлийн албан тушаал, эрх мэдэл бүхий цагаан захтай цамц өмссөн хүмүүс үйлддэг бөгөөд энэ нэр томьёог анх 1939 онд АНУ-ын социологич Эдвин Сюдарланд гаргаж ирсэн байдаг аж. Харин эдийн засгийн гэмт хэргийн нөгөө хэсэг нь цэнхэр захтаны хэрэг буюу гудамжны гэмт хэргүүд юм.

Цагаан захтаны гэмт хэрэгт санхүүгийн залилан, татвараас зайлсхийх, авлига, хээл хахууль өгөх, авах, өмч хөрөнгө ашиглан шам­шигдуулах, компьютерийн гэмт хэрэг, зохиогчийн эрхийг хууль бусаар ашиглах, мөнгө угаах, таних тэмдэг болон логог хулгайлах, баримт бичиг хууль бусаар хуулбарлах, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны залилан, дотоод мэдээллийг худалдах, зах зээлийг төөрөгдүүлэх гэх зэрэг гэмт хэрэг хамаардаг. 

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна