ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганд үг хэлэв

2015 оны 11 сарын 5

Нэгдсэн Үндэстний Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага - ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Парис хотноо эхлэв. Энэ удаагийн чуулган нь ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаагаар өмнөх чуулгануудаас түүхэн онцлог ялгаатай.

Чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн 4-ний өдөр эхлэсэн Ерөнхий бодлогын санал шүүмжлэлд оролцож үг хэлэв. Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ ЮНЕСКО байгуулагдсанаас өнгөрсөн 70 жилийн үйл ажиллагаа болон Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэл өгч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн салбарт ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй бодлого, цаашдын чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын оролцоо, баримтлаж буй бодлогын талаар мэдээлэв.

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилэх бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын 2013-2015 оны үйл ажиллагааны тайлан илтгэл, тус байгууллагын 2015-2017 оны төсвийн төслийг хэлэлцэж батлана. Мөн ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл, Дэлхийн өвийн хороо болон бусад Засгийн газар хоорондын хороо, зөвлөл, товчооны сонгууль болно.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна