Т.Аюурсайхан: Нэр бүхий шүүгч нарыг шалгуулахаар боллоо

2015 оны 11 сарын 5

ШӨХТГ-ын дарга  Т.Аюурсайхан: 

-Банкны нэг хувийн шимтгэл нь хууль ёсных гэсэн шийдвэр Захиргааны хэргийн шүүхээс гарлаа. Өмнө нь хууль бус гэсэн шийдвэр гарч байсан. Яагаад ийм зөрүүтэй шийдвэр гарав аа? 

Өнгөрсөн 10 сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болголоо. Өмнөх хоёр шатны шүүхээр нэг хувийн шимтгэл нь хууль бус гэсэн ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч банкуудын эсэргүүцэж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг Дээд шүүхээс эргүүлээд анхан шат руу дахиад шилжүүлсэн. Яг ижил шатны шүүхээс ижилхэн хэрэг дээр хоёр өөр шийдвэр гарч байгааг та бид бүгдээрээ харж байна. Иймд энэ шийдвэрийг нэг талыг барихгүйгээр ашиг сонирхлын зөрчилгүйгээр шударгаар шийдсэн үү гэдэг дээр эргэлзээ гарч олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхөд хүрлээ.

-Шүүх хурал дээр нэг хувийн шимтгэлийн улмаас хохирсон хүмүүс байгаа юм уу гэж асууж байсан гэсэн. Үүн дээр таны байр суурийг асууя?

Харин би наад дээр чинь хариулт өгье гэж бодож байсан юм. Шүүх хурал дээр нэг хувийн гэгдээд байгаа шимтгэл нь өрсөлдөөнийг яаж хязгаарласан юм бэ, үүний улмаас хэн хохирсон юм бэ гэдгийг асуусан. Өнөөдөр банкнаас зээлгүй хүн байгаа юмуу гэж эргүүлээд асууя. Төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэд, тэтгэвэрийнхэн гээд бүгд банкнаас зээл авдаг. Энэ хүмүүсийг хохирсон байна аа гэдгийг манай улсын байцаагч нарын дүгнэлтээр тогтоосон. Шүүгчдийн өндөр цалингийн талаар хэвлэл мэдээллээр байнга мэдээлж байна. Тэдний өндөр цалинг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, бусад татварууд төлдөг төрийн албан хаагч, бизнес эрхлэгчид, өндөр настнууд, жирийн иргэд бүрдүүлдэг. Тэгвэл энэ хүмүүс бүгд хохироод байна.

-Одоо танай газраас ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна?

Өнгөрсөн зургаан сард болсон дээд шүүхийн хуралдаанд сэтгүүлчид оролцох бололцоог хангаж өгсөнөөр та бүхэн үнэн мөнийг өөрсдийн нүдээр харсан. Дээд шатны хуралдааны даргалагч нь өмнө нь Худалдаа хөгжлийн банкны хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан хүн гэдгийг бид олж мэдсэн учраас солихыг шаардсан юм. Энэ хүнийг солингуут ХХБ-аас дээд шүүхийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсаныг сэтгүүлчид та бүхэн харсан. Тэгээд тус шатны хурал хойшлоод дараа нь анхан шат руу буцаасан. Гэтэл саяын анхан шатны шүүхээс өмнөх шийдвэрээс өөр шийдвэр гарлаа. Тиймээс ШӨХТГ-аас Авлигатай тэмцэх газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү нэр бүхий шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохыг хүсэж албан тоот явуулж байна. Өөрөөр хэлбэл тус шүүгчид нэр бүхий банкнуудаас зээлтэй эсэх, зээлтэй бол хөнгөлөлттэй нөхцөл болон барьцаа хөрөнгөөр авсан эсэх, бусдад тавьдаг нөхцөлөөс илүү хөнгөлөлттэй байгаа эсэх, зээлээ төлж байна уу үгүй гэдгийг шалгуулахаар болоод байна. Яагаад гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид 24,5 тэрбумын зээлтэй байна, Монгол улсын 485 шүүгчийн 430 нь 1-3 төрлийн зээлтэй, хамгийн ихдээ 200-гаас дээш сая төгрөгийн зээлтэй шүүгч байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тус байгууллагаас хараат бус шүүгчдийн тухай бус өр зээлдээ баригдсан шүүгч нарынхаа тухай толгойгоо гашилгадаг боллоо гэж мэдээлэл өгч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иймд нэр бүхий шүүгчийн өр зээлийн харилцааг тодруулахгүйгээр банкуудтай холбоотой энэ хэрэг хараат бусаар шийдэгдсэн гэж үзэхгүй байгаа учраас шалгуулахаар болоод байгаа юм.

-Танай газрыг банкуудыг шалгах эрхгүй гэсэн байсан. Үнэхээр шалгах эрх байдаггүй юм уу?

Банкны холбооноос өнөөдрийг болтол нэг хувийн шимтгэлтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагаас хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гаргаж байна. Мөн Монгол улсын Ерөнхий сайдад ШӨХТГ хууль бусаар банкуудыг шалгаж, үүнийг зогсоож өгнө үү гэсэн албан тоотыг илгээсэн байна. Хамгийн гол нь Монгол банк банкуудын үйл ажиллагаан дээр хяналт тавих чиг үүрэгтэй байтал төрийн байгууллагаас банкнуудын үйл ажиллагаа доголдтой, Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөнийг илрүүлээд байхад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Ерөнхий сайд болон Шадар сайдад ШӨХТГ нь банкуудыг хууль бусаар шалгаад байна, зохих арга хэмжээг авч өгнө үү гэж албан ёсоор хүссэн байх юм. ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу шалгах эрхтэй. Шалгах эрхтэй гэдгийг 2012.02.20-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тодорхой тэмдэглэсэн байдаг. Уг тэмдэглэлд ШӨХТГ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон тохиолдолд арга хэмжээ авах, захиргааны хариуцлага ногдуулах эрх хэмжээтэй байна гэж шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг нь баталгаажуулж 2015.03.11-ны Захиргааны хэргийн шүүхээс дахин ижил шийдвэр гарсан. Тиймээс манай байгууллага иргэд хэрэглэгчид, аж ахуй хэрэглэгчдийн төлөө хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа явуулж байгаа. Манай байгууллагад банкууд хэрэглэгчдээс өндөр хураамж, шимтгэл, төлбөр авч байна гэсэн гомдол байнга ирүүлдэг. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд өнөөдрийн хямралтай байгаа нөхцөлд өндөр байшингаа нураагаад илүү өндөр цамхаг барьдаг газар банкнаас өөр алга. Банкууд иргэд хэрэглэгчдээ бодох цаг болсон гэдгийг хэлмээр байна.

-Тэгвэл танайх дахиад давж заалдана гэж ойлгож болох нь ээ?

Давж заалдана. Манайх 9 банктай хүч тэнцвэргүй тэмцэл өрнүүлж байна. Банкууд бүгд хуулийн багтай байхаас гадна өмгөөлөгчдийг хөлслөн авсан байна. Иймд Монгол улсад шилдэг гэж үнэлэгддэг өмгөөлөгчид болон хуульчид иргэд хэрэглэгчдийн төлөө манай байгууллагатай хамтран ажиллаач гэж урьж байна.

-Та бүхний ажилд амжилт хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна