Ослын өөр таамаг: тэсрэх бөмбөг байсан уу?

2015 оны 11 сарын 5

 

Синайн хойгт осолдсон Оросын “Airbus 321” онгоцны ослын шалтгаан бүрэн тодорхой болоогүй байна. Тэгвэл АНУ, Их Британийн тагнуулынхан ослын шалтгаан  тэсрэх бөмбөг байж магадгүй хэмээн мэдээлжээ. Санкт-Петербург хүрэх Оросын 224 хүнтэй онгоц өнгөрсөн ням гаригт Шарм эль-Шейхээс хөөрснөөс 23 минутын дараа холбоо тасарч сүйрсэн юм.

 

Их Британийн гадаад хэргийн сайд Филип Хаммонд сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Нисэх онгоцонд байсан дэлбэрэх төхөөрөмж ослын шалтгаан байх магадлалыг авч үзэж байна” хэмээжээ. Мөн АНУ-ын цэргийн хиймэл дагуулууд осол болох үеэр Синайн хойгт өндөр хэмжээний халуун илрүүлсэн хэмээн хэвлэлүүдэд мэдээлж байна. Хиймэл дагуулын мэдээллээс харван өндөр хэмжээний халуун тэсрэх бөмбөг, шатахууны сав, эсвэл хөдөлгүүр дэлбэрснээс үүсэн байх магадлалтай гэнэ. Гэхдээ энэ таамаг хараахан нотлогдоогүй байна. Египетийн албаныхан онгоцыг “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид сөнөөсөн гэх таамгийг эрс няцааж байгаа юм. Харин Оросын мэргэжилтнүүд хоёр хар хайрцагны мэдээллийг бүрэн тайлж унштал дүгнэлт хийх нь эрт байна гэж үзжээ.

 

“Airbus 321” онгоцны хоёр хар хайрцагны нэг нисгэгчийн бүхээгийн дуу хураагуур маш их гэмтсэн байгаа аж. Тиймээс олон улсын мэргэжилтнүүд нислэгийн мэдээлэл хадгалагч хар хайрцагт гол анхаарлаа хандуулжээ. Онгоцны хоёр хар хайрцагны мэдээллийг тайлж уншихаар Египет, ОХУ-ын шинжээчид, “Airbus” компанийн Франц, Герман мэргэжилтнүүд, Ирландын  төлөөлөгчдийн хамт ажиллаж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна