Буудлагын Азийн АШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ

2015 оны 11 сарын 5

Кувейт улсад 13 дахь удаагийн буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд 32 улсын 1500 тамирчин оролцож байгаагаас Монголын баг залуучууд, насанд хүрэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй Кувейтийг зорьсон.

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн  25м-н спорт гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Гантуул нар багаараа хүрэл медаль авлаа. Энэ дасгалд БНСУ, БНХАУ-ын багууд алт, мөнгөн медалийг хүртжээ.

Мөн энэ өдөр Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг залуучуудын баг авчээ. Залуучуудын хэвтээ 60 сум буудах дасгалд Т.Золжаргал.О.Есүгэн, Э.Энхмаа нар медалийн тавцанд зогслоо.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний онцлог нь олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн байсан. Гэвч зохион байгуулагч Кувейт улсаас тэмцээнийг удирдахаар томилогдсон Израилийн иргэн Яир Давидовичид виз олгохоос татгалзсан юм. Үүнээс улбаалан олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Кувейтэд болж буй тэмцээнээс олимпийн эрх олгохгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Тэд Кувейтийн үндэсний олимпийн хороо улс төрийн нөлөөнд автаж, олимпийн хартыг зөрчсөн гэх үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлажээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна