Өмнөд Суданд тээврийн орос онгоц унажээ

2015 оны 11 сарын 5

 

ЗХУ-ын үеийн насжилттай “Антонов-12” тээврийн онгоц өчигдөр /XI.4/ Өмнөд Суданы нийслэл Жуба хотын нисэх буудлаас хөөрснийхөө дараа унаж сүйрчээ. CNN агентлагт мэдээлснээр тээврийн онгоцонд нийт 18 хүн зорчиж явсны 12 нь суданчууд, нисэх багийн зургаан хүний тав нь америк, нэг нь оросын иргэн байсан гэнэ. Ослын улмаас 15 хүн амь үрэгдэж, гурван хүн амьд гарсны нэг нь ой хүрээгүй хүү аж. Харин ВВС сайтад 36 хүн амь үрэгдэж, хоёр хүн амьд үлдсэн хэмээжээ.

 

Өмнөд Судан дахь Улаан загалмайн нийгэмлэгээс “Facebook” хуудсандаа ослын газраас 35 гаруй цогцосны үлдэгдлийг цуглуулсан хэмээжээ. Тээврийн хуучин орос онгоцны ослын шалтгаан хөдөлгүүрийн доголдлоос болсон хэмээн Өмнөд Суданы албаныхан мэдээлэв. Онгоц Цагаан Нил мөрний сав газарт унасан байна. Өмнөд Суданы тээврийн онгоц хойд хэсгийн газрын тосны ордуудтай Палойч хот хүрэхээр ниссэн аж.

 

Тажикистанд бүртгэлтэй “Антонов-12” онгоцыг Украинд үйлдвэрлэсэн байжээ. Тус онгоцыг Өмнөд Суданд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зорилгоор ашиглаж байжээ. “Антонов-12” онгоц анхны нислэгээ 1971 онд хийсэн гэдгийг Агаарын аюулгүй байдлын сүлжээний вэб хуудсанд мэдээлжээ.

 

Өмнөд Судан нь 2011 онд Суданаас тусгаар тогтносон дэлхийн хамгийн шинэ улс юм.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN, ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна