Баавар өршөөлөөр суллагдана

2015 оны 11 сарын 5

Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Манлайжаргал, Ш.Батбаяр буюу Баавар, М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцэв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Манлайжаргалд нэг жил зургаан сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас хоёр жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид гурван жил зургаан сараар тогтоож, М.Бадрахад гурван сар нэг хоногийн баривчлах ял шийтгэжээ.

Харин Ш.Батбаярт төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сар хорих ял оноосон. Нийслэлийн шүүхээс дээрх этгээдүүдэд оноосон ялыг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл Дээд шүүхээс өршөөлийн хуультай холбогдуулан Ш.Батбаярт оноосон ялыг өршөөлд хамруулж, нэн даруй суллахаар шийдвэрлэжээ. Харин Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан нэг жил зургаан сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна