Хоёр цаг ирц бүрдэхийг хүлээв

2015 оны 11 сарын 5

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 08.30 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр товлосон цагаасаа 2.00 цагаар хоцорч буюу 10.35 цагийн орчимд эхэллээ.

Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. Өчигдөр энэ асуудлыг дээрх байнгын хороогоор үдээс өмнө хэлэлцэж эхлэхэд хоёр ч зарчмын зөрүүтэй саналын томъёолол олонхи гишүүний дэмжлэг авч чадалгүй унасан. Үүнээс болж, маргаан гарч гишүүд картаа сугалснаар хуралдах боломжгүй болсон юм. Улмаар байнгын хороог үдээс хойш 14.00 цагт дахин зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс өнөөдөр үдээс өмнө зарласан ч бүтэн 2 цагаар хойшилсны эцэст сая ирц хуульд заасан 50 хувьд хүрлээ.

Ирц бүрдэхгүй байхад МАХН-ын гишүүдийн ирц нөлөөлж байна. Тус байнгын хороонд МАХН-аас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар харьяалагддаг ч ирээгүй юм. Хуульд зааснаар УИХ ирэх оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Хугацааны хувьд төсвийн хуулийн төслийн хэлэлцүүлэг давчуу хугацаанд хэлэлцэгдэх болж буй. Гэтэл гишүүд хуралдаа цагтаа ирэхгүйгээс 2016 оны төсвийн хуулийг багцалж, УИХ-д оруулах ёстой байнгын хорооны хуралдаан нь сунжрах болж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хороо нь өчигдөр бүхий л байнгын хороодоос ирүүлсэн 2016 оны төсвийн хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийн саналыг багцалж, чуулган руу оруулах ёстой ч УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өчигдөр хойшлогдсоноос болж, эл асуудлыг хэлэлцэж, багцалж чадаагүй. Тиймээс өнөөдөр хуралдахаар болоод буй.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна