“Нинжа нарыг уулнаас буулгах ажлыг 28 удаа явуулсан”

2015 оны 11 сарын 5

Энэ сарын 1-2-нд шилжих шөнө Ноён ууланд хууль бусаар алт олборлож байсан иргэд нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Одоогоор сэжигтнийг илрүүлэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Ноён ууланд хууль бусаар алт олборлогчдыг бүгдийг албадан буулгасан хэмээн мэдээлсэн. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундах цагдаагийн хэлтсийн дарга Ц.Ганболдоос тодруулсан юм. 


-Сэжигтнийг эндээ шалгаж байгаа юу. Өөр тийшээ шилжүүлэх үү?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа энд болж байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгээд сэжигтнийг хорьсон.

-Ер нь хууль бусаар алт олборлогчдыг тараах үйл ажиллагааг хэдий хугацаанд зохион байгуулж байна вэ?

-Есдүгээр сарын гуравнаас энэ үйл ажиллагаа идэвхижсэн. Энэ хугацаанд цагдаагийн бие бүрэлдэхүүн хууль бусаар алт олборлогчдыг уулнаас буулгах ажлыг 28 удаа хийсэн. Давхардсан тоогоор 5000 гаруй хувиараа алт олборлогч, 2000 гаруй тээврийн хэрэгслийг тараасан. Өөрөөр хэлбэл, уулнаас буулгасан гэсэн үг. Мотор, цахилгаан өрөм зэргийг нь хурааж, сумын захиргаа, байгаль орчны газарт шилжүүлсэн. 200 орчим иргэнд захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Нийтдээ найман сая орчим төгрөгөөр торгосон.

-Хувиараа алт олборлогчид олноор цугларсан газарт хэрэг зөрчил их гарч байгаа талаар мэдээлж байгаа. Цагдаагийн хэлтэст иргэдээс энэ талын мэдээллийг хэр ирүүлдэг вэ?

-Есдүгээр сарын гуравнаас хойш гар аргаар алт олборлогчидтой холбоотой, хэрэг зөрчлийн 36 мэдээлэл ирсэн.

-Ноён ууланд хүн амины хэрэг гарсантай холбоотойгоор хууль бусаар алт олборлогчдыг албадан буулгасан мэдээлэл байна. Гэхдээ алт олборлогчид шөнийн цагаар хулгайгаар орох асуудал зогсоогүй гэж иргэд хэлж байна?

-Нинжа нар буусан. 2015 оны 11 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө хүн амины гэмт хэрэг гарсан учраас хамгаалалтын ажлыг эрчимжүүлсэн. Би саяхан хамгаалалтын хүмүүстэйгээ холбогдсон.Ноён ууланд хүн байхгүй. Манай таван албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

-Тэгвэл өчигдөр шөнийн /11 дүгээр сарын 3/ байдлаар хууль бусаар алт олборлогчид ууланд гарсан талаар мэдээлэл ирээгүй юу?

-Өчигдрийн хувьд /11 дүгээр сарын 3/ 10 орчим тээврийн хэрэгсэл уулыг тойрсон гэх мэдээллийг хамгаалалтад гарч байгаа алба хаагчдаас өгсөн. Гэхдээ уул руу очоогүй гэж мэдэгдсэн.

-Гар аргаар алт олборлогчид нэг дор олноор цуглардаг учраас түүнийг дагаад архидан согтуурах, дээрэм, хүчингийн хэрэг их гардаг гэх мэдээлэл бий. Танайд энэ талын мэдээлэл хэр ирдэг вэ?

-Манайд албан ёсоор мэдээлэгдэж бүртгэгдсэн нь гэвэл сүүлд гарсан хүн амины хэрэг л байна. Мөн тухайн орчинд амьдардаг иргэн нас барсан тохиолдол гарсан. Гэхдээ тэр нь гэмт хэрэгтэй холбоотой асуудал биш.

Зарим хэвлэлүүдээр олон хүний амь нас хохирсон гээд мэдээлэл гарсан. Хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй. “Бүрэн цэнгэл”, “Бороо гоулд”-ын хоёр хамгаалалтын алба тухайн бүсэд ажилладаг. Тэр хамгаалалтынхантай бид байнгын холбоотой, мэдээллийг дор бүр нь авдаг. Тиймээс мэдээлэл хааж нуусан, мэдээгүй орхигдуулсан зүйл байхгүй.

-Нэмэлт хүч гаргаж ажиллаад ч хүчрэхгүй байна гэсэн. Машин тэрэг, бензин тосноос эхлээд зардал, хүч их гарч байгаа байх?

-Хүн хүчний хувьд эндээ зохицуулаад болж байна. Шаардлагатай тохиолдолд аймгийн цагдаагийн газраас нэмэлт хүч авдаг.  Гол нь тээврийн хэрэгслээс эхлээд хангамжийн асуудал хүндрэлтэй байдаг.

-Тэгэхээр цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Цаашид авах арга хэмжээг төр засгаас л шийдэх байх. Тэр шийдвэрийг л бид хэрэгжүүлнэ. Цагдаагийн алба хаагчдын хувьд ууланд ганцхан манаанд гарах үүрэгтэй биш. Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс эхлээд олон үүрэг гүйцэтгэдэг.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна