Мэргэжлийн боловсролыг олон улсын жишигт хүргэнэ

2015 оны 11 сарын 5

Хөдөлмөрийн яам, “Оюутолгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй 2019 он хүртэл хамтарч ажиллахаар өнөөдөр санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч Эндрю Вүүдлий, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Монгол дахь суурин дахь төлөөлөгч Улрике Эбелинг нар гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартад нийцүүлэх, түншлэл, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх явдал бөгөөд энэ хүрээнд Дорнод, Дархан-Уул, Өмнөговь аймаг дахь Политехник коллежуудад түшиглэн тодорхой мэргэжлээр Чадамжийн төв байгуулах гэнэ. Тухайлбал, Дорнод аймаг дахь Политехник коллежид үйлдвэрлэлийн механик, хүнд машин механизмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон байгаль орчны хамгааллын чиглэлээр, Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехник коллежид цахилгаан, уулын ашиглалт, мехатроникийн чиглэлээр, Өмнөговь аймаг дахь Политехник коллежид гагнуур, үйлдвэрлэлийн механик, автомашины механик, хүнд машин механизмын операторын мэргэжлийн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх төв байгуулахад хамтран ажиллах аж.

Энэхүү санамж бичгийн талаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ: “Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх нь чухал. Тиймээс бид өнөөдөр Дорнод, Өмнөговь, Дархан хотод Политехник коллежуудад чадамжийн төв  байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төвийг байгуулснаар зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг бэлтгэн гаргаж байгаа анги танхимуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, дэмжлэг туслалцаа үзүүлэхээр санамж бичигт заасан. Энэ дамшрамд санамж бичиг байгуулсан “Оюутолгой” компани, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархал илэрхийлье” гэв.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна